Хүний эрхүүдийн нэгийг нөгөөгөөс нь илүү чухал гэж хэлэх боломжгүй гэдгийг хуульчид онцолдог. Өөрөөр хэлбэл, чи амьд явах эрхээр хангагдсан тул үзэл бодлоо илэрхийлэх эрхээс чинь хасна гэж болохгүй гэсэнтэй утга нэг юм. Коронавирусээс үүдэлтэй хямралын улмаас дэлхий дахинд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдэж байгааг НҮБ-аас анхааруулжээ. Үүнийг даван туулах арга зам нь хамтын ажиллагаагаа сайжруулж, хүний эрхэд суурилсан байдлаар цар тахалд хандахыг уриалсан юм. “Цагдаагийн байгууллага, тусламжийн утасны дуудлагаас харахад гэр бүлийн хүчирхийлэл улам ихсэх төлөвтэй.
Маш олон эмэгтэй, хүүхэд гэртээ айдаст автаж, хүчирхийлэлд өртөж болзошгүй. Иймээс улс орнууд “Ковид-19”-тэй тэмцэхдээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд, хүүхдийг мартаж болохгүй” гэж тус байгууллагын хүний эрхийн шинжээчид үзжээ. Мөн асрамжийн газрын өндөр настнууд, шилжин суурьшсан иргэдэд гойд анхаарахыг зөвлөсөн байна. Түүнчлэн эрүүл мэндийн арга хэмжээ авахдаа хүний эрх, жендерийн үүднээс урган гарах нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Санхүүгийн дэмжлэг, нийгмийн хамгааллын багц нь цар тахлын хор хөнөөлийг даван туулах, эрсдэлтэй нүүр тулахад чиглэнэ. Цалинтай чөлөө, ажилгүйдлийн тэтгэмж олгох, хүнс тараах, бүх нийтийн суурь орлого зэрэг эдийн засгийг дэмжих арга хэмжээ авснаар хямралын үр нөлөөг бууруулахад тусална” гэжээ.
Манай улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. Тус байгууллагын үндсэн зорилго нь хүний эрхийг хангах. Тиймээс цар тахлын үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа хүний эрхийг хангах, анхаарах хэрэгтэй. Гэвч манай улс цар тахлын үеийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг цөөнгүй удаа зөрчжээ. Тухайлбал, “Ковид-19”-тэй холбоотойгоор төрийн албан тушаалтныг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл зогсоосон. Ингэхдээ Засгийн газраас төрийн албан хаагчид тавих шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж буйг эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн ХЭҮК-оос “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр Гамшгаас хамгаалах тухай хуулийг төрийн байгууллагууд хэрэгжүүлж эхэлсэн. Хүний эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах ажил шуурхай байгаа нь сайшаалтай. Гэвч төрийн байгууллага зарим үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулахгүй байгаа нь хүний эрхийг зөрчих эрсдэл гаргах боллоо. Тухайлбал, УОК, төрийн байгууллагын зарим шийдвэр нь дараагийн шатны буюу бүх нийтийн бэлэн байдлын үед авах ёстой үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж байна. Үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах нь бүх нийтийн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээ биш гэдгийг хуульдаа заасан” хэмээсэн. Одоо ч мөн адил манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
Шинэ оны баярын уур амьсгалтай зэрэгцэн дэлхий нийтийг цочроосон аюулт өвчин дэгдэж, улс орнууд хөл хорио тогтоож, манай улс нэгдүгээр сараас эхлэн “хаалгаа цоожлон” гэртээ бүгсэн. Үхэлд хүргэх аюултай өвчний сургаар олон хүн сэтгэл зүйн хямралд орж, Эрүүл мэндийн яамнаас өгөх мэдээллийг чих тавин сонсож, заавар, зөвлөгөөг нь нэгд нэгэнгүй дагасан билээ. Амны хаалт зүүж, гараа угааж, ариун цэврээ дээд зэргээр сахиж, нэг хүн шиг л хөдөлцгөөсөн. Үүний хүчинд гайт өвчнийг эх орондоо алдаагүй, ганц ч тохиолдол бүртгэгдээгүй цөөн улсын нэг болж чадсан. Нөгөө талаар энэ нь иргэдийн сурч боловсрох, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, гадаадад зорчих, эх орондоо ирэх эрхийг хязгаарласан. Иргэдийн эрүүл байх эрхийг хангахын тулд эдгээрийг “золиосолсон” гэсэн үг. Нэг эрхийг хангахын тулд нөгөөг нь хязгаарласан ч иргэд номхон, хүлцэнгүй дагаж мөрдсөөр ирлээ. Цар тахалтай тэмцсэн 11 сарын хугацаанд дэлхий нийт болон Монгол Улсад ч хүний эрхийн цөөнгүй зөрчил гарсан, гарсаар байгаа, цаашид гарч болзошгүйг НҮБ-ын хүний эрхийн шинжээчид, хамгаалагчид анхааруулсан. Энэ бүхнээс товчлон хүргэе.
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ
Гадаадад амьдарч буй монголчуудаа эх оронд нь авчрахад цааргалсан иргэд “Хилээ хаа”, “Гаднаас хэнийг ч бүү оруул”, “Вирус” гэх мэтээр элдвээр хэлж, байр сууриа илэрхийлсэн нь ялгаварлан гадуурхсан хэлбэр юм. Хилийн чанадад буй иргэдээ өвчтэй, өндөр настай гэх зэргээр нь ангилж, сүүлдээ мөнгөтэй нь эх орондоо ирэх боломжоор хангасан нь хүний эрхийн зөрчил гэдгийг цөөнгүй хуульч хэлсэн. Гэхдээ олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийн төлөө зарим нэг эрхийг хуулийн хүрээнд хязгаарлаж болохыг тодотгосон билээ. Мөн хилийн чанадад буй иргэдийг мэдээллээр гүйцэд хангахгүй, тэдний хүсэлтэд хариу өгөхгүй байсан нь ялгаварлан гадуурхсан, үл хайхарсан, үл ойшоосон хэрэг. Эх орондоо ирсэн иргэдээс оюутан залуус болон цөөнгүй иргэнийг хоол унд муутай, халуун усгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй газарт байрлуулсан. Ингэхдээ “Аваад ирлээ, өгснийг л дуугүй ид” гэх маягаар хандсан нь эрүүл, аюулгүй байх эрхийг зөрчив. Цаашид ч ийм явдал гарч болзошгүй. Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хаасны улмаас гэртээ хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд эрүүл мэнд, цаашлаад амиа алдсан тохиолдол ч цөөнгүй. Тоглох талбайгүйн улмаас дөрвөн хүү тогтоол усанд живж амиа алдаж, хамгаалах хүнгүй орхисноос хүүхдүүд цахилгаанд цохиулж нас барсан зэрэг нь мөн л ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэйг хүний эрхийн шинжээчид дуулгалаа.
ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхийг хориглосон. Ганц хоёроороо үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсах гэтэл хориглосныг мартаагүй биз. Энэ нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсний жишээ гэнэ. Ард иргэдийг бөөгнөрч болохгүй гэсэн “зарлиг” буулгасан хэрнээ энэ нь улстөрчид, эрх мэдэл бүхий хүмүүст үйлчлэхгүй байв. Тодруулбал, сонгуулийн сурталчилгаа, санал авах үйл явц, УИХ-ын чуулганы үеэр халдвар хамгааллын дэглэм сахиагүй, заавар журмын дагуу ажиллаагүй, амны хаалт зүүгээгүй, олон нийтээс цугласан хандив тусламжийг ил тод тайлагнаагүй зэрэг зөрчил гарсаар байна. Ямар сайндаа л иргэд “Дээдэст халддаггүй, доодост халтай өвчин” гэж ярих вэ.
МЭДЭХ БА ТҮГЭЭХ ЭРХ
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдийн олон эх сурвалжтай, үнэн, бодит мэдээллийг иргэдэд түгээх эрхийг хязгаарласан. Зөвхөн Эрүүл мэндийн яамны мэдээллийг тогтмол цагт ганц эх сурвалжаас нийтэд цацаж “дамжуулах” гүүр төдий болгосон. Энэ нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан үйлдэл. Төрийн зүгээс хууль дээдэлж, ил тод байдлыг хангаж, ялгаварлан гадуурхахгүйгээр эрх тэгш хандах замаар хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангахгүй бол хүний эрхийн зөрчил үүсэх, иргэдийн зүгээс дэг журмыг үл ойшоох, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, гэмт хэрэг, авлига зэрэг зүй бус үйлдэл гаарах, тэгш бус байдал улам тэлж болзошгүйг хүний эрхийн шинээжид анхааруулж, сануулж байна.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
В.ЛУТЕНКО: Энэ онд 500 орчим иргэнийг эх оронд нь авчирна
Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенкогоос “Ковид-19” цар тахал зорчих эрхэд шууд нөлөөлж буй талаар тодрууллаа.
-Хүний чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалсан учир нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүний суурь эрхийг хангахын тулд юм. Эл хязгаарлалт нь эхэндээ олон нийтийн эрүүл мэндийн төлөө байсан бол сүүлдээ эдийн засгийн нөхцөл боломжийг хаасан явдал боллоо. Хүний эрхийн олон талт асуудлын дунджийг нь олж шийдвэрлэх хэрэгтэй. Коронавирусийн хоёр дахь давлагаа эхэллээ гэж яриад байна. Би тэгж бодохгүй байгаа. Яагаад гэхээр олон оронд эдийн засгийн нөхцөл байдал нь дордоод ирэхээр Засгийн газраас нь зарим хязгаарлалтыг цуцалж эхэлсэн. Үүнээс болж өвчин тархах, бусдад халдварлах нөхцөл бүрдсэн. Зарим улс хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж буй ч ирээдүйд тэрнээс илүү зүйлийг алдаж мэднэ гээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх жишээтэй. Улс орон бүхэн юуг алдаж, юуг авах уу гэдгээ эрэмбэлж, хязгаарлалтыг зохицуулж байна.
-Цар тахлын дэглэмийг улс төрийн зорилгоор ашиглах явдал гарч байна. Монголд ийм тохиолдол ажиглагдав уу?
-Манай байгууллага улс төрийн ямар нэг үйл ажиллагаанд оролцдоггүй. Монголын ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон Засгийн газартай хамтран, үйл ажиллагааг нь дэмжиж ажилладаг. Монголчуудын дунд уг халдварын нэг ч тохиолдол гараагүй байгаа нь Засгийн газрын авч буй арга хэмжээний үр дүн болов уу. Анх “Ковид-19” гарсан даруйд ташаа мэдээлэл, цуурхал дэлхий нийтэд тархсан. Энэ цуурхал, худал мэдээллийг цахим орчинд тархааж, улс төрийн зорилгоор ашиглаж байна. Тухайлбал, АНУ-д сонгуулийн үеэр цар тахлын талаарх цуурхлыг тараасан. Биднээс олон улсын хилийг нээх ёстой юу гэж асуувал тийм гэж хариулна. Гэхдээ ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, хил дамнан өвчин орж ирэхгүй байх нөхцөл бүрдүүлж, маш өндөр хяналт шалгалтад хөдөлгөөнийг нээх боломж бүрдэнэ. Түүнээс хилийг өмнөх шиг чөлөөтэй нээнэ гэж хүлээх хэрэггүй болов уу.
-Танай байгууллагын үйл ажиллагаанд коронавирус бэрхшээл учруулсан уу. Тухайлбал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг танай байгууллагын тусламжтайгаар эх оронд нь авчирдаг шүү дээ.
-Улс хоорондын нислэгүүдийг зохион байгуулж, хохирогчдыг авчрахад бэрхшээл тулгарсан. Монголоос зөвхөн МИАТ-ийн онгоц нисгэж байгаа. Тус компани нислэг үйлддэггүй орноос иргэдийг авчрахад хүндрэл гарсан. Эх оронд нь буцаан авчрах хүний тоо нэмэгдэх болсон. Өнгөрсөн онд 200 гаруй иргэнийг буцаан авчирсан бол энэ онд 500-д хүрэхээр байна. Бидний тусламжийг хүлээсэн, хүнд нөхцөлд байгаа хүн олон бий. Тэдний дотор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд багтаж байгаа.