, өнгөрсөн баасан гарагт “алдаагаа” засав. УИХ-ын тухай хуулийн 38.2 буюу “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэх заалтад тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт уг хуульд өөрчлөлт оруулан баталсан хэрэг. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг 12 заалтаар тодорхой тусгасан бөгөөд хууль санаачлах эрхийг нь ийм явцуу хүрээгээр хязгаарлалаа гэж Төрийн тэргүүн хориг тавьсан юм. Харин сая УИХ-ын тухай хуулийн 38.2-ыг “Ерөнхийлөгч энэ хуулийн 38.1, 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль санаачилна. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн 33.4-ийг баримтална” болголоо. Энд юу өөрчлөгдөв.
...Ерөнхийлөгч Шүүхийн багц хуулийн төсөл санаачилж болох ч түүндээ Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхээ шигтгэж, түүнийг нь УИХ баталж орхивол яах вэ. Шүүхийн тухай хоёр ч хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд ирээд буй бөгөөд эдгээрийн аль алинд нь Үндсэн хуулиар олгогдоогүй өнөөх эрхүүдийн зарим нь тууж явааг хуульчид хэдийн шүүмжлээд эхэлсэн...
Ер нь бол Ерөнхийлөгчийн эрхийг тодорхой хүрээнд хязгаарлах нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг шалтгаан байсан. Ингэхдээ Үндсэн хуульд 26.1 буюу “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэх заалт оруулж, эдгээр болон бусад нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын тухай хуулиа шинэчилсэн юм. Шинэчилсэн заалтуудын нэг нь эхэнд дурдсан 38.2 байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хэн ч бай их хэмжээний санхүүжилт шаардсан хууль санаачлахыг нь үүгээр хориглосон юм. Ингэж өөрт нь Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэд нь захируулахаас гадна УИХ-ын тухай хуулийн 38.3-т “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” хэмээн хуульчилснаар олон зүйл тодорхой болсон билээ. Энэ нь Ерөнхийлөгч гэлтгүй УИХ-ын гишүүд төсөв, мөнгөтэй холбоотой асуудалд хэт орооцолддог байдлыг цэгцлэх хөшүүрэг гэж хэлж болно.
Жишээ нь, өнөөгийн Төрийн тэргүүн Х.Баттулга гэхэд л 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай тогтоолын төсөл санаачлан, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн удаатай. Тухайн үед өрхийн амьжиргааны түвшнээс шалтгаалан нийт хүүхдийн 60 хувьд мөнгийг нь олгож байлаа. Мөн тэрбээр Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 онд хоёр ч удаа өргөн барьсан юм. Төрийн тэргүүний зүгээс уг хуульд “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэх заалт л нэмэхийг хүссэн. Улмаар
Төвбанкны тухай хуульд “... хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх...” гэсэн нэмэлт тусгасан төслийг дагалдуулан өргөн барьсан юм. Гадаад валютын их хэмжээний орлого бүхий хуулийн этгээд, тухайлбал, “Рио тинто” гэх мэт том компанийн эрх ашгийг хөндөх үүднээс ийм хууль санаачилсан зэргээр тухайн үед шуугьж байлаа. Хэрэв УИХ-ын тухай хуулийн 38.2 дахь заалт тэр үед үйлчилж байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга ийм хууль санаачлах эрхгүй гэсэн үг.
Гэлээ ч Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслүүдээс сая хийсэн “засварт” нийцэхээргүй нь ч байх аж. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 38.1-т “УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгийг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын талаар хууль санаачилж, хутгалдах эрхгүй. Хэрэв өнгөрсөн жилийн эхээр эл хууль үйлчилж байсан сан бол тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх “зорилготой” төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга санаачлах боломжгүй байлаа. Тухайн үед УИХ-ын гишүүд Төрийн ордны дотор ч, гадна ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албаа өгөхийг шаардаж байсныг санаж буй биз ээ. Гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа парламентад албан ёсоор тавьсан бол хэлэлцэн шийдвэрлэх агуулга бүхий нэмэлтийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, батлуулсан юм. М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх саналд 39 гишүүн гарын үсэг зурж, өөрт нь өргөн барьснаар түүнийг “буулгасан” үйл явдал Монголын улс төрийн түүхэнд Төрийн тэргүүний тусламжтайгаар хийсэн нь тодоор бичигдсэн. Ингэхдээ тэрбээр “Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүртлээ хурцдаж байгаа энэхүү хямрал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд, тэр дундаа оршин тогтнох, нийгэм, төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөө болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц нөхцөлд хүргэж мэдэхээр болжээ” гэх тайлбартайгаар төслөө өргөн барьж байсан юм даг.
Ингээд харвал зөвхөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын л оролдож болох хүрээ, хязгаарыг тогтоосон нь зол гэлтэй. Гэвч Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг эхэнд дурдсан 12 заалтаар хязгаарласан алхмаасаа УИХ ухарсан нь үнэн. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчдийг, Дээд шүүхийн санал болгосноор ерөнхий шүүгчийг нь томилох бүрэн эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон. Тэгэхээр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх ажиллагаанд Ерөнхийлөгч саадгүй оролцох боломжтой гэсэн үг. Тэгээд ч Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны дөрөвдүгээр сард Шүүхийн багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц дахь Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлах замаар бие даасан байдлыг нь хангах зорилготой зохицуулалтуудыг өнөөгийн Төрийн тэргүүн тууштай эсэргүүцэж байгаа. Ер нь шүүх засаглалд манай үе үеийн Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл өдөр ирэх тусам нэмэгдэж, түүнийгээ өөр бусад хуулиар баталгаажуулсаар ирсэн нь хараат бус байдлыг нь алдагдуулж, хяналт, хариуцлагыг үгүй хийсэн талаар судлаачид, улстөрчид төдийгүй олон улсын ажиглагчид анхааруулж ирсэн. Тухайлбал, шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар огт олгоогүй гэдэг. Мөн Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны дарга, бүх гишүүн, улсын ерөнхий прокурорыг томилох, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлж ирсэн нь ч Үндсэн хууль бус, өөр бусад хуулиар олж авсан эрх гэдгийг хуульчид хэлдэг. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан тохиолдолд ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаагүйгээр түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулдаг болоод буй. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг ч ийм маягаар дуусгавар болгосон. Гэтэл ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлж, Ажлын албыг нь томилж удирддаг.
Ерөнхийлөгч Шүүхийн багц хуулийн төсөл санаачилж болох ч түүндээ Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхээ шигтгэж, түүнийг нь УИХ баталж орхивол яах вэ. Шүүхийн тухай хоёр ч хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд ирээд буй бөгөөд эдгээрийн аль алинд нь Үндсэн хуулиар олгогдоогүй өнөөх эрхүүдийн зарим нь тууж явааг хуульчид хэдийн шүүмжлээд эхэлсэн. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 33.4 дэх заалт буюу “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тусгасан зарчимдаа хууль тогтоогчид үнэнч үлдэж чадах уу.