“Өлөн бай”. Өчнөөн хүнийг хоолны хордлогод оруулчихаад ял зэмгүй өнгөрч л байдаг КФС хэмээх олон улсын сүлжээ түргэн хоолны газрынхан ийм үгтэй сурталчилгаа хийж нэлээд хүнийг бухимдуулсан нь саяхны явдал. Хэдэн “үртэс” гоожсон хоосон аяганы зураг дээр “Өлөн бай” гэж бичсэн нь үнэндээ бол сурталчилгаа гэхээсээ илүүтэй доромжлол байсан гэж олон иргэн нийгмийн сүлжээнд саналаа хуваалцсан. “Зөв маркетинг” хэмээн алга ташсан нь ч байв. Дэлхийд нэр хүндтэй компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын “Stay hungry. Stay foolish” хэмээх захиас үгийг хэтэрхий махчлан орчуулж, буруу ойлголт төрүүлжээ гэж эерүүлэн бодсон хүн ч цөөнгүй байж, нийгмийн сүлжээгээрээ дамжуулан “гал” намжаахыг оролдсон. Иргэдийн энэ “тайлбар” үүнийх нь санаа байсныг тус газрынхан дүрсжүүлсэн сурталчилгаагаараа дамжуулан өгүүлсэн. Үүнтэй зэрэгцээд уг сурталчилгаанд бусдын оюуны өмчийг хулгайлсан гэх маргаан дэгдэх болов. Энэ бол харин хууль зөрчсөн тусдаа асуудал.
КФС-гийн Монгол дахь салбарын эл сурталчилгааг иргэд буруутгасан, өмөөрсөн, үл ойлгосон алин болохыг энд шүүх гэсэнгүй. Хамгийн гол нь битүү утгатай сурталчилгаа нь хүмүүсийг төөрөгдүүлсэнд л учир байгаа юм.
Зар, сурталчилгаанд далд утга нуух, андуурагдах, төөрөгдүүлэх агуулга, хэлбэртэй байхыг хуулиар хориглодог жишиг олон улсад бий. Монголд ч ийм. Гэхдээ хууль, журмаа биелүүлдэг, эсэх, биелэлтэд хяналт тавьдаг, үгүй нь “мэдэгдэхгүй” учраас хэн дуртай нь хүссэнээ ярьж, үзүүлж, сурталчилдаг болохоор иргэд ийнхүү “рекламанд зодуулдаг”, үүнээс болж буруу сонголт хийхэд хүрдэг жишээ манай нийгэмд өчнөөн. Жишээ нь, олон нийтэд танигдсан том байгууллагын нэрийг “зээлчихсэн” нэг сургууль бий. Тодруулбал, товчилсон нэрийг нь өнгөц, анзааргагүй харахад МУИС гэж андуурагдахаар. МҮИС буюу Монголын үндсэний их сургуулийг зарим хүн Монгол улсын их сургууль хэмээн эндүүрдэг. Монголчууд яах вэ, тэгж байгаад учрыг нь олоод мэдчихээд андуурч явснаа ойлгочихно. Харин эл товчилсон нэрнээс болж олон улсын байгууллагуудад андуурал үүсэж, илгээмж, захидал “төөрдөг” болохыг холбогдох яамных нь хэвлэлийн ажилтан цахим хуудсандаа бичиж байлаа. Иймэрхүү гомдол тасардаггүй учраас МУИС нэрээ “цэвэрлэх”-ээр 2013 оноос хойш өдийг хүртэл хуулийн байгуллагад хандсаар л. 1942 онд байгуулагдсан Монгол Улсын их сургууль буюу англиар National university of Mongolia нэрийг “хуурамч Дамбийжаа” 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлснийг шалгалтаар тодорхой болгосон байдаг.
Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл юм. Тиймээс ч Гандангийн ойролцоо байдаг МҮИС-ийг нэршлээ солихыг үүрэг болгосон ч маргааныг эцэслээгүй учраас Засгийн газартай хил залгадаг жинхэнэ МУИС өнгөрсөн есдүгээр сард дахиад л үнэний эрэлд гарав. Өнгөц ойлгоход нэрийн л маргаан мэт боловч үнэндээ элсэгчдийг төөрөгдүүлэх том луйвар гэдгийг энэ жишээ харуулна. Хэдэн жилийн өмнө үүнтэй төстэй маргаан агаарын тээврийн салбарт, тодруулбал, МИАТ болон “Mongolian аirlines” компанийн дунд үүссэн. Нэр давхцуулах луйврын маркетинг хийсэн талынхан “Монголиан аэрлайнес” буюу латин галигаар “Mongolian аirlines” нь “МИАТ Mongolian аirlines” гэж адилхан бичигдэх нь үнэн ч МИАТ ХК латин галигаарх нэрээ Монгол Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, баталгаажуулсан, эсэх нь тодорхойгүй” хэмээн даналзаж байлаа. Үнэндээ энэ нь олон улсын түвшинд том төөрөгдөл үүсгэх хуйвалдаан, луйвар байсныг МИАТ-ийнхтэй адилаар зориуд сонгосон шар, цэнхэр өнгөтэй лого, танилцуулга нь баталдаг. Тэгээд зогсоогүй “хуурамч Дамбийжаа” энэ бүхнээ олон улсад танилцуулчихсан байж билээ. Реклам “төдийхнөөр” олон улс дамнасан луйвар хийдгийн том жишээ энэ.
Сурталчилгаа үнэн, зөв байх ёстой. Худал мэдээлэл түгээвэл тухайн хүн, байгууллага, аж ахуйн нэгж хариуцлага хүлээнэ гэдгийг хуульд мөн л заачихсан. Гэтэл Монголд үнэнд нийцэхгүй нь тун ойлгомжтой худлаа зар, сурталчилгаа “явж” л байдаг. “Бид хамгийн анхдагч. Манай бүтээгдэхүүн цор ганц. Экологийн цэвэр бүтээгдэхүүн. Будагч болон химийн бодис ороогүй. Хаана ч байхгүй хямд үнэ” гэх мэт гоё үгийг бид бараг бүх зар, сурталчилгаанаас уншиж, сонсдог. Жишээ нь, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэх хиаманд нитрит орсон л байдаг. Е249, Е250 гэсэн тэмдэглэгээ бүхий нитрит бол химийн бодис. Үүнийг аливаа бичил биетийн өсөлтийг сааруулах, махан бүтээгдэхүүний өнгийг сэргээх, амтлаг болгох, ханаагүй тосны хүчлээс үүсэх үнэрийг дарах зорилгоор хиамны үйлдвэрүүдэд өргөн хэрэглэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Нитритийн давс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг мэдсээр атлаа бид сурталчилгаанд нь итгээд л сонголтоо хийдэг нь үнэн. Зар, сурталчилгааны хүч, нөлөө ийм бөлгөө.
Зар сурталчилгаа нь бараа бүтээгдэхүүнээ борлуулагч болон хэрэглэгчдийн хооронд үүсдэг өргөн хүрээтэй харилцаа юм. Үйлдвэрлэгч тал бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, давуу болон онцлог байдлаа харуулахын тулд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгчдийнхтэйгөө харьцуулж болно. Гэхдээ бусдынхыг өөлж, муучилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж болохгүй. Төөрөгдөлд оруулна гэдэг нь хүний сонголтод хүч хэрэглэж байгаагаас ялгаагүй. Үүнээс гадна үйлчлүүлэгч хүсээгүй байхад өөрийн давуу байдлыг ашиглах, байгууллага хоорондын гэрээгээр өөрт ашигтай байдал үүсгэн хэрэглэгчийн хувийн орон зайд сурталчигааны “хүчин” хийдэг бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл манай бизнесийн томоохон байгууллагуудад бараг жишиг болчихжээ. Энэ утгаараа бид өдөр болгон шахам сурталчилгааны хүчирхийлэлд өртөж байна. Үүний хамгийн том төлөөлөгч нь “Скайтел” компани. Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлдэг давуу талаа тэд ашиглан иргэдийн гар утсанд шууд дуудлага хийгээд элдвийн зар, сурталчилгаагаа цацдаг. “Нэкст электроникс” хэд хоногийн өмнө хямдралын сурталчилгаагаа мөн л үүрэн харилцаагаар дамжуулан, иргэдийн санал, хүсэлтийг үл харгалзан шууд тулгаж төвөг болсон. Эмнэлэг рүү яарч, сандарч явсан нэг хүн ийм хүчирхийлэлд өртсөндөө улам бухимдсан талаараа ярив. Тэрбээр эл дуудлага хэдэнтээ ирсэн талаар тухайн утас руу залгаж гомдолложээ. Хариуд нь “Ойлголоо” л гэж. Хэдэн минутын дараа хэрхэн ойлгосноо илтгэх мэт дахиад л “хүчиндсэн” гэдгийг тэрбээр “Маркетингийг ийм муйхраар хийж болохгүй. Ёстой бүдүүлэг” гэж тодорхойлов.
“Монголд зар сурталчилгаа хэрэглэгчийн сэтгэл зүйн сул талыг ашиглах хэрэгсэл болжээ” гэж Германд амьдардаг нэг уран бүтээлч шүүмжиллээ. Бизнесийн байгууллагууд мэдээллийг нуун дарагдуулах, хэтрүүлэх, хууран мэхлэх нь манайд энгийн үзэгдэл болсныг тэрбээр өнөөх “Өлөн бай” сурталчилгаагаар жишээлэн тайлбарлаад “Худал, хэтрүүлэгтэй сурталчилгаа хүний эрүүл мэнд, амьтай ч холбогдохыг үгүйсгэхгүй. Энэ утгаараа эрүүл, амьд явах үндсэн эрхийг нь зөрчиж байгаа гэмт хэрэг. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн шударга өрсөлдөөнийг хангахад төрийн бодлого хэрэгтэй” гэлээ.
Багачууд адтай. Аливааг амархан цээжилж, тусгаж авдаг тэд зурагтын рекламыг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авдаг. Түргэн хоолны сурталчилгаа тэднийг хамгийн их өдөөдгийг аав, ээж, эмээ, өвөө нар андахгүй дээ. Зурагтаар “Пиццаны реклам гарах вий” гэж айдаг талаараа нэгэн ээж автобусанд утсаараа ярихыг сонссон. Бусдын яриаг энд “зээлэх” болсондоо хүлцэл өчье. Түүний гурван нас гарантай хүү зурагтаар цацдаг хоолны реклам үзэх дуртай. Зүгээр нэг үзэхгүй, тэр зүйлийг авч өгөхийг нэхээд “дайн” болдог гэсэн. Америкийн судлаачдын дүгнэснээр бол хүүхдүүд ямар нэгэн бүтээгдэхүүний сурталчилгааг есөөс олон удаа үзсэн тохиолдолд заавал авахыг хүсэж, эцэг, эхээ “шаналгадаг” гэнэ. Тэгэхээр манай телевизүүд түргэн хоолны сурталчилгааг ямар давтамжтай явуулдаг билээ, бодох л асуудал.
Монголд Зар сурталчилгааны тухай анхны бие даасан хууль 2002 онд гарснаас гадна Иргэний болон Эрүүгийн, Архидан согтуурахтай тэмцэх, Тамхины хяналтын, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай зэрэг хуульд зар сурталчилгаатай холбогдсон заалтууд бий. Тэдгээрт бараа, бүтээгдэхүүний сурталчилгааг ил, далдаар нь ангилан, яавал хориотойг нарийвчлан тусгасан байдаг ч хэрэгжүүлдэггүй учраас массаж, сауных гэх тодотголтой, мөн эм, эмнэлгийн бүтээгдэхүүний заруудыг иргэд ямар ч хяналтгүй явуулсаар байна. Гудамж, талбайд байршуулсан, наасан зар, сурталчилгаанаас үүнийг харж болно. Мөн зар, сурталчилгааны төрөлжсөн сониноос иймэрхүү зүйлийг хангалттай уншина. Чалх сайжруулдаг, тураадаг, зулбуулдаг, бэлгийн замын өвчинд уудаг гээд элдвийн эм, тарианы зарыг ил тод нийтэлсэн байдаг. Тэр ч бүү хэл, гадаадад ажилд зуучилна гэсэн зар өчнөөн. Угтаа бол үүнийг хүн наймаалах гэмт хэрэгтэй холбоход гэмгүй гэж хуулийн байгууллагын учир мэдэх нэгэн хэлсэн.
Энэ мэтээр Монголд зар, сурталчилгаа нэрээр иргэдэд халтай үйл ажиллагаа явуулаад, сурталчлах нэрээр сүйд хийж байгаад хяналт тавих газрууд ажлаа хийхгүй бол горьгүй болжээ. Хүн өөрт байгаа эд зүйлийг зарах, аж ахуйн нэгж, байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа ухаан сийлж, уралдаж ажиллахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн хүрээнд явахгүй бол сурталчилгаа нэрээр нийгмийн сэтгэл зүйг хүчирхийлэх хандлага түгээмэл боллоо.
АНУ-д хууль бус зар сурталчилгааг ёс зүйн асуудалд тооцож, хариуцлага үүрүүлдэг тогтолцоотой юм билээ. Энэ бол маш шударга, хамгийн зөв зохицуулалтаас гадна ёс зүйн төлөвшилд нөлөөлөх арга болов уу. Хэд хоногийн өмнө автобусанд явж байхдаа FM-ээр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн талаарх сурталчилгаа сонслоо. Мөн ч уян яруугаар уншин танилцуулав. Ингэхдээ хөтлөгч эмэгтэй жигтэйхэн сэтгэл хөдлөлтэй, итгэл төгсөөр “Олон улсад итгэмжлэгдсэн банк бус санхүүгийн байгууллага. Олон жилийн туршлагатай хамт олон. Танд ашигтай” гэхчлэн тун ч мэдэмхийрэн бурж байна лээ. “Хүний амьдралыг шийдэх том асуудлыг аман зоргоороо ярьж, сурталчилдаг ямар бөх зүрхтэй хүүхэн бэ. Үүнд нь итгээд алдвал энэ хүүхэн хариуцлага үүрэх юм байх даа. Ямар ёс зүйгүй юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ингэж ашиглаж болохгүй” зэргээр автобусаар зорчигч настнууд санал бодлоо солилцож байлаа. “Зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага, хувь хүн бүрэн хариуцна” гэж Зар сурталчилгааны тухай хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан ч тэр зүйлийг авахаас өөр гарцгүй болтол “буланд шахдаг” тэр хөтлөгчид хүртэл хариуцлага, итгэл үнэмшил байх ёстойг санахад илүүдэхгүй буй за.
Яг үүн лүгээ адил сүлжээний бизнест итгэсэн өчнөөн иргэн өнөөдөр хохирогч болсныг ч санах ёстой.