Дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин Итали Улсын Милан хотын La Scala театрын тайзнаа дуурийн урлагийн ноён оргил "Аида" дуурийн Амонасро буюу Этиопын хааны дүрд тоглохоор болсон билээ.
"La Scala" театрын хувьд дэлхийн сонгодог урлагт 242 жилийн түүхтэй театр бөгөөд анх 1776 онд Санта-Мария дахь “Скала” хэмээх сүмийн суурин дээр барьсан түүхтэй. Италичуудын бахархал болсон энэхүү театрын барилга том биш ч, үзэгчдийн танхим нь уламжлалт дэг жаяг, загвартай, зургаан давхар. Неоклассик загварын засал, гайхамшигтай акустик, тав тухтай суудал, шилдэг ховор уран бүтээл, цуутай жүжигчдийн цугларалт, баян чинээлэг үзэгчидтэй гэх зэрэг үзүүлэлт энэ театрын нэр хүнд, имижийг бүрдүүлдэг. Тоглолтын тасалбар суудлын байрлалаасаа хамаарч үнэ нь 10-2000 евро байдгаас дуурийн тоглолтууд илүү үнэтэй байдаг ажээ.
Харин тус театрын тайзнаа дуулахаар болсон МУГЖ Э.Амартүвшин энэ сарын 6-нд болсон анхны тоглолтынхоо дараа өөрийн цахим хуудаснаа ийнхүү сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Тэрбээр "la Scala" театр бол дэлхийн номер нэг театр. Энэ агуу түүхт теарт дуулж байгаадаа их баяртай байна. Тоглолт маань аравдугаар сарын 6-19-ны өдрүүдэд тоглогдоно. Мэдээж энэ дэлхийн номер нэг театрт дуулна гэдэг бол уран бүтээлч бүрийн мөрөөдөл. La Scala театр үнэхээрийн гайхамшигтай театр гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Хэдийгээр дэлхий нийтээрээ коронавирус цар тахалтай байгаа ч гэсэн миний хувьд эх орондоо ээж, аав дээрээ сайхан амраад ирлээ. Буцаж ирээд La Scala-д дуулах завшаан тохиолоо. Цаашид нэлээд олон ажил яригдаж байна. Чухам цаг үеийн байдлаас хааш эргэхийг таашгүй юм. Энэхүү таван тоглолтынхоо Германд аравдугаар сарын 23-нд болох Ж.Пуччинийн алдарт "Тоска" дуурьд дуулна" гэлээ.
Түүний хувьд өмнө нь Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа “Аида” дуурьт тоглосон бөгөөд Итали улсын театруудад Монголоос хамгийн олон удаа уригдаж дуулсан уран бүтээлч гэгддэг юм.