Хүн хэзээ насанд хүрдэг вэ. Дунд сургуулийн болон мэргэжил нэгт найзуудынхаа үүсгэсэн фэйсбүүкийн хоёр бүлгэмд ийм асуулт нийтлэв. Олонх нь дооглож буй бололтой, инээсэн хүний дүрс илгээсэн юм. Дөрвөн хүн л “албан ёсоор” хариулав. Яг л миний төсөөлж байсанчлан товч тодорхой, ойлгомжтойгоор “18 нас” гэж бичжээ. Лавшруулаад, гэрийнхнээсээ, ойр дотнынхноосоо асуулаа. Ганц хүнийг эс тооцвол бүгд л ижилхэн хариулав. Тэгвэл биднийг насанд хүрснийг юугаар үнэлж, батлах вэ гэж асуухад “Иргэний үнэмлэх” гэхээс өөр дорвитой хариулт хэлэх хүн нэг ч байсангүй, тэдний дунд. Харин “Википедиа”-д adult буюу насанд хүрсэн хүн гэдэг ойлголтыг тайлбарлахдаа сэтгэл зүй, хариуцлага гэдэг үгэнд тулгуурлажээ. “Бэлгийн бойжилтын хувьд нас бие гүйцсэн, биеэ даах чадвартай, сэтгэл зүйн хөгжлийн тодорхой шатанд хүрсэн, үүрэг хариуцлагаа ухамсарлах, хүлээх чадвартай хүнийг насанд хүрсэн гэж хүлээн зөвшөөрнө” хэмээжээ. Түүнчлэн хүн биологийн хувьд, хууль, эрх зүйн болон нийгмийн харилцааны түвшинд насанд хүрэх тухай тусгай ойлголт бийг онцолжээ. Өргөн агуулгаараа бол бие физиологи, сэтгэл зүйн хөгжил харилцан уялдаатайгаар нэгэн түвшинд огтлолцож, “уулзахыг” ийнхүү хэлдэг байна.
Харин Монголд үүнийг хоёр оронтой тоо (нас)-гоор хэмжих, иргэний үнэмлэх авсан, эсэхээр нь үнэлэх хандлага түгээмэл аж. Монгол хэлний тайлбар тольд ч энэ ойлголтыг “Амьдарсан жилийн тоо 18-д хүрэх” гэж тодорхойлсон байна билээ. Насанд хүрсэн хэмээн хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн ч төлөвшил, хандлага, сэтгэл зүйн хөгжлөөрөө “давжаарсан”, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй залуучууд олширсныг судлаач, мэргэжилтнүүд хөндөх болов.
Нийгэм, цаг үеийн хөгжлөө дагаад улс болгон тодорхой насыг хэмжүүр болгож, иргэдээ “эрийн цээнд” хүрснийг хүлээн зөвшөөрдөг. Японд гэхэд 20-той хүнийг насанд хүрсэн гэж үздэг бөгөөд үүнийг хоёр жилээр урагшлуулах саналыг улстөрчид нь удаа дараа гаргажээ. Мөн Америкийн зарим муж улсад 14-16 настнуудыг хууль, эрх зүйн бүрэн чадамжтай гэж хүлээн зөвшөөрдөг гэнэ. Харин монголчууд насанд хүрэхдээ дэндүү “хойрго” аж. Үүний үр дүнд залуусын дунд ажилгүйдэл, ядуурал газар авч, улс төр, нийгмийн оролцоогоороо бусад насныхнаас хол гээгджээ. НҮБ, манай Засгийн газартай хамтран хийсэн “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл”-ийн үр дүн үүнийг баталж байна. Энэхүү тайлан нь залуучуудын идэвх, нийгмийн оролцоо, хөгжлийн асуудлыг хамгийн ул суурьтай хөндсөн, анхны томоохон судалгаа аж.
Дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын эрэлт хэрэгцээ, элсэлт 2000 оноос тасралтгүй өссөн, хүүхэд, залуучуудын сурч боловсрох дундаж хугацаа хөгжингүй орнуудынхтай дүйх хэмжээнд буй ч залуучуудын чадамж “муу” байгааг уг тайланд онцгойлон дурджээ. Тогтвортой, бүтээмжтэй ажил эрхэлж, эдийн засгийн хувьд баталгаатай болох боломжийг нийгмийн зүгээс хангалттай олгодог ч залуучууд тэр орон зайг хангалттай ашиглаж, нөхөж чаддаггүйг мөн онцолсон байна.
“НҮҮДЭЛЧИН АХУЙ ЖИНХЭНЭ ХҮНИЙГ БЭЛТГЭДЭГ”
Философич С.Молор-Эрдэнэ “Монголчууд дэндүү нялцгай. Эцэг, эхчүүд нь хүүхдэдээ насанд хүрэх, биеэ даах боломж олгодоггүй. Үйл хөдлөл бүрийг нь хянаж цагдан, хошуу дэвсдэг. Хүүхдүүд ч эрхэлж, бүгдийг ээж, аавдаа даатгаад, өмнөөсөө гүйлгэдэг хэвшилтэй. Тусдаа амьдралтай болсон ч ээж, аавынхаа өврөөс гардаггүй. Нэгэнт эрүүл саруул өсгөөд, сургууль соёлд сургаж, боловсрол эзэмшүүлсэн бол хүүхдүүдээ “тавьж явуулах” хэрэгтэй баймаар. Залуучууд ч эцэг, эхдээ дарамт болохгүй, замаа хөөх ёстой” гэж хэлээд, шүүмжлэлийн бай болсон. “Ээж, аавыгаа хөгширлөө гээд асрамжийн газарт аваачиж хаядаггүй ард түмэн биднээс өөр үгүй. Монголчууд хэзээнээсээ гэр бүлсэг, эцэг, эхдээ ачлалтай” хэмээн, түүний үгийг сөрж, “Утгагүй, элий балай зүйл ярьдаг” гэж доромжлох хүн олон байв. Гэвч түүний хэлсэн нь гашуун боловч үнэн. Угтаа тэрбээр эцэг, эх нь үр хүүхдээсээ харилцаагаа таслах, эсвэл тангараг тасрах тухай бус, амьдрах, бие даах чадварт сургах талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь тэр юм.
Японы сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашигийн “Насанд хүрэх шат” цуврал лекцийг сонслоо. Судлаач бүсгүй “Хүсэл тэмүүллээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх, тууштай байх, бие даан шийдвэр гаргах, төсөөлөн бодож, тунгаах зэрэг эрдмийг хүүхдэд багаас нь суулгах нь чухал. Ингэснээр хүүхэд биеэ эрт дааж, бие хүн болох эхлэл тавигддаг. Харин монгол эцэг, эхчүүд эдгээрийг чухалчилдаггүй, академик боловсрол, онолын мэдлэгийг тэргүүнд тавьдаг” гэв. Хүүхдийн нас, насанд нь тохирсон ажил хийлгэх, ялангуяа бодож тунгаах, бие даан шийдвэр гаргах эрх чөлөө олгох нь юу юунаас ч чухал гэдгийг тэрбээр хэдэнтээ онцлов.
Нүүдэлчид үр хүүхдээ бага балчраас нь аргал түүлгэх, ус, түлээнд явуулах, хурга, тугал хариулуулах зэргээр гар хөлийн үзүүрт зарж, ажил хөдөлмөрийн дөртэй болгодог уламжлалтай байв. Харин өдгөө монголчуудын олонх нь суурин ахуйд ууссанаас болж энэ уламжлал алдагдан, хотын “нялзрай” залуус нийгэмд олшрох хөрсийг бүрдүүлсэн гэж зарим хүн үзэж байна. МУИС-ийн доктор, социологич Н.Цэндхүү “Нүүдэлчин ахуй, малч ухаан хүнийг хүн болгодог, хөдөлмөрт сургадаг амьдралын их багш байсан юм. Одоо цагт энэ уламжлал алдагдсанаар үл барам хэр удаан орших вэ гэдэг ноцтой асуудал үүслээ” гэсэн юм.
Харин “Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат “Насанд хүрнэ гэдэг нь тусгаар тогтноно гэсэн үг. Хэнээс ч хараат бус, тусгаар үзэл бодолтой, үнэт зүйлтэй хүнийг нас бие гүйцсэн гэж тодорхойлно. Гэтэл манай залуучууд хүн болгонтой найзархсан, арга эвийг нь олох гэж зүдэрсэн, ёс суртахуунгүй, соёлгүй, дүр эсгэсэн нийтлэг хандлагатай” хэмээн шүүмжиллээ. Мөн тэрбээр “Хөдөөний хүүхдүүд ажил, амьдрал дунд “буцалж” өсдөг учраас ирээдүйд хэрэгтэй чадваруудыг бусдаар заалгаж, хэлүүлэлтгүй сурч, эзэмшин, хүмүүжиж, төлөвшдөг” гэв.
АЖЛЫН БАЙР ГОЛ ШАЛГУУР
Generation Z буюу Z үеийнхэн хэмээх ойлголт, нэршлийг хүмүүс сүүлийн үед өргөн ашиглах болов. 1995 оноос хойш төрсөн залуусыг энэ ангилалд багтааж буй. Бүр тодруулбал, техник, технологитой илүү ойр өссөн залуучуудыг ийнхүү хэлдэг. Мэдээж энэ үеийнхэнд олон давуу тал, чадвар бийг үгүйсгэхгүй. Гэвч нийтлэг хандлага нь сөрөг талдаа жин дарсаар байна. Ялангуяа хөдөлмөрийн зах зээл, ажлын байранд шинэ үеийнхэнтэй холбоотой таагүй хандлага давамгайлдаг. Ямар сайндаа л “Одоогийн залуус үг даахгүй, итгэл даахгүй, ачаа даахгүй” гэдэг үг гарах вэ.
Аливааг амар хялбараар болгох гэж оролдох, даалгасан ажлыг цалгардуулах, цаг барьдаггүй, хамт олон, ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлага, өгсөн зөвлөгөөг хүлээж авах дургүй, албан тушаал шүтэх хандлага залуучуудын дунд түгээмэл болсон. Манайдаа томоохонд тооцогдох хэвлэх үйлдвэрийн захирал “Бид их, дээд сургуулиа дөнгөж төгссөн залуусыг маш уриалгахан угтаж авдаг. Ажлын туршлага, диплом зэргийг нь огт хардаггүй. Ямар нэг албанд хуваарилахаасаа өмнө сонирхлыг нь асуудаг. “Ямар чиглэлээр ажилламаар байна, юу хийж чадах вэ, түүнд нь тохирсон цалин өгье” гэдэг. Төрийн байгууллагынхан шиг өглөө, оройд цаг бүртгэж сүйд болдоггүй. Их эрх чөлөөтэй ажиллахыг санал болгодог юм. Орчин цагийнх нь хандлагыг дагаад тэр шүү дээ. Гэтэл залуучууд ер тогтдоггүй. “Миний бодсон шиг ажил биш байна. Илүү “гоё” зүйл хийнэ” гээд явдаг. Хүн бүгдийг чаддаггүй, тэр дундаа аливаа нэг ажил, салбарт мэргэшиж, байр сууриа олтлоо тодорхой хугацаа шаардлагатайг одоогийн залуус ухамсарлахгүй байгаа нь харамсалтай” гэж ярив.
Аялал жуулчлалын компани удирддаг нэгэн эрхэм мөн л тоогүй сэтгэгдэл хэллээ. Тэрбээр “Одоо цагт ямар ч компанийн хувьд тогтвортой ажиллах боловсон хүчин үнэт капитал болсон. Үүнийг дагаад ажил олгогч нар залууст маш боломжийн саналууд тавих болсон. Хүнээ тогтоон барих, ажиллах боломж, нөхцөлөөр хангах гэсэндээ тэр. Гэтэл залуучууд нүүдлийн сэтгэхүйгээр ханддаг. Ажиллуулбал тэр, үгүй бол өөр газарт орчихно гэж боддог юм билээ. Манай салбарт ийм хандлага бүр ч их. Би ажилтнууддаа чин сэтгэл, хандлага гэсэн хоёр шалгуурыг л тавьдаг. 10 хүний хоёр нь л үүнд тэнцдэг” гэв. Хэвлэл мэдээллийн байгууллага удирддаг нэгэн эрхэм ч “Залуус унаж босож, алдаж онон, саад бэрхшээлийг даван туулж байж ажил, амьдралын талбарт хөлөө олдог. Гэтэл олонх нь энэ үеийг давалгүй шантардаг. Тиймээс ажилд орохоор ирж буй залууст ямар ямар асуудал бэрхшээл үүсэж болзошгүйг нэн түрүүнд хэлдэг” хэмээн өгүүлсэн. Энэ мэт жишээ дурдвал дэндүү олон.
НҮБ-аас хийсэн дээрх судалгаанд ч “Залуучуудын ажилгүйдлийн түвшин 17-19 хувь байсан нь улсын дунджаас давсан үзүүлэлт” гэж онцолжээ. Түүнчлэн тохирох ажлаа хайж байгаа залуучуудын 63 хувь нь нэг, 40 хувь нь гурван жил гаруйн хугацаанд “эрэлд гардаг” гэнэ. Их, дээд сургууль төгсөгч залуус ажлын байранд очтолоо Азийн бусад орныхоос хоёр дахин урт хугацаа зарцуулдаг аж. Үүний улмаас эзэмшсэн мэдлэг, ур чадвараа алдах, санхүүгийн хувьд доройтох, ажил хийх урам зориг нь мохох зэрэг шууд болон шууд бус олон сөрөг нөлөө учирдаг тухай судалгаанд хөнджээ.
“Хэрхэн бестселлер ном бичих вэ” илтгэлээрээ олон нийтэд эчнээ танил болсон, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хөтөч П.Ууганбаяр монгол залуучуудыг “Амьдрах болон сэтгэх чадвараар бусад улсынхныг дагуулахгүй ч хариуцлагагүй байдлаараа ялгардаг” гэж тодорхойлов. Түүнчлэн насанд хүрсэн, эсэхийг нь өөрийгөө хэр зэрэг таньж мэдэн, биеэ даасан бэ, зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг үү, үгүй юү гэдгээр үнэлнэ” гэв.
Бид сав л хийвэл нэгнийгээ төрсөн оноор нь хязгаарлаж, үлэг гүрвэлийн үе, Юрийн галавын эринд хамааруулан доог тохуу хийж, маазарч егөөддөг муухай “хандлагаа” больж, шинэ үеийн залуучуудынхаа мэдлэг, чадварыг бодитоор үнэлж, хандлага, төлөвшлийг нь зөв зүгт чиглүүлэхэд анхаарах цаг болсныг нийгмийн амьдрал өдөр бүр сануулсаар байна.