Орчин цагийн анагаах ухаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний “зүрх” нь тоног төхөөрөмж болоод буй. Эмч хэдий чадвартай байгаад аппарат, багаж, хэрэгсэлгүй бол гар мухар учраас тэр. Тиймдээ ч манай улс сүүлийн жилүүдэд улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд нэлээд хөрөнгө зарсан. Эрүүл мэндийн салбарын тухайн жилийн хөрөнгийн нийт зардал (90-114 тэрбум төгрөг)-ын 40 хүртэлх хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж байгаа аж. Гэвч улсын эмнэлгүүдэд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийн хэрээр тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах шаардлага нэн тулгамдаад байна. Тодруулбал, улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлт, хуваарилалт одоо болтол оновчгүй, “эмч машинуудын” засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй, сэлбэг хэрэгслийг хугацаанд нь сольдоггүйгээс өндөр өртөгтэй техникүүдийн ашиглалт хангалтгүй байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн судалгаанд дурджээ.
...Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад өдгөө 135 инженер, техникч ажиллаж буйг Ш.Энхзаяа дарга хэлсэн. Гэтэл нэг инженерт ногдох тоног төхөөрөмжийн тоо 100-1100-д хүрээд байна...
Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн санд 443 нэр, төрлийн 22 093 ширхэг техник, хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс 8600 гаруй нь томоохон эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийнх. Тэгвэл ашиглах хугацаа нь дууссан 1640 тоног төхөөрөмж байгаа аж. Баталгаажуулах шаардлагатай техник, хэрэгсэл ч өчнөөн гэнэ. Цаасан дээрх үзүүлэлт нэг иймэрхүү. Тэгвэл гэмтэлтэй, хугацаанд нь сэлбэгийг нь солих шаардлагатай, үйл ажиллагаа нь байсхийгээд л доголддог тоног төхөөрөмжүүд улсын эмнэлгүүдийн агуулахад овоолоостой байдгийг Техникийн албаныхан нь хэлж байлаа. Өдгөө эрүүл мэндийн 31 байгууллагын 29 нэр, төрлийн 263 тоног төхөөрөмж эвдэрснээс 94-ийнх нь сэлбэгийг нэн даруй солих шаардлагатай бол 169-д нь засвар, үйлчилгээ хэрэгтэй.
2019 онд эрүүл мэндийн 221 байгууллагын шинээр худалдан авах болон засах, сэлбэх шаардлагатай 9690 тоног төхөөрөмжийн судалгаа ЭМХТ-д бүртгэлтэй байна. Эдгээрээс өндөр өртөгтэй аппарат, техникийн хугацаат сэлбэгийн зардалд 3.1, бусад тоног төхөөрөмжийн урсгал засварт нийт дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр эл хэмжээний өртөгтэй техник хэрэгслүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахгүй байна гэсэн үг.
Эмнэлэгт жижиг, том гэлтгүй нэг аппарат эвдрэхэд л тусламж, үйлчилгээнд асар хохиролтой төдийгүй иргэдийг бухимдуулж, чирэгдүүлдэг гол шалтгааны нэг болдог. Тархи, зүрхний бичлэгийнхээс эхлээд өндөр түвшний MRI, CT, ангиографын аппарат нь ажиллахгүйгээс иргэд хувийн эмнэлгийг зорьдог жишиг тогтоод удлаа. Жишээлбэл, улсын хэмжээнд нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийдэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн MRI аппарат эвдрээд дөрвөн жил болсныг нийтээрээ мэдээгүй л байсан. Ялангуяа тархины хүнд гэмтэлтэй, ухаан алдсан, цус харвасан болон мэдрэлийн хүнд эмгэгтэй өвчтөнүүдийг ар гэрийнхэн нь одоо ч хувийн эмнэлгүүд рүү зөөсөөр байгааг юу гэх вэ.
Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2016 онд УНТЭ-т долоон сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлсний дотор 1.5 теслагийн өндөр хүчин чадалтай MRI аппарат багтсан юм. Гэвч уг аппарат нь таван сар ажиллаад таг зогссоныг манай сонин өнгөрсөн оны сүүлчээр олон нийтэд ил болгосон билээ. Эвдэрсэн шалтгааныг үйлдвэрийн горим алдсанаас болсон уу, эсвэл суурилуулах явцад бүтэлгүйтсэн үү гэдгийг мэргэжлийнхэн одоо болтол тогтоогоогүй. Ямартай ч аппаратын толгой нь хөргөлтийн шингэн болох гелиэ ууршуулж, алдсанаас хэвийн ажиллуулж чадаагүйг УНТЭ-ийнхэн хэлсэн. Төсөл хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанийнхан тухайн үед MRI аппаратын толгойг бүтнээр нь сольж өгөхөө амлаж, үйлдвэрлэгч “Phillips” компанитай тохиролцсоноо мэдээлсэн ч энэ нь бас л бүтэлгүйтсэн сурагтай. Эх сурвалжийн хэлснээр тус эмнэлэгт нийлүүлсэн MRI-н сэлбэгийг “Phillips” компанийнхан өдгөө үйлдвэрлэхээ больсон тул өчнөөн тэрбум төгрөгийн өртөгтэй уг аппаратыг хаяхаас өөр аргагүйд хүрсэн гэх. Тиймээс дахин шинээр MRI аппарат оруулж ирэх гэж буй юм байна. Үүнээс гадна тус эмнэлгийн ангиографын аппарат, ГССҮТ-ийн СТ бас эвдэрснийг ч албаныхан хэлсэн.
MRI, СТ зэрэг өндөр түвшний аппарат доголдож, бүр ажиллуулахгүй олон жил болсон ч төр, засаг нь анхаарч, тоодоггүй. Тэгсэн мөртлөө улсын эмнэлгүүдийг тойроод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний “эмч машинууд” хэзээ ч доголдож, эвдэрдэггүй нь сонин. Магадгүй эмч нар эвдэрхий аппаратуудаар түрээ барьж, бизнес хийж байхыг ч үгүйсгэхгүй гэж иргэд харддаг. Хамгийн гол нь ханган нийлүүлэгч компаниудын хариуцлагагүй үйлдлийг хазаарлаж, мэргэжлийнхний хяналтыг чангатгачихвал дээрх асуудлууд багасна гэдгийг судлаачид санал нэмэрлэсэн. Харамсалтай нь, ханган нийлүүлэгчдийн оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдийг засах гэхээр сэлбэг, дагалдах хэрэгслүүд нь олддоггүй, үйлдвэр нь хэдийн хаагдсан жишээ олон байна. Эрүүл мэндийн салбарын зардалд жин дардаг “эмч машинуудын” төсвийг өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг иймэрхүү байдлаар үр ашиггүй зарцуулсаар уджээ.
Улсын эмнэлгүүдийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, засвар, үйлчилгээ, мэдээллийн сан, сургалт, судалгаа, хяналт, үнэлгээ зэргийг ЭМХТ хариуцдаг. Тус төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга Ш.Энхзаяа “Манайх эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, гэмтэлтэй, ашиглахгүй болон дэвшилтэт техник, технологийн судалгааг улсын хэмжээнд хийдэг. Мөн сэлбэг хэрэгслийн нэгдсэн тооцоо, судалгаа гаргаж, шийдвэр гаргагчид, олон нийтэд уламжилдаг. Эрүүл мэндийн байгууллагуудын багаж, тоног төхөөрөмжийг засах, тохируулга хийх зэрэг мэргэжил, арга зүйгээр давхар хангадаг. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгын лаборатори байгуулснаар олон давуу тал бий болсон. 2015 онд ганцхан төрлийн 172 тоног төхөөрөмжийг шалгаж, тохируулсан бол 2019 онд эрүүл мэндийн 243 байгууллагын 14 нэр, төрлийн 2918 техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгалаа. Тэгэхэд 79.3 хувь нь тусламж, үйлчилгээнд ашиглаж болно гэж дүгнүүлжээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн санд бүртгэлтэй тоног төхөөрөмжүүдийн 39 хувь нь БНХАУ-ынх, 10 хувь нь БНСУ-д, 8.6 хувь нь Японд, найман хувь нь Германд, долоон хувь нь ОХУ-д үйлдвэрлэжээ. Тодруулбал, манай улсад ашигладаг аппаратуудыг дээрх улсаас голдуу импортолдог. Нэг үеэ бодвол өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийн урсгал засварын санхүүжилтийг төсөвт суулгадаг болсон” гэлээ.
Эрүүл мэндийн салбарт “үүргээ” гүйцэтгэж буй аппарат, хэрэгслийн 70-80 хувь нь 2000 оноос хойш ашиглалтад орсон буюу сүүлийн үеийнх гэхэд болох аж. Гэсэн хэрнээ амархан эвдэрч, доголддог нь хачирхалтай. Үүний нэг шалтгаан нь эвдэрхий тоног төхөөрөмжүүдийг засдаг инженер, техникч эмнэлгүүдэд цөөн байдагтай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдний мэдлэг, ур чадвар хангалтгүй, хүний нөөц хүрэлцэхгүйгээс эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүд эзэнгүйдсэн хэвээр. Тодруулбал, өчнөөн тэрбум төгрөгийн өртөгтэй “эмч машинуудыг” арчилж торддог, засвар, үйлчилгээг нь хариуцдаг инженер, техникчдийг мэргэшүүлэх ажил улсын хэмжээнд хангалтгүй байгааг албаныхан мэдээлсэн. ЭМХТ-ийн судалгаагаар, томоохон эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн тэн хагас нь инженер, техникийн албагүй. СЭМҮТ, Эмгэг судлалын үндэсний төв, АӨСҮТ, Геронтологийн төв, ЦССҮТ тоног төхөөрөмжийн инженергүй. Үүн дээр нэмээд ЗӨСҮТ, НЭМҮТ, Хүүхдийн төв сувилал техникчгүй байна. Гэтэл эдгээр эмнэлгийн нэгт нь гэхэд л дунджаар 8-300 гаруй нэр, төрлийн 25-1000 орчим тоног төхөөрөмж байдаг. Эрүүл мэндийн сайдын 439 дүгээр тушаалаар 100 тоног төхөөрөмж тутамд нэг инженер, нэр төрөл нь олон бол хоёр, гурван инженер тутамд нэг техникч байх ёстой. Одоогоор эл стандартыг хангасан эрүүл мэндийн байгууллага алга.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 21 байгууллагын 10 гаруй нь инженер, техникийн албагүй, тав нь инженергүй, 10 нь техникчгүй гэнэ. Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад ч ялгаагүй эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хуваарилах, ашиглалт, аюулгүй байдлыг хариуцах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, засвар, үйлчилгээ хийх мэргэжлийн баг дутмаг. Ийм боловсон хүчингүй аймаг олон байгаа нь харамсалтай.
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад өдгөө 135 инженер, техникч ажиллаж буйг Ш.Энхзаяа дарга хэлсэн. Гэтэл нэг инженерт ногдох тоног төхөөрөмжийн тоо 100-1100-д хүрээд байна. Энэ нь өндөр өртөгтэй “эмч машинуудыг” хэвийн ажиллуулахад хүндрэл учирч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад төсвийн мөнгийг “салхинд хийсгэх” үндэс болж буй аж. Мэргэжлийн гэгддэг инженер, техникчид жижиг техник, хэрэгслүүдийн эвдрэл, гэмтлийг засдаг ч MRI, CT, ангиограф зэрэг нарийн нийлмэл бүтэцтэй аппаратын “учрыг олох” болоогүй гэсэн. Учир нь энэ төрлийн аппаратуудыг засах хэмжээний сургалтыг Монголд явуулах боломжгүй. Гадаадад сургах гэхээр өндөр төлбөр нэхдэг, түүнийг нь улс бодлогоор дэмждэггүй. Тиймээс бид хэсэгтээ л гадаадынхны гар царайчлах аж. Одоогоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийт засварын 30 орчим хувийг гэрээт инженерээр, 29 хувийг ханган нийлүүлэгчдээр гүйцэтгүүлж байна.