Орон нутгийн ээлжит сонгуульд эрх баригч МАН нийслэл, аймаг, дүүрэг, сумдад ялалт байгуулж, олонхын байр сууриа хадгаллаа. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34, 21 аймгийн 13, есөн дүүргийн гурав, 330 сумаас 185-д нь олонх болж, ялалт байгуулав. Гэхдээ нийслэлд өмнөхтэй адил суудал авч, 2016 онд АН-д гурван дүүрэг “алдаж” байснаа нэг болгон бууруулсныг эс тооцвол эрх баригчдын амжилт уруудав. 2016 оны ээлжит сонгуулиар Ардын нам 19 аймаг, 220 гаруй сумд ялалт байгуулсан бол энэ удаа 13 аймагт олонх болж, 140 гаруй сумд ялагдсан байна. Нөгөө талаас энэ удаагийн сонгуулийн санал хураалтын цагийг богиносгож, ирцийн босго тогтоогоогүй нь сонгогдсон төлөөлөгчдийн “чанар” тааруу болохыг илтгэх нэг үзүүлэлт гэлтэй. Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээнд ирцийн мэдээллийг хараахан нэгтгэн хүргээгүй бөгөөд 20.00 цагт хаасан санал хураалтад 19.00 цагийн байдлаар нийт сонгогчийн тал хувь нь оролцоогүй байв. Нийслэлд гэхэд л дөнгөж 40 гаруй хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, өмнөхөөс цөөн хүний саналаар буюу “жаран чавганц уралдахад нэг нь түрүүлэх” зарчим үйлчилсэн гэхэд болно.
...Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34, 21 аймгийн 13, есөн дүүргийн гурав, 330 сумаас 185-д нь олонх болж, ялалт байгуулав. Гэхдээ нийслэлд өмнөхтэй адил суудал авч, 2016 онд АН-д гурван дүүрэг “алдаж” байснаа нэг болгон бууруулсныг эс тооцвол эрх баригчдын амжилт уруудав...
Өнгөрсөн сонгуулиар Ардын намынхан нийслэлийн ИТХ-д мөн ийм хэмжээний суудал авч, бусад 11 төлөөлөгч нь АН-ынх байв. Харин энэ удаа АН-ын төлөөлөл цөөрч, ХҮН гурван суудалтай боллоо. Өмнө нь нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-ынхан олонхыг бүрдүүлж байсан. Харин сая тэд Сүхбаатар дүүрэгт л илүүрхэв.
Хэдийгээр эрх баригчид сүүлийн хоёр сонгууль дараалан илүүрхсэн үнэмлэхүй олонхын байр сууриа нийслэлийн ИТХ-д хадгалсан ч засаглаж байсан аймгуудаасаа АН-д алдав. Тодруулбал, АН өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар, Завхан аймагт л илүүрхэж байсан бол энэ удаа найман аймагт олонх боллоо. Гэхдээ Завхан аймгийн ИТХ-д АН-ынхан олонхын байр сууриа хадгалж чадсангүй. Харин Хөвсгөл, Увс, Архангай, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь аймгийн ИТХ-д тэд илүүрхжээ. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонхоороо “улирч”, Засгийн газрыг дангаараа байгуулсан МАН-ынхны хүссэнчлэн тэдний “нуруунд” иргэд, сонгогчид ачааг үүрүүлсэн шиг үүрүүллээ. Нийслэл, аймаг, дүүрэг, сумын түвшинд ч “Хамтад нь сонгоорой. Багаар нь дэмжээрэй. Бидэнд бүтэн дэмжлэг хэрэгтэй байна. Дээр, дооргүй нэг намын хүмүүс ажиллавал ёстой санаа амар, сайтар зүтгэнэ” гэсээр үнэмлэхүй олонх болсон Ардын намынханд одоо ачаагаа үүрсэн шиг үүрч, ам, ажлаа зөрүүлэлгүй зүтгэх л үлдлээ. Энэ хэрээр сөрөг хүчин болох АН, иргэд, сонгогч, олон нийтийн хяналт юу юунаас чухал билээ.
ДАРААЛСАН ЯЛАЛТЫГ ШАГНАХ УУ
Ялагдсан нь хариуцлага хүлээж, амжилттай оролцсон нь “шагнуулах” учиртай. Нийслэлийн хэмжээнд амжилтаа ахиулсан МАН-ын хороо, удирдлагыг нь ямар “бэлэг” хүлээж буй бол. Хөдөөд “хөл” сайтай Ардын намыг УИХ-ын энэ удаагийн сонгуулиар Улаанбаатарт анх удаа үнэмлэхүй ялуулсан нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар улираагаагүй. Иймд нийслэлийн дараагийн Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт түүний оролцоо өндөр байх болов уу. Тэгээд ч МАН-ын дүрмийн дагуу тухайн шатны намын байгууллага сонгуульд ялалт байгуулбал ИТХ-ын дарга, Засаг даргаар хэнийг сонгож, томилуулах талаарх саналаа Удирдах зөвлөлдөө хүргүүлэх эрхтэй. Нийслэлийн МАН-ын хорооны дарга
Д.Сумъяабазар “Манай намаас нийслэлийн Засаг даргад эх орон, хотын хөгжлийн төлөө ажиллах сэтгэл, зүтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, ажлын дадлага, туршлагатай байх шалгуур тавьж байгаа. Үүнээс гадна “Алсын хараа-2050” хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж, багаар ажиллах чадварыг суурь шалгуур болгоно. Эдгээр шалгуурын дагуу ярилцаж байгаад нийслэлийн Засаг даргыг богино хугацаанд зарлах болно” хэмээн онцолсон. Юутай ч нийслэлийг “удирдах” хүмүүсийн нэрийг ч эхнээс нь тодруулчихаж. Нэгэнт Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн тул тэрбээр нийслэлийн МАН-ын хороог хамтран удирдаж буй Н.Алтаншагайг томилуулах болов уу гэж цөөнгүй эх сурвалж өгүүлэв. Мөн нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй олон хүнийг хэдийн “нэр дэвшүүлээд” байна.
Улаанбаатар хот бол том эдийн засаг. Нийт хүн амын талаас илүү нь аж төрж байгаа нийслэлийг удирдах нь хүн бүрт тохиох завшаан биш. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдэл, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг эхнээс нь хуульчилж байгаа тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ удаагийн сонгууль урьд урьдынхаас илүү “өрсөлдөөнтэй”, төлөөлөгчөөр сонгогдохын төлөө хэн хүнгүй хүчин чармайлт гаргасан “уралдаан” болж өнгөрөв. “Хар машин”-ыг хакердах тухай яриа, энд тэндгүй мөнгө тараасан гэх мэдээлэл нь орон нутгийн сонгууль УИХ-ынхаас ч илүү амь дүйсэн өрсөлдөөн болсон мэт сэтгэгдэл төрүүлж байсан билээ. Иймд Улаанбаатарын агаарын бохирдлыг 80, тоосжилтыг 50 хувь бууруулах амлалтыг нь нэхэж, шаардах хэрэгтэй. Цаашлаад нийгмийн даатгал төлдөг, бага, дунд орлоготой иргэд анх удаа байр худалдан авахад урьдчилгаа төлбөр шаардахгүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцын зээлд хамруулна гэснийг нь цаг ямагт сануулах учиртай. Цахилгаан соронзон болон дүүжин замын тээврийн хэрэгслээр зорчдог, түгжрэлгүй Улаанбаатарыг хүлээх л үлдлээ.
ХҮН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨВ
МАН-ын удирдлага цаашид ялагдсан аймаг, сум, дүүргийн шат шатны намын байгууллагыг шинэчилж, өөрчлөх замаар иргэд, сонгогчдын итгэлийг олж авахын төлөө ажиллахаа илэрхийлсэн. Тухайлбал, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг, орон нутгийг удирдсан хүмүүст иргэд дүнгээ тавилаа. Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намын гишүүн байсан зарим хүн бие даан өрсөлдөж, МАН-д ирэх саналыг хуваалаа. Гуравдугаарт, орон нутгийн намын байгууллагууд эв нэгдлээ хангаж чадаагүй. Намын дүрмийн дагуу ялагдал хүлээсэн орон нутгийн удирдлагууд хариуцлага хүлээж, 30 хоногийн дотор албаа өгнө” хэмээн тодорхой хэллээ. Харин нийслэлийн АН-ын удирдлага ямар хариуцлага хүлээх бол. Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа албан тушаалаа өгөх, эсэх, цаашлаад нэг жил болсон хоёр сонгуульд үнэмлэхүй ялагдсан намынхаа дотоод асуудлыг ярилцаж, удирдлагаа шинэчлэх их хурлаараа АН юу хэлэлцэхийг ирэх өдрүүд харуулна. Юутай ч Д.Пүрэвдаваа улсын бүртгэлийн байгууллагын “но”-той үйл ажиллагаанаас болж ялагдсан гэж бодож буйгаа нуусангүй.
Хэрэв нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшсэн 27 хүнд үнэмлэхийг нь олгохыг хориглосон захирамжаа шүүгч хүчингүй болгоогүй, тэд энэ удаа өрсөлдөөгүй бол ямар үр дүн гарах байсан бол. АН, МАХН, ШИНЭН-ын албан бус эвслийн сонгогдох төлөөлөгчийн тоо нэмэгдэх байсан уу. Эсрэгээрээ МАН-ын төлөөлөгчийн тоо өсөх байв уу. Юутай ч Монголын улс төрд ХҮН-гүйгээр гуравдагч хүчний орон зайг төсөөлөх аргагүй болсныг энэ удаагийн сонгууль батлав. Тэд нийслэлийн ИТХ-аас гадна дүүргүүдэд 10 төлөөлөгчтэй болж чадлаа. Гэтэл есөн дүүргийн ИТХ-д АН, МАН, ХҮН-аас гадна МАХН, МНН-ын тус бүр нэг төлөөлөгч сонгогдов. МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүн С.Ганбаатар “Орон нутгийн сонгууль манай намд хүнд цохилт боллоо” хэмээсэн байна лээ. Хоёр “ах” намаас тасарсан МАХН, ШИНЭН гэхэд л нийслэлийн ИТХ-д нэг ч суудал авсангүй. Харин тус намын дарга Б.Найдалаа УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд өвдөг шороодсон тул хариуцлага хүлээх, эсэх тухай яриа хөндөгдөнө. Цаашлаад парламентад суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх гэх зэрэг дотооддоо ярилцах олон асуудал ундарна. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус намд элсэж, ирэх жилийн сонгуульд нэр дэвшинэ гэх яриаг талуудын аль аль нь үгүйсгэнэ лээ.