Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр аравдугаар сарын 3-4-нд “Учиртай гурван толгой” дуурь болон “Үйлийн гурван толгой” балетаар тоглолтын 58 дахь улирлаа нээх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр ДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Түвшинтөгс хэлэхдээ "Энэ улирлын онцлог нь өөрийн үндэсний сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Ахмадууд маань жил бүр "Учиртай гурван толгой" дууриар улирлаа нээж, хаадаг байсан уламжлалтай. Энэхүү уламжлалыг эвдмээргүй санагддаг. Учир нь эдгээр нь Монголын өв уламжлал, ёс заншлыг өгүүлсэн шилдэг уран бүтээл юм. Манай урын санд дуурь, балет гээд 150 гаруй бүтээл бий.
Мөн бид судалгаанд суурилан уран бүтээлүүдээ тайзнаа тавихаар төлөвлөсөн. Манай театрын маркетинг судалгааны алба сүүлийн 20 жилд манай улсад болон олон улсад тоглогдсон сонгодог бүтээлүүд, үзэгчдийн судалгааг хийсэн. Үүнд түшиглэн уран бүтээлийн хуваарийг гаргаж байх болно. Өмнө нь бүтэн жилээр нь хуваариа төлөвлөдөг байсан бол энэ жилээс эхлэн гурван сараар гаргадаг болсон. Үзэгчдийн сэтгэл ханамжийг судалгааг ч хийсэн" гэв.