Үрээсээ хагацсан хөөрхий эмэгтэй хорихоос захидал бичжээ. Нулимсанд халтартаж, дарайсан тэрхүү захидалд “Энхрий үрийг минь өөр бусдад өргүүлсэн байж болзошгүй сураг дууллаа. Нэг ой гарантай нялх үрийг минь хадмууд асарч халамжилна хэмээн авч үлдсэн. Гэхдээ намайг хорихт байх хугацаанд нэг ч удаа авчирч уулзуулаагүй. Бүр хүүхдийнхээ тухай асуух ч боломж олгодоггүй. Хүүхдийн баяраар ч зургийг нь өгөөгүй. Элэг зүрх минь эмтэрч байна. Үрийн минь сургийг гаргаж өгнө үү” хэмээн дурдаад ХЭҮК-т хаягласан байжээ. Захидлын мөрөөр ХЭҮК-ынхон даруй ажлын хэсэг байгуулж, тал тал тийшээ хуваагдан явж, эрэл сурал болсны хүчинд бяцхан охины сургийг Увс аймгийн алслагдсан сумаас гаргажээ. Хүүхэд үрчлүүлэхэд тодорхой хууль, журамтай. Харин тэрхүү хууль, дүрмийн хаагуур нь тойроод хүүхдийг өргүүлчихэв гэдэг нь тодорхойгүй. Адаглаад хуульд зааснаар нэн түрүүнд хүүхдийн ээжээс зөвшөөрөл авах ёстой байв. Учир нь тухайн эмэгтэй эрхээ хязгаарлуулсан болохоос биш ээж байх эрхээ хасуулаагүй. Тиймээс ХЭҮК-оос цагдаагийн байгууллагад ханджээ. Улмаар холбогдох байгууллагууд хорихт байгаа эмэгтэйн нөхөр болон хадам ээжийг нь дуудаж мэдүүлэг авсан гэнэ. Үрчлэгдсэн охины аав орон нутаг уул уурхайн салбарт ажилладаг бөгөөд хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, үл тоодог нэгэн. Түүний ээж хүүхдийг жил гаруйн хугацаанд харж, асраад залхсан уу, ашиг хонжоо олъё гэж бодсон уу, ямартай ч бусдад өргүүлж орхижээ. Ингэхдээ нууцаар, охины ээжид мэдэгдэлгүй хүнд үрчлүүлчихэв. Одоо охин хоёр ой таван сартай. Халуун сүүнээсээ гараагүй, сүүний үнэр арилаагүй байхдаа ээжээсээ салж, эмээ дээрээ үлдсэн гэдэг. Харин эмээ халамжилж, хайрлахын оронд бэтгэрсэн дээр нь бүр мөсөн ээжээс нь салгахаар шийдэж дээрх алхмыг хийсэн гэнэ.
Эмээд бэрдээ өширхөж, гомдох шалтгаан бий. Учир нь бэр нь хүүг зодож танхайрсан. Тиймээс тэд гомдол гаргаж цагдаа дуудаад, улмаар эл хэрэг шүүхэд шилжсэн юм байна. Ингээд бэр нь гурван жилийн ял сонсож, хорих руу ачигджээ. Салсан хос хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан л амьдарч байж. Даанч хар хорын үг хосын дунд шургаж, улмаар маргаж, мэтгэлцсээр эцэстээ эхнэр нь нөхрөө хөнгөн гэмтээж, өөрөө хоригджээ. Гэхдээ "Баяраа өөрөө унасан юм билээ" гэдэг шиг нөхөр нь эхнэртээ байнга гар хүрдэг байсан гэх. Хоригдол бүсгүй хоёр хүүхдийнхээ багыг нь хадамдаа, томыгоо ээждээ үлдээжээ. Хадам ээж бэрийгээ ял эдэлж байх хугацаанд зөвшөөрлийг нь авах нь бүү хэл, асууж мэдэгдэлгүй охиныг нь бусдад үрчлүүлчихэв. Харин хүүхдийнхээ сургийг жил гаран сонсоогүй, бодол санаандаа сайн л байгаа даа үр минь хэмээн бодож бэтгэрч шаналж явсан эмэгтэйн чихэнд хэн нэгэн нь хүүхдийг чинь бусдад өргүүлсэн хэмээн шивнэчихжээ.
Ийнхүү хүүхдээ бусдад үрчлүүлснийг дуулсан эмэгтэй шоронгийн харанхуй өрөөнд уйлж суухдаа хүний эрхийн байгууллагад захидал бичих санаа төрсөн гэдэг. Ийнхүү шоронгийн хүйтэн өрөөнөөс бичсэн нулимстай захидлыг хорих 407 ангийн удирдлага хаягласан газарт луу нь шуурхай илгээсэн байна. Энэ дагуу тухайн газарт ХЭҮК-ынхон ажиллаж, охиныг олжээ. Улмаар хүүхдийг ашиг олох зорилгоор үрчлүүлсэн, эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ. Өдгөө хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Харин комиссынхон ээж, охин хоёрыг уулзуулж, элгийг нь дэвтээсэн аж.