Коронавирусийн хоёр дахь давлагаа дэлхий нийтийг айдаст автуулж, цар тахлын сүүдэр, нөлөө хэчнээн “том”-ыг улам бүр сануулах боллоо. Сар гаруйн өмнө “Халдварын эрсдэл багатай зарим орон хориг, хязгаарлалтаа сулруулан, бүс нутгийн хүрээнд аяллын коридор бий болгож, жуулчлалыг идэвхжүүлэх бодлого баримталж байна” хэмээн мэдээлсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт “Цар тахлаас үүдэлтэй хямрал 2022-2023 онд үргэлжилж болзошгүй. Аялал жуулчлалын салбарын алдагдал энэ онд нэг их наяд (эхний найман сарынх 730 тэрбум) ам.доллароос давах төлөвтэй” гэж мэдэгдэн, байдал бишидсэнийг зарлав. Ерөнхий сайд ч “2021 онд хил хаалттай хэвээр байна. Эртхэн ажил, амьдралаа бодоорой” хэмээн “зөвлөсөн”. Энэ мэдэгдэл улсын хилээс бүрэн хамааралтай аялал жуулчлалынханд тун эмзэг тусав. Одоо тэд энэ өвөл, түүний дараах хавар, зун, намрын чилийсэн урт өдрүүдийг яаж давах, хаалгаа барьж, ажилтнуудаа алдахгүйн тулд юу хийх вэ гэдэг хүндхэн сорилттой тулгарлаа.
Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн зун дотоодын жуулчлал “амь орсон”. Жуулчин гэхээр л гадаадынхан гэж ойлгодог өрөөсгөл хандлагыг өөрчилсөн. Зөвхөн тусгай хамгаалалттай газарт давхардсан тоогоор нэг сая гаруй иргэн аялсан гэсэн мэдээлэл буй. Хамгийн багаар тооцоход ийм дүн гарчээ. Үүнээс улбаалаад “Энэ оны хоёрдугаар хагаст буюу III, IV улиралд давхардсан тоогоор 500 мянган иргэн дотооддоо аялахад орон нутгийн эдийн засагт 200 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой” гэж “Feel Mongolia” агентлагийнхан тооцжээ. Энэ нь хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт биш ч идэвхтэй үйл ажиллагаатай, цөөн хэдэн компанид бодит дэмжлэг болно гэж мэргэжилтнүүд үзэж байв. Гэвч энэ өвөл монголчууд дотоодын жуулчлалаа тэтгэх хэмжээнд аялах, эсэх нь тун эргэлзээтэйг судлаачид хэлэв. Манай улсын аялал жуулчлал хэзээнээсээ улирлын хамааралтай, унтаа учир “Хил хаасан учраас иргэд дотооддоо аялахаас гарцаагүй” гэж дүгнэх нь өрөөсгөл аж.
Аялал жуулчлалын томоохон компаниудын төлөөллүүд МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан өнгөрсөн наймдугаар сард төрийн гурван өндөрлөгт хандсан. Тэд тэтгэлэг, зээл хүсэхээсээ илүүтэй аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, урт хугацааны бодлого, төлөвлөгөө нэхэж, цар тахлын үед болон түүний дараа ямар чиг шугамаар ажиллах талаар санал солилцохыг хүссэн. Түүнчлэн утаагүй үйлдвэрлэлийн салбарыг улирлын хамааралгүй болгох чиглэлд төр, засаг хэрхэн анхаарч байгаа, энэ өвлийг хэрхэн давах, компаниуд томоохон арга хэмжээ зохион байгуулахад төр ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжтойг асуужээ. Гэвч үүнд ямар нэг хариу өгөлгүй өдий хүрчээ.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрынхнаас энэ талаар лавлахад мэдээлэл өгөхөөс татгалзав. Харин Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Яамныхан “гоё” статистик, болж бүтэж байгаа мэт зүйл ярьдаг. Ямар ч шийдэл, бодлого алга. Аялал жуулчлалын компаниуд үнэхээр хэцүү нөхцөлд байна” гэв.
Энэ өвөл урьд жилүүдийнхээс өөр байх болов уу гэсэн хүлээлт, найдлага танд байна уу хэмээн түүнээс асуухад “Жуулчлалын компаниуд төр, засаг, харьяа яамныхаа шийдвэрийг хүлээж байгаа. Гэтэл тэдэнд бодлого, чиг, төлөвлөгөө алга. Бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх нэрийдлээр хэдэн талд болсон, болоогүй төсөл хэрэгжүүлээд байдаг. Үүндээ ядаж салбарын, хувийн хэвшлийнхнээ оролцуулж, дэмжих хэрэгтэй. Бодит байдалд тэдний оролцоо маш бага. Нэгэнт 2021 онд хилээ нээхгүй юм бол энэ салбарынхан ирэх хавар, зун ямар бодлого, чиглэлээр ажиллах ёстойг эртнээс тооцоолж, төлөвлөх хэрэгтэй. Одоогийн байдлаар хувийн хэвшлийнхэн өөрсдийн нөөц боломжид л тулгуурлан арга хэмжээ, тусгай аялал зохион байгуулсаар байна” гэв.
Аялал жуулчлалын компаниуд өвөл Бүргэдийн баяр, Мөсний баяр, Талын түмэн адуу зэрэг уламжлалт, цөөн хэдэн арга хэмжээнд гадаад, дотоодын жуулчин “нийлүүлж” амиа зогоож ирсэн. Өдгөө цаг үе хүндхэн буй ч энэ салбарынхан эрвийх дэрвийхээрээ зүтгэж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ баяжуулсаар байна. 2020 оны хавар нээсэн joinme.mn сайт аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр “хахжээ”. Цаст Алтайн бүргэдээр ан хийх, Хүйсийн найман нуурт чаргаар гулгах, Алтай Таван богдыг агаараас тольдох, Улаан цутгалангийн мөсөнд авирах, Баян-Өлгийн нутаг болон Хөвсгөлийн тайгын өвөлтэй танилцах зэрэг “хүйтний”, шинэ аяллын чиглэлийг компаниуд дотоодын жуулчдад хөнгөлөлттэй үнээр, лизингийн нөхцөлөөр санал болгож байгаа ч эрэлт бага буйг салбарынхан хэлэв.
Манайдаа томоохонд тооцогдох нэгэн компанийн захирлаас ирэх өвөл жуулчдад ямар үйлчилгээ санал болгох төлөвлөгөөтэйг нь асуухад “Тур операторууд монголчууд, ялангуяа гадаад руу аялдаг хүмүүсийн урсгалыг эргүүлэхийн тулд тусгай хөтөлбөр зохиож, санал болгож эхэллээ. Компани болгон тусгай чиглэл гаргасан. Нэгэнт энэ зах зээл рүү олонх нь хошуурсан учраас бид арай өөр зүйл хийхийг зорьж, судалж байна. Хүмүүс тэр бүр очдоггүй, онгон дагшин, үзэсгэлэнт газруудыг зайнаас харах, ажиглах агаарын аяллыг нэвтрүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Жуулчдын чухалчилдаг зүйл нь аяллын төлбөр. Хамгийн боломжит үнийг санал болгохоор зорьж байна. Шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа нь сайшаалтай юм шиг боловч одоогийн нөхцөлд эрсдэлтэй алхам” гэж ярив. Харин Тэрэлжид тусгай сонирхлын буюу мөсөнд авирах, нохой чаргатай аялал зохион байгуулдаг “Монголиан экстрим тур”-ын менежер Ө.Мэндхүү “Манай компани өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Энэ өвөл ажиллахгүй. Анх Тэрэлжид өвөл ажиллагаатай хэдхэн жуулчны бааз, аяллын компани байсан. Харин сүүлийн жилүүдэд ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч эрс олширсон. Зах зээл нь хумигдмал, дээрээс нь хэт олон компанитай нөхцөлд аялал жуулчлалаас ашиг олох боломж хомс. Төр үнэхээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл ижил хөтөлбөр, үйлчилгээтэй компаниудыг цэгцэлж, хяналт тавих хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Орон нутгийнхан хувийн хэвшилтэй хамтран уламжлалт болон шинэ арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар буй. Нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан Монголын шувуулахуйн холбоотой хамтран “Хуралдайн наадам-шонхрын баяр”-ыг өнгөрсөн сард “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулав. Адууны соёлыг сурталчлах зорилготой “Агтан хүрээт” уралдаан өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар аймгийн Шилийн богдод болов. Хоёр дахь удаагаа болсон эдгээр арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс сүргүй, цөөн хүнтэй байсныг оролцсон иргэд хэлсэн юм. Тэдний нэг нь “Эртнээс төлөвлөж, зорьж “Агтан хүрээт”-д очлоо. Сэтгэлд хүрсэнгүй. Олон улсын хэмжээний үйл ажиллагаа болно гэж зар түгээсэн ч хэдхэн адуучин ирлээ. Цөөн хүн очсон болоод ч тэр үү, зохион байгуулалт маш муу байсан. Дахиж тийшээ зүглэхгүй” гэж сэтгэгдлээ илэрхийлэв. Компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг хичээж байгаа ч иргэд нөгөө талд нь шаардлага тавьж, энэ мэтээр шүүмжлэх өнгө аяс ажиглагдах боллоо. Ойрын өдрүүдэд “Хархорум” мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Тайга нохойн уралдаан”-ыг зохион байгуулахаар ажиллаж буй хүмүүс ч үүнд анхаарахад гэмгүй биз ээ.