ОХУ-ын Пермь хотын театрын залуу балетчин Р.Булгантай онлайнаар ярилцлаа. Тэрбээр энэ өдрүүдэд аав ээжийнхээ нэрийг төдийгүй улсынхаа нэрийг дуурсгаж буй. Тодруулбал, Екатерина Максимовагийн нэрэмжит олон улсын балетын “Арабеск” тэмцээний нээлтэд зориулан дэглэсэн “Анюта” балетын гол дүрийг амилуулан шүүгчдийн төдийгүй балет судлаачдын анхааралд дахин өртөөд байна. Тэрбээр өмнө нь ч олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлж, ОХУ-ын урлагийн дээд шагнал “Алтан маск” наадамд нэр дэвшиж явсан билээ. Энэ удаа тэрбээр дэлхийн хүн, алдарт бүжигчин Владимир Васильевтэй хамт тоглосон анхны Монгол балетчин болсноороо дэлхий нийтийг дахин шуугиулав. Ингээд түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялъя.
-Хэдтэйгээсээ балетын урлагт хөл тавьсан бэ?
-Багаасаа л балетад дурласан. Тиймээс аав, ээж зургаан настайд минь балет сонирхогчдын сургуульд нэг жил сургасан. Дараа нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын Х.Гэрэлчимэг багшид шавь орсон. Тэр үед багш минь “Хүүхэд насандаа баяртай гэж хэлээрэй” хэмээснийг одоо ч тод санаж байна. Тиймээс гадаа тоглохгүй, наранд борлохгүй, хамаагүй үсэрч гүйж дэвхцэхгүй хөл, гараа хайрлаж сурсан даа. Ээж ч гадаа тоглоомын талбайд очих, элдэв савлуур, гулсуурт тоглохыг хязгаарладаг байв. Одоо бодоход би багаасаа л үүрэг хариуцлагаа ухамсарласан байж дээ. Өөрөөр хэлбэл, балетыг зүгээр нэг хүүхдийн гэнэн мөрөөдлөөр сонирхоогүй. Ингээд Х.Гэрэлчимэг багшийн удирдлага дор гурван жил суралцаад 10 настайдаа дахин ОХУ-д балетаар суралцахаар болсон. Хамгийн анх бүжиглэх суурийг минь тавьж өгсөн хүмүүс бол Х.Гэрэлчимэг, Ч.Ганчимэг нар. Х.Гэрэлчимэг багш театрт олон жил балетмейстераар ажилласан. Ч.Ганчимэг багш ч монголын балетын урлагийг олон жил нуруун дээрээ үүрч ирсэн хүн.
-Төгсөөд нутагтаа яагаад ирээгүй юм бэ?
-19-тэйдээ сургуулиа төгсөж байв. Тэр үед надад ОХУ-ын гурван театраас урилга ирсэн. Пермь, Москва, Екатеринбургийн театраас урилга гардсан. Багахан эргэлзсэн ч Чайковскийн нэрэмжит Пермь хотын театртаа үлдэхээр шийдсэн. Түүнээс хойш энэ театртаа ажиллаж байна. Анх Орост ирээд Ольга Черепанова багшийн удирдлага дор суралцсан. Гурав дахь жилээс Нина Костарева багш намайг дааж авсан. Энэ хүн намайг өдий болтол сургаж, хоолонд минь хүргэсэн. Намайг даасан шиг дааж, хариуцаж, сургуулийг минь төгсгөсөн дөө.
-Пермийн театрт бас дааж авсан хүн байгаа юм биш биз?
-Байлгүй яах вэ. Наталья Моисеева багшийг дурдахгүй байхын аргагүй. Балетыг минь дэглээд зогсохгүй, намайг чиглүүлж, зааж, амьдралд сургаж буй хүн.
-Орост анх ирээд, төрсөн гэр, дотнын хүмүүсээсээ хол хэцүү байв уу?
-Хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу Монголоос 12 хүүхэд балетын сургуульд сурахаар Орост ирж байв. Зургаан эрэгтэй, мөн тооны охид Алтантуяа багштайгаа энд ирсэн. Ес, арван настай хүүхдүүд энд ирээд, дотуур байранд найман жил амьдарсан. Алтантуяа багш болон найз нарынхаа хүчээр энэ бүхнийг даван туулсан. Хамгийн гол нь, бидэнд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргах том зорилго байсан учраас ямар ч юм тохиолдсон шантардаггүй байлаа. Тэгээд ч аав ээж минь миний төлөө маш их хичээж, сайн хүн болгохын төлөө бүхнээ зориулсан. Тиймээс юу зорьж, ямар мэргэжилтэй болох гэж ирснээ ухаарсан.
-Найзууд тань бүгд төгсчихсөн, чамтай адил сонгодог урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаад явж байгаа байхдаа.
-Биднээс 11 нь төгссөн. Нэг маань ирсэн жилдээ сургуулиас хасагдчихсан. Аль ч мэргэжилд сахилга бат, дэг журам чухал. Тэр хүү онц сурдаг, мэргэжилдээ дуртай, авьяастай. Хамгийн гол нь сургуулиас сахилга бат алдсан хэмээгээд хассан. Энэ явдал үлдсэн бидэнд маш том сургамж болсон. Одоо О.Энхмөнх, Х.Дөлгөөн хоёр Екатеринбургийн театрт амжилттай ажиллаж байна. Мөн Д.Хишиг минь Унгарт сурч буй. Бусад нь Монголдоо сонгодог урлагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байгаа.
-В.Гаврилины бүтээл “Анюта”-д тоглохын тулд хэн нэгэнтэй өрсөлдөв үү?
-Өрсөлдөгч гэж ярих дургүй. Өөрөө өөртэйгөө өрсөлдөж, урдах хийх ёстойгоо л давтдаг. Надаас өөр гурван охин бэлдэж байв. Гэхдээ би хэн хэн бэлдэж байгаад анхаарлаа хандуулаагүй. Харин “Анюта”-д шалгарснаа мэдээд догдлохоосоо илүү хариуцлагаа ухамсарласан. “Арабеск” хоёр жил тутам болдог олон улсын том тэмцээний нээлт учраас тэр. 2018 онд энэхүү олон улсын тэмцээнийг нээх “Джоконда” дуурийн Танец часовт бас бүжиглэж байлаа. Тэр тэмцээнд ороод хоёрдугаар байрт шалгарсан юм. Тиймээс “Арабеск” тэмцээн болох бүрд сайхан дурсамж минь сэдэрдэг шүү. Сая ч гэсэн нээх болсондоо баярлахаасаа илүү дээр хэлсэнчлэн хариуцлага л бодогдсон. Яана даа гэж бодохоос илүү сургуулилтдаа төвлөрсөн. Гурав хоног бэлдсэн. Гэхдээ хүн л юм болохоор бага зэрэг айдас төрснөө нуухгүй ээ. Хоёр жилийн өмнөх шиг нэг тийм хөнгөн санаашрал байсан. Гэхдээ үзэгчдээ хараад л айдсаа хөөж, юу үзүүлэх гэж гарч ирсэн түүнийгээ хийсэн. ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ болон ОХУ-ын Төрийн шагналт Владимир Васильевийн эхнэр бол Екатерина Максимова. Владимир Васильев “Анюта”-г эхнэртээ зориулан тавьж байсан. “Арабеск” бол Екатерина Максимовагийн нэрэмжит тэмцээн. Екатерина Максимова өөрийн шавь Татьяана Предеинад энэ бүжгээ өвлүүлэн заасан юм билээ. Харин Татьяана Предеина надад Екатерина Максимовагаас өвлөсөн сурсан бүхнээ харамгүй заасан. Дээрээс нь маш их дэмжиж зоригжуулсан. Васильевтэй нэг тоглолтод орно, тэр тусмаа өөрийнх нь эхнэртээ зориулсан балетад тоглоно гэдэгтээ анх итгээгүй. Хэдийгээр би эмээж байсан ч энэ бүхнийг тархиндаа кодлоод, өөртөө найдан тайзан дээр гарсан. Хонх гурвантаа дуугарч, тайзны хөшиг нээгдэхэд л бодит явдал гэдгийг мэдэрсэн дээ. Тиймээс энэ үйл явдлууд миний амьдралын хамгийн дурсамжтай нандин үеүдийн нэг байх болно.
-Гэрийнхнийгээ танилцуулахгүй юу. Аливаа амжилтын ард гэр бүлийнхэн үргэлж байдаг шүү ээ.
-Аав, ээж багаас минь хүсэл мөрөөдлийг минь сонсож, дэмжиж ирсэн. Тэд минь мэргэжлийн инженер хүмүүс. Аавыг Д.Рэнцэндорж, ээжийг Ж.Туяа гэдэг. Өдий хүртэл явж ирсэн зам мөр бүхний ард бат зогссон хүмүүс бол тэд. Мэдээж хамгийн дотнын зөвлөгч туслах бол ээж минь. Би нэг эгчтэй. Надаас 10 эгч, тэр минь Берлиний Хумболдтын их сургуульд Философи, урлаг судлаачаар суралцдаг. Энэ жил төгсөнө. Эрэгтэй дүү минь өнгөрсөн хавар нийслэлийн ерөнхий боловсролын I сургууль төгссөн. Одоо МУИС-д сурдаг. Мөн манай Пермийн бүжгийн сургуулийн төгсөгч, одоо АНУ-д ажиллаж, амьдарч буй У.Бат-Эрдэнэ ах намайг байнга дэмжиж, туршлагаасаа хуваалцаж зөвлөдөг.
-Гаднаас нь харахад хөлийн хуруун дээрээ хэдэн цаг тогтож бүжиглэнэ гэдэг бэрх. Яаж тогтож байна аа гэмээр, санаанд багтдаггүй юм. Нэг удаа балетчин хүний хөлийг рентгенээр тодруулсан зураг харсан. Тэгээд хамгийн тэвчээртэй хүмүүс бол балетчид гэж санагдсан даа.
-Тийм шүү. Балетчид маш их гэмтдэг. Гэхдээ биеэ маш сайн халаагаад сурчихсан, сургуулилалт зөв хийгээд дадчихсан бол эрсдэл бага. Биеэ халаахгүй сургуулилтад шууд орох юм уу, буруу хөдөлгөөн хийвэл маш их аюултай.
-Балетын урлаг золиос шаарддаг. Жишээ нь, балетчидын гэрлэлт их хожуу юм шиг санагддаг.
-Орчин цагт гэрлэж болно, болохгүй гэж дүрэмдэхээ больчихсон шүү дээ. 18 насандаа хүүхдээ гаргаад цаашаа урлагийн замаа хөөх, эсвэл төрөхгүй байх нь хувь хүний асуудал. Балет залуу насны урлаг. 20-30 нас ид бүжиглэх эрч хүч ундарч байдаг үе. Оргилсон энэ л үедээ илүү их хөдөлмөрлөж, авьяасаа нээхийн тулд хожуу гэрлэх юм уу, хүүхэд гаргах гэж яардаггүй биз ээ. Тиймээс зарим нь 30 нас хүрээд гэрлэх нь ч бий.
-Монголд өмнө нь ирж тоглож байсан байхаа?
-2018 онд сургуулиа төгссөн жилээ Монголдоо ирж “Хунт нуур” балетад тоглож байв. Дараа жил нь Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ахтай хамтарч Щелкунчикт тоглосон. Энэ жил “Ковид-19” цар тахал гарсны улмаас нутагтаа очиж чадсангүй. Гэрээ маш их санаж байна. Уг нь өвчлөл багасвал гурав хоног ч болтугай гэртээ очмоор байна. Зун манай театр нэг сар гаруй амардаг. Энэ жил “Ковид-19”-өөс болоод харьж чадсангүй.