Монгол Улсын Хүүхэлдэйн театр, "Гүүд нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд хоёр тал хамтран зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон жүжгийн уран бүтээл болон телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэлмэл комик номыг бүтээж байгаа бөгөөд “Миний хөөрхөн шүдний аялал” нэртэй хүүхдийн жүжгийг өнөөдөр нээлээ.
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдэж буй хоёр контент буюу телевизийн 20 ангит нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик ном нь хүүхэд багачууд төдийгүй эцэг, эхчүүдэд хэрэгцээтэй мэдээлэл өгөх уран бүтээл болох аж.
Зорилтот насны хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг театр, дэлгэцийн урлагаар дамжуулан олгох “Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдсэн шинэ хүүхэлдэйн жүжиг есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд 11:00, 13:00, 15:00 цагаас тус тус тоглогдоно гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Уг төслөөр бүтээгдэх уран бүтээлүүдийн зохиолчоор Н.Мандал, найруулагчаар Улсын Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М.Ариунтуяа, зураачаар 2019 оны тайз, дэлгэцийн шилдэг зураач Мөнгөн мод шагналын эзэн С.Энх-Од нар ажиллажээ.