Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан нарыг томилох нь. Өнөөдөр нийслэлийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, түүнийг Засаг даргад нэр дэвшүүлэн, Ерөнхий сайд, намын дарга нь эргэлзэх зүйлгүй батламжилна. Нэгэнт нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-т нь тухалсан, дотроо “эсэргүү” гишүүнгүй МАН-ынхан нийт төлөөлөгчийн 50- иас илүү хувийн саналыг түвдэх зүйлгүй өгч, намын хорооны даргаа Засаг даргаар залах нь эргэлзээгүй. Тэгээд ч өнөөгийн эрх баригч намын гүйцэтгэх дээд байгууллага Удирдах зөвлөлийн гишүүд тэднийг санал нэгтэй дэмжсэн.
Ерөнхийдөө шат шатны сонгуульд амжилттай оролцож, олонх болсон намын хорооны удирдлагаа Засаг даргаар томилох зарчим барьж буйгаа МАН-ын удирдлага мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын нийслэлийн хорооны дарга хэмээх статус, орон нутгийн сонгуульд багаа удирдан амжилттай оролцсон нь Д.Сумъяабазарыг энэ албанд “буулгав”. Үнэндээ 2012 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллагад тасралтгүй гурав дахиа сонгогдоод буй түүнийг нийслэлийн Засаг даргын албан тушаалаар “шагналаа” гээд шууд хэлчихэж боломгүй байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлөө толгойлдог Д.Амарбаясгалан “Намын удирдлага ч нийслэлийн 1.4 сая оршин суугч, 1.1 сая сонгогчийн итгэлийг хариуцлагатай үүрч, амласнаа хэрэгжүүлэхийн тулд улс төрийн шийдвэр гаргасан. Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан, нийслэлийн Засаг дарга болох шийдвэр гаргахад амаргүй байсан. Намын гишүүн хүн улс төрийн бодлого, шийдвэрээ дагах үүрэгтэй. Ялангуяа тухайн шатанд намыг удирдаж байгаа дарга улс төрийн шийдвэрээ нэгт тавих ёстой. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргад талархаж буйгаа илэрхийлье. МАН-ын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн хоёр том үйл явдал ирэх жил биднийг хүлээж байна. Д.Сумъяабазар даргад итгэл хүлээлгэж байгаа нь ч үүнтэй холбоотой. УИХ, Засгийн газарт хүртэл ажилласан, зангарагтай, чадвартай хүн хотыг удирдах ёстой. Улс төрийн туршлага, мэдлэг, чадварыг нь ашиглах гэж бид энэ хүнд шийдвэрийг түүнээс гаргуулсныг ойлгоорой” хэмээн онцолно лээ.
Гэхдээ Улаанбаатарын хөгжлийг урагшлуулж, цэцэглүүлж чадсан улстөрч түүхэнд үлдэнэ. Нийслэлийн авто замыг түгжрэлгүй, иргэдийнхээ тэвчээрийг “тэг зогсолт”-ын дунд шалгуулах хүртэл нь зовоохооргүй болгочиход л тэр хүн гайхагдана. Хувь улстөрчийн үүднээс хэн гэдгээ, юу хийж чадахаа харуулах таатай талбар нь нийслэл, чамлах зүйл ч биш. Тэгээд ч тэдний хүссэнчлэн МАН-ын нэр дэвшигчдийг олонх болгон дэмжиж, УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр нийслэл, дүүрэгт бодит ажил болж, хэрэгжих нөхцөл бүрдсэн. Нөгөө талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийслэлийн эрх зүй, бие даасан байдлыг нь хангаж, Улаанбаатарыг удирдах хүний эрх мэдэл хүрээгээ тэлэхээр буй. Тухайлбал, нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт “Нийслэлийн үнэт цаас гаргаж, санхүү, хөрөнгө оруулалтын чадавхыг дээшлүүлэн, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ” хэмээн тусгасан. Улмаар гаргасан үнэт цаасаараа зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдээ орон сууцаар хангахаа амлаад буй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал, 76 хүнд л байдаг онцгой бүрэн эрхээсээ татгалзан байж гаргасан Д.Сумъяабазарын амаргүй шийдвэрийнх нь угт нийслэлээ хөгжүүлэх гэсэн чин хүсэл, “Үзээд алдъя” гэсэн эрч хүч байгааг үгүйсгэхгүй. Гэвч “Тэгнэ тэгнэ гэхэд тэнхээ мэднэ” гэдэг. Түүний хүсэл хэчнээн хиргүй, тунгалаг, хийж бүтээх эрч хүч нь оргилж, буцалж байлаа ч энэ мэт олон ажлыг Д.Сумъяабазар удирдан зохион байгуулж, ард нь гарч чадах уу. Багийн тоглогч байж, намын удирдлага, хамт олонтойгоо эвээ олж, ойлголцох уу.
УИХ-д гурвантаа сонгогдож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан түүнээс үндэсний бөхийн аварга, бизнесмен гэх тодотгол нь бага багаар алсарч буй гэхэд болно. Гэхдээ УИХ-ын гишүүн, сайд Д.Сумъяабазарын улстөрчийн хувиар үлдээсэн “өв” гэвэл юу юм бол. Үнэндээ хэзээ ч нийслэлд илүүрхэж байгаагүй МАН-ыг энэ зун УИХ-ын сонгуулиар анх удаа үнэмлэхүй ялуулчихаад байхад нь хүртэл түүнийг сайдаар улирааж, танхимдаа үлдээгээгүй шүү дээ. Уг нь түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар нь улираах эрх У.Хүрэлсүхэд байсан. Тиймээс ч Д.Сумъяабазарыг намын даргатайгаа тангараг тасарсан, бүр гар зөрүүлсэн гэх яриа хүртэл гарах вэ дээ. Ямартай ч тэр сайд байхдаа Баялгийн сангийн тухай хуультай болгоно, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргана гэж баахан ярьсан ч биелээгүй. УИХ-ын гишүүний хувьд “автор” нь болох хууль санаачлан, батлуулсан, эсэхийг ч сайн санахгүй байна. Магадгүй тэр бодлого боловсруулах хүн биш байх. Харин тойрог тойглож, сонгуулийн штаб ахлах менежерийн ажил түүнд илүү зохиж мэднэ. Угаасаа Улаанбаатарыг удирдана гэдэг аж ахуйн ажилтай зууралдахын нэр бус уу. УИХ, орон нутгийн сонгуульд удирдсан багаа дараалан амжилттай оролцуулж, сайн менежер болохоо баталсан Д.Сумъяабазар нийслэлийг шинэ арга барилаар, өнгөрсөн жилүүдэд хий эргэж, хоосон цэцэрхсэн намын “ах” нараасаа арай өөрөөр залж, хөгжүүлнэ гэж найдъя. Тэгээд ч тодорхой бизнес эрхэлж ирсний хувьд түүний шунал нь дарагдаж, төрөөс юу ч байсан хумслах гэсэн сувдаг сэтгэлтэн, цүнх баригчдаас өөрөөр ажиллах байх гэж итгэхийг хүснэ.
Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа “2016 онд МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, Улаанбаатарын нэг ч иргэнээс санал аваагүй, сонгогдоогүй хүнийг Засаг даргаар томилсон. Түүнтэй адил Д.Сумъяабазар УИХ-д сонгогдсон ч орон нутгийн сонгуульд өрсөлдөж, мөрийн хөтөлбөр, хөгжлийн гарц, шийдлээ танилцуулаагүй. Монгол Улсад жинхэнэ ардчилал алга. Хуучны, коммунист намаас шийддэгтэй адил томилж байна. Намаас томилогдсон Засаг дарга С.Батболд нийслэлийн иргэд рүү чиглэсэн ажил хийгээгүй. Одоо Д.Сумъяабазар Удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдвол нийслэлийн иргэдийн төлөө ажиллах ямар ч хөшүүрэггүй болно” хэмээн шүүмжилнэ лээ. Тэд юу ч гэж шүүмжилсэн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга болно, Улаанбаатарыг удирдана. Улмаар түүний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах нь тодорхой. Иймд сөрөг хүчнийхэн уг сонгуульд амжилттай оролцохын тулд сайтар бэлдэх хэрэгтэй биз. Гэвч Сонгинохайрхан дүүргийн сонгогчид энэ удаагийн сонгуулиар МАН-аас бусад нам, эвслийн нэр дэвшигчдэд тун ээлгүй байгаа. УИХ болон орон нутгийн сонгуулийн аль алинд нь МАН-ынхан тус дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан. Эрх баригчид энэ давуу байдлаа ч тооцож буй биз. Тэр ч байтугай сая нийслэлийн ИТХ-д тус дүүргээс төлөөлөгчөөр сонгогдсон Р.Дагвыг нөхөн сонгуульд сойх тухай яриа ч байна. Тиймээс Р.Дагвыг нийслэлийн ИТХ-ын даргаар улираалгүй, Ж.Батбаясгаланг түүний оронд сонгохоор нэр дэвшүүлж буй сурагтай. УИХ-ын сонгуулиар тус тойргоос Д.Сумъяабазараас гадна Н.Учрал, П.Анужин нар сонгогдсон бөгөөд санал хураалтын дүнгээр тэдний араас МАХН-ын нэр дэвшигч Э.Батшугар жагссан юм. Гэхдээ тэр нийслэлийн ИТХ-ын сонгуульд тус тойрогт дахин өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ. Нөхөн сонгуулийг товлон зарлахаас авхуулаад санал хураалт явуулах хүртэл наад зах нь зургаан сар шаардлагатай тул тэр болтол УИХ 74 гишүүнтэй ажиллах нь. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын сонгогдсон Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт мөн нөхөн сонгууль явуулах нь үндсэндээ тодорхой болж буй. Иймд тэдний орон зайг нөхөх сонгуулийг хамтад нь явуулж таарах нь.