АН-ын төв байр С.Эрдэнийн “Шонхор тауэр”-ээс Л.Болдын “Бодь цамхаг” руу нүүсэн. Нэгэн цагт С.Эрдэнэд хөөгдөж явсан Л.Болд гэдэг хүний байр суурь одоо энэ намын бодлого, үйл ажиллагаанд шийдвэрлэх нөлөөтэй байна гэсэн үг. Байргүйн улмаас байнга нүүж, буурь сэлгэдэгтэйгээ адил бодлогогүй, үзэл баримтлалгүй нам гэвэл энэ буюу. АН-ын гэх үзэл баримтлал үгүй болж, “эзэн” суусан нэгний үг, үйл хөдлөл нь энэ намын бодлого, үйл ажиллагааг тодорхойлж байна.
...ШИНЭН-ын Төв зөвлөлийн дарга Л.Болдын байранд төвхнөж, Төрийн тэргүүн болохыг туйлаас хүссэн нэгэн түүгээр дамжуулан нөлөөгөө тогтоож байгаа нь АН-ынхны хувьд эмгэнэл гэлтэй. МАН, АН гэж холбоо үг мэт хоршиж, МАНАН хэмээн муулуулдаг ч Монголын улс төрийн голлох хоёр хүчний нэг энэ намыг хэн дуртай нь “эзэмшиж”, ивээлдээ авч буйг харах уйтай байна...
Л.Болд гэж хэн билээ. 1990 онд хувьсгал хийлцэж, ардчилсан Үндсэн хуулийг батлалцсанаараа бахархдаг тэрбээр УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Батлан хамгаалахын болон Гадаад харилцааны сайдаар томилогдож явсан нэгэн. Өнгөрсөн намар ШИНЭН-ыг үүсгэн байгуулж, энэ зун УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсоноосоо хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. Л.Болдоор дамжуулан АН-д өнөөгийн Төрийн тэргүүн өөрийн байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа гэх яриа гарах болсон нэгээхэн шалтгаан нь ч энэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд жил хүрэхгүйн дараа болох сонгуулиар АН-аас нэр дэвших нь гол зорилго. ШИНЭН-ын Төв зөвлөлийн дарга Л.Болдын байранд төвхнөж, Төрийн тэргүүн болохыг туйлаас хүссэн нэгэн түүгээр дамжуулан нөлөөгөө тогтоож байгаа нь АН-ынхны хувьд эмгэнэл гэлтэй. МАН, АН гэж холбоо үг мэт хоршиж, МАНАН хэмээн муулуулдаг ч Монголын улс төрийн голлох хоёр хүчний нэг энэ намыг хэн дуртай нь “эзэмшиж”, ивээлдээ авч буйг харах уйтай байна.
Эхлээд байрны тухайд цөөн зүйл сануулъя. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа АН-ын тухайн үеийн удирдлага ялагдалдаа хариуцлага хүлээж, С.Эрдэнийг тус намын даргаар сонгосон. Удалгүй 2017 оны эхээр С.Эрдэнэ “Шонхор тауэр”-ээ “Ардчиллын өргөө” хэмээн нэрийдэж, намын байраа тэнд төвхнүүлснээ зарлаж, тууз хайчилсан түүхтэй. С.Эрдэнээс ялгаатай нь энэ удаа АН-ын төв байрыг “Бодь цамхаг” руу чимээгүйхэн нүүлгэчихсэн. Эл байрны эзэн Л.Болд “АН өөрийнхөө оффисыг хаана байрлуулах нь тэдний асуудал. Аль нэг оффист байрласнаар хэн нэгэн хүний намын харьяалал өөрчлөгдөнө гэсэн үг биш. Би ШИНЭН-ын Төв зөвлөлийн дарга хэвээрээ” хэмээн тайлбарласан байдаг.
Гэхдээ “Цаашид ШИНЭН АН хоёрын нэгдэх үйл явц үргэлжилнэ” гэж тэр хэлсэн. Шинээр байгуулсан намаасаа гарч, төрхөмдөө буцна, эсвэл АН-д ШИНЭН-ыг нэгтгэнэ гэж дуугарсангүй. Сайн, муугаар хэлүүлж, сүүлийн 30 жилд МАН-тай ээлжлэн төр барьсан АН-ыг шинэхэн, байгуулагдаад жил гаруй болж буй ШИНЭН-тай нэгдэх мэтээр ярьсан нь түүний хувьд одоогийн байр сууриндаа тун итгэлтэй байгааг илэрхийлэх мэт санагдана. Гэхдээ ШИНЭН-ыг үүсгэн байгуулж, удирдаж яваа хүний хувьд бус, С.Эрдэнийг явсны дараа АН-д өөрөө өөрийгөө аваад ирсэн “өвгөн партизан”-ы додигор өнгө тодруулах аж. Өөрийг нь С.Эрдэнэ намаас хөөсөн гэж Л.Болд гомдоллодог бол “АН-аас урвасан” гэх тодотголыг өмнөх удирдлага нь түүнд тохдог. Түүний зөв, үүний буруу гэж энд шүүхгүй ч аль ч талаараа АН-д улс төрийн хүчний үнэт зүйл, үзэл баримтлал бус, хувь хүний байр суурь, аль нэг даргын бодол хүчтэйг тэдний маргаан илчилчихсэн.
Орон нутгийн сонгуульд АН ШИНЭН, МАХН-тай албан бусаар эвсэн оролцож буйг “Маш зөв, АН шинэчлэгдэж байна” хэмээн Л.Болд тодорхойлсон. ШИНЭН-ын Төв зөвлөлийн дарга бус, АН-ын даргын хувиар яриад байгаа нь бас л анзаарагдахгүй байна гэж үү. Үнэндээ УИХ-ын сонгуулиас хойш С.Эрдэнэ АН-ын даргын тамгаа ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд шилжүүлснээс өөр юу болов. Дараалсан ялагдлаа дүгнэж, хариуцлага тооцохын тулд юу хийв. Харин ч АН-ын саналаас хумсалж, ялагдалд нь яах аргагүй хувь нэмэр оруулсан хүмүүс эгэлгүй “баатар”-ын дүрээр эргэн ирж, “Шинэчлэгдэж байна” хэмээн жишим ч үгүй ярьж явна. Дарга дагаж, тамга шилжүүлэн, хэн нэгэн ирж, буцсанаар улс төрийн нам шинэчлэгддэг бол хойшид хоёр “том” намын нэг хэмээн АН-д найдах хэрэг алга. Үнэндээ АН орон нутгийн сонгуульд ШИНЭН-аар тогтохгүй МАХН-тай “эвсэж”, мандатаа хуваалцсан нь гишүүд, дэмжигчдийнх нь нэлээдийг эргэлзэхэд хүргэсэн. “УИХ-д Ардын нам үнэмлэхүй олонх болсон учраас орон нутгийн түвшинд АН-ыг дангаар нь дэмжмээр байв ч тэдэнтэй хамтарсан МАХН-д саналаа өгөх нь хайран юм” хэмээн байр сууриа илэрхийлж, ацан шалаанд орсноо учирлаж буй хүн цөөнгүй байна. МАХН-ын нөлөө бүхий гишүүд ч үүнийг дэмжихгүйгээ хэлжээ. Тухайлбал, тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж МАХН-аас гарах өргөдлөө өгсөн байна. Шалтгаанаа тэрбээр “Аливаа нам үзэл баримтлалдаа үнэнч байж, түүний хэм хэмжээг хатуу сахин мөрдөж, түүгээрээ үнэлэгдэж, үлгэр жишээ болж явах ёстой. Гэтэл МАХН зүүн төвийн үзэл баримтлалтай атлаа баруун төвийн үзэл баримтлалтай намтай эвсэл болж сонгуульд оролцож буй нь байж болшгүй зүйл. Бүх зүйлд, үүний дотор улс төрд ёс зүй гэдэг эрхэм дээд шаардлага, шалгуур байдаг. Хувь хүн ч, улс төрийн намд ч энэ шаардлага хамаарна” хэмээн тайлбарласан.
Үнэхээр ч хэдхэн сарын өмнө тэд тэс өөр зүйл ярьж байв. Тухайлбал, МАХН иргэдийг орон сууцжуулах хүүгүй, урьдчилгаагүй зээлд хамруулах хөтөлбөр боловсруулаад УИХ-ын сонгуулиар баахан ярьсан. “Өрх бүрт орон сууц” үндэсний хөдөлгөөн гээчийг өрнүүлж, иргэдийг хүүгүй зээлд хамруулж, урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцад оруулна гэдгээ одоо ч ярьж л байгаа. Цаашлаад Улсаа Бүгд Найрамдах Монгол Улс (БНМУ) гэж нэрлэхээр тусгасан шинэ Үндсэн хуулийн төсөл гээчийг МАХН-аас санаачлан боловсруулж, орон даяар хэлэлцүүлсэн. Үндсэндээ ардчилсан Үндсэн хуулийн эсрэг, одоо байгааг орвонгоор нь эргүүлэх агуулга бүхий зүйлийг сүүлийн дөрвөн жилийн турш ярьж буй гэхэд болно. Ингэхдээ их, дээд боловсролыг үнэгүй олгоно, хөгжлийн бэрхшээлтэй болон 20-иос дээш жил хамт амьдарсан гэр бүлийг орон сууцаар хангана гэх зэргээр эрс өөрчлөх хүсэл агуулсан, гоё гоё амлалттай төслөө “Монгол хүн бүрт хамаатай” хэмээн тунхаглаж яваа. Харин ШИНЭН буюу Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын сонгуулийн үеэр гурваас дээш хүүхэдтэй айл, өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, нэг хүүхэдтэй, эсвэл хоёулаа хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулахаар ярьсан. Герман, Унгарын нэгэн адил төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэж, багш, эмч нарын цалинг хоёр сая төгрөгт, өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхээ тунхаглаж байсан санагдана. АН харин арай өөр зүйл ярьж байсан. Учир нь манай улс төрийн тулхтай гэгддэг хүчний хувьд АН дээрх намуудынх шиг популист амлалт өгөх эрх ч үгүй юм. Гэтэл одоо тэд нэг зүйл ярьж явна.
Орон нутгийн сонгуульд нийслэлд АН-ыг удирдаж байгаа Д.Пүрэвдаваа ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх байсан. Сонгуульд ялагдсаны хариуцлага хүлээж, намын даргын албаа өгөөд буй С.Эрдэнийг эсэргүүцэж, жагсаж, суулт зарлаж явсан тэрбээр түүнийг үдээд, эргэж ирсэн нь энэ. АН-ыг ялуулж, ирэх жилийн ээлжит сонгуульд нэр дэвших, цаашлаад ялалт байгуулах сууриа баттай тавьж чадах, эсэх нь энэ удаагийн орон нутгийн сонгууль, түүнд Д.Пүрэвдаваагийн ахалсан баг амжилттай оролцох, эсэхээс ихээхэн хамааралтайг эцэст нь дахин тэмдэглэе.