Лев Толстойн "Анна Каренина" романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жүжиг болгон тавихад бэлэн болжээ. Тодруулбал, орчуулагч Н.Пүрэвдагва тус зохиолыг жүжгийн зохиол болгож, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулсан "Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 03-наас арван нэгдүгээр сарын нэгэн хүртэл тоглогдохоор болж, өнөөдөр хэвлэлийн бага хурал нь боллоо.
"Анна Каренина" жүжиг үзэгчдийн оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэх зорилготой
Хурлын үеэр ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Анна Каренина" зохиолыг жүжиг болгон тавихаар 2017 оноос эхэлсэн. Нийтдээ дөрвөн жилийн хугацаанд хийгдэж байна. Энэхүү бүтээл маань дөрвөн хоногийн дараа үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон. Яагаад энэ зохиолоор жүжиг тавих болов гэдэг асуулт. Лев Толстойн "Анна Каренина" роман бол дэлхийд данстай. Мөн дэлхийн соёлт хүн төрөлхтөн бүхний унших дуртай зохиол. Энэхүү роман нь нас насанд өөр өөр өнцгөөр харагддагаараа ид шид нь оршдог. Тэгэхээр энэ роман бол тэр чигтээ амьдралын философи юм.
Зохиолд гарч байгаа нийгмийн араншин, өнөөдрийн нийгэм дэх нийгмийн араншинтай давхцаж байна. Анна бүсгүйн амьдрал өнөөдөр хэнд ч хамаагүй. Гэвч нийгэм өөрөө энэ бүсгүйн амьдралыг асуудал болгож, сэвснээр нийгэм өөрөө Анна бүсгүйг амиа хорлоход хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдрал руу битгий ор. Урдах ажлаа хий, хөдөлмөрлө гэсэн санааг гаргахыг хичээсэн. Найруулагч хүний хувьд энэ асуудалд эмзэглэж, тус романыг жүжгийн зохиол болгож тавьсан.
Мөн Дэлхийн том театрууд "Анна Каренина" зохиолыг жүжиг болгон тавьдаг. Үүний ард жүжигчдийн ур чадвар, мэдлэг оюун дээшилж байдаг. Нөгөө талаар үзэгчдийн оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тус жүжгийн гол зорилго оршиж байна. Лев Толстойн хэлсэн "Хүн бүхэн ертөнцийг өөрчлөх тухай боддог. Харин өөрийгөө өөрчлөх тухай хэзээ ч боддоггүй" гэсэн үгэн дээр гишгэлж энэ бүтээлээ хийсэн" гэлээ.
"Анна Каренина" жүжгийг үзээд Анна гэж ийм эмэгтэй гэж тодорхойлоход хэцүү
Мөн энэ үеэр “Анна Каренина” жүжгийн гол дүрийг бүтээж буй жүжигчин Н.Баярмаа “Үзэгчид маань дотроо өөр өөрсдийн Анна Каренинатайгаа ирэх байх. Би өөрийнхөө зүрх сэтгэл доторх Аннаг тоглоно. Магадгүй энэ жүжгийг үзээд Анна гэж ийм эмэгтэй гэж тодорхойлоход хэцүү санагдахыг үгүйсгэхгүй. Тэгж чадвал миний зорилго биелсэн гэсэн үг” гэсэн юм. Мөн “Анна Каренина” жүжгийг Монголд анх удаа тайзны бүтээл болгож байгаа учраас чамгүй өндөр өртгөөр бүтэж буй гэдгийг театрын удирдлагууд онцолж байв.
Түүнчлэн тус жүжгийн туслах найруулагчаар О.Итгэл, ерөнхий продюсероор Д.Цэрэнсамбуу /УГЖ/ гүйцэтгэх продюсероор Б.Отгонбат /СТА/, ерөнхий зураачаар нь Т.Ганхуяг /СТА/,хөгжмийн зохиолчоор нь Ш.Өлзийбаяр /СТА/ нар ажилласан юм. Харин дүрүүдийн хувьд Анна Карренинагийн дүрд Н.Баярмаа /СТА/, Аннагийн хувь заяаны дүрд Н.Сувд /ТШ, АЖ/, Алексей Вронскийн дүрд Т.Сэргэлэн, "Алексей Каренингийн дүрд Б.Жаргалсайхан /МУГЖ/, Константин Левиний дүрд С.Болд-Эрдэнэ /СТА/, Доллигийн дүрд Г.Урнаа /МУГЖ/, Степаний дүрд Л.Дэмидбаатар /МУГЖ/, Бетси Тверскаяийн дүрд М.Тогтохжаргал /СТА/ нар тус тус тоглосон байна.