Монголын нийгэмд төрийн дэмжлэгээр хөгжүүлэх салбар олон. Тэдгээрийн нэг нь соёл, урлагийнх. Соёл, урлагийн салбар маш олон салаа, мөчрөөс бүрддэг бөгөөд зах зээлийн зарчмаар маркетинг, менежментийн ухаанаар урагшлуулах нь байхад төрийн дэмжлэг зайлшгүй шаардах нь бас бий. Тэдгээрийн нэг нь кино урлаг. Соёлын яамнаас ойрын үед хийх ажлын жагсаалтад Кино урлагийг дэмжих тухай хуулийг УИХ-аар батлуулах гэж буй. Уг хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжээд буй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн. Энэхүү хуульд, үүнийг боловсруулах ажлын хэсэгт багтсан мэргэжилтнүүд санаа оноогоо тусгасан бөгөөд Засгийн газрын түвшинд “хянан тохиолдуулаад” нэгдсэн хуралдаан руу чиглүүлсэн билээ.
...Төрөөс дэмжлэг, санхүүжилт хүссэн баг бүрт бус мэргэжлийн, шалгарсан уран бүтээлчдийг дэмжиж ажиллах нь ирээдүйн өмнө хүлээх ариун үүрэг санагдана...
Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд С.Чулуун УИХ-ын гишүүдэд танилцуулах үедээ монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилготой хэмээж байлаа. Мөн энэхүү Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай болон Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан тухай дурдсан.
Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьж буй хуулийг гишүүд нэг их “зовоолгүй” батлах болов уу. Гагцхүү хууль хүчин төгөлдөр болж, хэрэгжихийн цагт үр өгөөжөө өгөх нь чухал юм. Анхны төсөлд кино урлагийг дэмжих сан байгуулж, мөнгийг уран бүтээлчдэд зээлээр олгоно гэж байсныг ажлын хэсгийнхний шүүмжлэлээр өөрчилсөн юм билээ. Тэгэхээр эдүгээ бол шалгарсан төслүүдэд төрөөс мөнгөн тэтгэлэг олгох хувилбараар зүтгүүлэхээр байгаа юм. Энэ нь ч зөв байх. Зарчим нь олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанд амжилт үзүүлсэн дуучид, хөгжимчдийг урамшуулж багагүй хэмжээний мөнгө олгодогтой адил. Шударга ч юм. Харин түрүүчийн хувилбараар кино төслүүд шалгаруулаад хүүгүй ч юм уу зээл олгох замаар дэмжих гэдэг нь уран бүтээлчдэд тус биш ус болж мэдэхээр. Төрийн, тусгай зориулалтын сангаас буцаан төлөх нөхцөлтэйгөөр мөнгө авчихдаг, бүтээсэн киног нь Монголд ч, гадаадад ч хүн үзэхээр тааруу байх юм бол киночид хаанаас орлого олж, буцаан төлөх вэ. Өнөөх ЖДҮ-гийн гэх замаар будаа тээх болно. Санаа анх ийм байсныг цухас дурдлаа. Нэгэнт засаж залруулаад хөрөнгийг буцалтгүй олгож дэмжих нь зөв гэдэг дээр тогтохоор байгаа тул дахин энэ тухай сөхөхийг азная.
Хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх болсон гэдэг нь нэг мэдэх нь ээ баталчихсан байна л гэсэн үг юм. Тиймээс хуулийн төсөлд байгаачлан кино урлагийг дэмжих сан байгуулна гэдэг дээр анхаарал хандуулж, ирээдүйд буй болох тэрхүү сангийн хөрөнгийг киноны уран бүтээлчдэд хэрхэн олгох, хүртээх талд санаа оноо хуваалцах нь дээр болов уу.
Одоогийн байдлаар хууль, сан, мөнгөний “үнэр”-ээр кино урлагийн чиглэлээрх өөр, өөрсдийн байгууллагад хөрөнгө захиран зарцуулах эрх олж авахаар санаархан улайрагсад олон буй нь хэвлэлүүдийн хуудаснаа буй мэдээллээс тодорхой байна. “Манайх шүү, бусад нь бол чадахгүй, мэдэхгүй” гэсэн л хүмүүс байх аж. Энэ замбараагүй байдал юутай холбоотой вэ гэхээр үе үеийн УИХ-ын гишүүдийн “Та нар нэгд л дээ. Нэг байгууллага болоод асуудлаа цаасан дээр буулгаад ороод ир. Тэгвэл ядаж танилцуулахад амар шүү дээ” гэж хэлдэг байснаас үүдэлтэй ч гэхээр. Кино урлагт дуртай, бүр хайртай, мэргэжил эзэмшсэн нь ч, дурандаа дуран барьж гүйдэг нь ч олон тул энэ тухай сонссон хэн бүхэн шахам эрхэм гишүүдийн яриад байдагчлан ямар нэг төрийн бус байгууллага үүсгээд, хүслээ цаасан дээр дурайлгаад Төрийн ордон руу явж орох тэмүүлэлтэй болсон. Ийм нөхцөл байдалд олон жилийн өмнөөс уналтад орсон кино урлагийг хөгжүүлэх юм сан, төрөөс хуулийн хүрээнд дэмжүүлэх сэн гэж санаа сэтгэлээ зориулан хөөцөлдөж эхэлсэн мэргэжлийн киночдын гаргасан зөв зам баларч орхисон гэхэд ч болно. Тухайлбал, зураглаач, найруулагч, кино зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Нэг ангийн хоёр”, “Мартагдашгүй намар”, “Зуслангийн найзууд”, “Газрын үнэр” зэрэг сэтгэлд мөнх олон бүтээл үзэгчдэд хүргэсэн Х.Дамдин агсны хичээл зүтгэлийн талаар дурдалгүй өнгөрч боломгүй.
Өнөөдөр кино урлагийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг эвлэл, холбоо, академи тоогоо алдсан. Монголын кино академи гэсэн тодотголтой байгууллага гурав байх жишээтэй. Юун нэгдэж, нийлэх. Харин ч эсрэгээрээ тарж бутарч, хоорондоо ил, далдаар тэмцэлдэх болсон.
Кино урлагийн талбарт байдал ямар байдгийг хууль батлахаар зэхэж буй УИХ-ын гишүүд мэдэж байх хэрэгтэй, асуудалд ул суурьтай хандаж шийдвэр гаргаасай гэсэндээ бичиж буй юм. Кино урлагийг дэмжих сан байгуулаад, тухайн сан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэн нэгний тэргүүлдэг төрийн бус байгууллагад өгөх юм бол бахь байдаг завхрал нэгээр нэмэгдэнэ. Кино бүтээх төсөл боловсруулсан багийн ахлагч тухайн байгууллагын тэргүүнийг царайчлах, гуйж, гувших, хахуульдах гэх зэрэг хаана ч байдаг “сонгодог” арга барил руу шилжинэ. Түүний оронд дээр дурдсанчлан олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдийг шагнаж урамшуулдаг журмын жишгээр хэн сайн байгаад нь олгох нь шударга юм. Кино бүтээх төслүүдийг уралдаант шалгаруулалтад хамруулж, мэргэжлийн шүүгчдээр дүгнүүлж, байр эзлүүлэн зохих хөрөнгийн дэмжлэг үзүүлдэг байхаар хуульчлах нь зүйтэй санагдана. Шүүгчид “харанхуй”-гаар ажиллана. Өөрөөр хэлбэл, тэдэнд хэний, аль багийн төсөл болохыг мэдэгдэхгүй гэсэн үг. Мөн олон улсын жишгээр төсөлд шаардагдах хөрөнгийн тодорхой, 20-30 хувийг санаачлагчид хувиасаа гаргасан байхыг шаардах хэрэгтэй. Кино бүтээсэн түүх, туршлагатай, төрөөс олгох хөрөнгийг салхинд тавиад туучихгүй багт итгэл хүлээлгэх нь Засгийн газрын хувьд олон нийтийн болоод олон улсын өмнө хүлээх үүрэг байхаар хуульчлахаа парламент мэдэх буй за. Мэдээж залуу уран бүтээлчдийг үл тоомсорлож болохгүй. Тэдэнд зориулсан зүйл, заалтыг тусгай шалгууртайгаар тусгаж өгөх байх. Мөн хуулийн төслийн анхны хувилбараас харахад түүхэн, хүүхдийн сэдэвт кинонд голчлон анхаарахыг хуульчлах гэж буй мэт байсан. Залруулсан байх. Кино урлаг нь дэлхийд олон жилийн түүхэн хөгжилтэй агаад орчин үед төрөл, хэлбэр, хийц, хэмжээгээр ч олон янз болсон. Богино хэмжээний бүтээлээр гүн гүнзгий утга, агуулгыг илэрхийлэх нь ч бий. Энэ төрлийн кино наадмууд олон улсад байдаг. Энэ мэтийг дурддаг нь кино урлагт дэвшилтэт үзэл санаагаар хандаж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах шаардлагын доор цоо шинэ хуульд хандах аваас хөгжлийн шатаар авирахад дөхөм нэгэн гишгүүр болох буй за.
Түүнээс биш үзэгчдийг кино театрт хэдэн өдөр бужигнуулж байгаад удалгүй ор тас мартагддаг нэг удаагийн алчуур шиг бүтээл ар араас нь үйлдвэрлэж дадсан өнөөгийн хандлагыг хуулийн хүрээнд санхүүгээр тэтгээд байх юм бол хууль харин ч нийгмийн оюун санаанд гай болно. Өндөр хөгжилтэй орнууд, Азийн улсууд ч кино урлагаа дэмждэг хуультай байх агаад улс орнуудын парламент нь тухайн цаг үед нийгэмд нь тулгамдаад буй асуудлыг шийдэхэд урлагийг тодорхой хэмжээгээр ашиглахын тулд киноны тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж явдаг тухай мэргэжилтнүүд ярьж байсан. Тийм ч учраас олон улсын алдартай кино наадмуудын шалгуурт дүрвэгсэд, цагаачлал, ижил хүйстэн, хүний наймаа, мансуурал гэх зэрэг асуудлыг хөндсөн, эсэхийг хамааруулж шүүх нь байдаг аж. Манай улсад ийм асуудал элбэг биш гэж үзэн, тойрч “давхиж”, олон улсын асуудал тэндээ л юм байгаа биз, харин бид эндээ жалга, довынхоо эргэн тойронд алиалж, марзаганасан шигээ, эсвэл уйлуулж, хайлуулаад байж байвал тэр нь кино гэж эндүүрэхтэй адил хуульд хандвал энэ нь хөгжил тийш бус эсрэгээрээ ухрах араанд залгахтай адил болох юм. Өөрөөр хэлбэл, киног урлаг талаас нь хандаж, олон нийтийн хүсдэгийг, тэдэнд таалагддагийг үзүүлж, цэнгэн баярлуулахад бус, харин сэтгэл санаа, бодол, үзэлд нь нөлөөлөхүйц бүтээл төрүүлэхийг дэмжих чиглэлийг гол баримтлалаа болгон хуульд хандаасай хэмээн хүснэ.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд гадаадын киноны уран бүтээлчдийг улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй явж, зураг авч, зарим нь бүтээлээ бараг бүтэн туурвиад явдгийг болиулна, холбогдох яамнаас зөвшөөрөл олгодог болно гэх маягийн концепц буйг зарим хүн монгол уран бүтээлчдэд ийнхүү хандах нь хэмээн ташаа ойлгосон бололтой байсан. Тийм ойлголт, санаархал энэ хуулийн төсөлд үгүй аж.
Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдэх үед зарим гишүүн Соёлын сайд С.Чулуунаас асуулт асуухдаа зөвхөн кино урлагийг татвар төлөгчдийн мөнгөөр дэмжих асуудлыг яагаад чухалчлаад байгаа, балет, дуурийн уран бүтээлчдэд анхаарал илүү хандуулах нь үр дүнтэй хэмээж ч байсан юм. Сайд хариуд нь соёл, урлагийн салбарт төрөөс дэмжвэл зохих бүхий л цэгт хүрч ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Кино нь нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байтал сүүлийн үеийн уран бүтээлчдийн гараас гарсан нь залууст буруу үлгэр дуурайл болохуйц, ёс зүйн зохисгүй агуулгатай байх болсныг шүүмжилж байлаа. Тиймээс кино урлагийг хуулиар дэмжих гэж байгаа бол тухайн киноны хийц, агуулгад цензур тавих, түгээх асуудлыг хянах зохицуулалт хэрэгтэй ч гэж байв.
Тийм ээ, чухам ийм учраас төрөөс дэмжлэг, санхүүжилт хүссэн баг бүрт бус мэргэжлийн, шалгарсан уран бүтээлчдийг дэмжиж ажиллах нь ирээдүйн өмнө хүлээх ариун үүрэг санагдана. Тийм ч учраас кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Төрийн бодлогоор кино хийнэ гэж байхгүй. Гагцхүү төрийн дэмжлэг л хэрэгтэй. Кино нь уран бүтээлийн эвлэл, холбоодын хийх ажил. Харамсалтай нь,- салбарт эвлэл, холбоо, академи олон байна. Уран бүтээлчид нэгдэх ёстой байтал бүр хуваагдаад байх юм” гэсэн байх.