Хувь хүний хөгжлийн үзүүлэлт олон. Гэрийн хүмүүжил, суурь, дээд, академик боловсрол, эзэмшсэн мэргэжил, ур чадвараас гадна өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, багаар ажиллах, хамт олон, нийгмийн хариуцлагатай гишүүн байж, гадаадад орнуудад улсаа нэр төртэй төлөөлөх үнэ цэнтэй иргэн байх гээд дурдаж болно. Хэн ч гэнэт ийм, бүх талаар хөгжсөн хүн болохгүй. Төрөхөөс, тэр бүү хэл эхийн хэвлийд байхаас нь эцэг, эх, эмээ, өвөө, ойр орчных нь хүмүүсийн олгосон мэдрэмж, ойлголт, хичээл, сургаал гээд энэ бүхэн тухайн хүнийг бүтээдэг. Хүүхдэд бага наснаас нь олговол зохих, ирээдүйд насан туршид нь хэрэг болох давуу талууд бол төрөлх хэл, соёлын тухай ойлголт, гадаад хэлний мэдлэг, урлаг, тэр дундаа хөгжмийн боловсрол. Юм л бол түрүүчийн нийгэмд ийм, тийм байсан гэж улиглаад яах вэ. Өнөөдрийн хүмүүсийн хүрээнд авч үзье.
...Монголчууд аливаад уужуу, “Болох байлгүй” гэсэн байдлаар хүлээцтэй ч юм шиг, хүлцэнгүй мэт хандсаар ор нэрийн төдий сургалт явуулдаг байгууллага, хүмүүст амар хялбар аргаар мөнгө олох боломж олгон, өөрсдөө хохирсоор ирсний зэрэгцээ цаашид олон нийтийн дундах эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам ийм залиланг өөгшүүлж, хөрөнгөөр тэтгэсээр байх уу...
Орчин үеийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө, сургаж, боловсруулан, соёлтой, магадгүй дэлхийн иргэн болгохын төлөө хичээх болсон. Хөрөнгө ч чамгүй зарцуулдаг. Ямартай л бага ангийн хүүхдээ гайгүй гэсэн хувийн сургуульд сургах гэж жилд 50-80 сая төгрөг төлж байх вэ. Мөнгө байгаа нь сайн хэрэг. Үр дүн нь гарвал бүр сайн.
Энэ удаа сүүлийн арваад жилд түгээмэл ажиглагдаж буй хувь хүний хөгжлийн чиглэл дэх, хичээлээс гадуурх сургалтын эргэн тойронд анзаарсан, зарим гомдолтой буй эцэг, эхчүүд асуудал дэвшүүлж буйг үндэс болгон энэ төрлийн, эрэлт нь нэмэгдсээр буй сургалт, тодруулбал сургалт явуулагсдад шүүмжлэлтэй хандаж буйгаа хуваалцаж байна.
Гадаад хэлний сургалтууд үр дүнгүй байгаа талаарх гомдол тасардаггүй. Нэг байгууллагад бүртгүүлж, хичээл алгасалгүй явсан ч, тодорхой ахиц гарсангүй гэх залуус олон. Төрийн бус байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж, англи хэл 20 гаруй жил заасан, нэрээ хэлэхээс татгалзсан багш “Сургалтын хэд хэдэн төв дамжсаар эцэст нь манайд ирдэг нь олон. “Байгууллагаас намайг гадаадад тэтгэлгээр сургах боллоо. Нэг сарын хугацаанд IELTS 6.0 оноотой болох хэрэгтэй байна, танайд суръя” гэдэг. Ерөнхий англи хэлний түвшин дундаас дээш байгаа тохиолдолд сарын дотор шалгалтад өндөр оноо авах стратеги заалгаж, цаг заваа зөв зохицуулж бэлдвэл боломжтой. 7.0 оноо ч авах нь бий. Гэтэл өөрийгөө танилцуулна уу гэхэд гурван өгүүлбэр зөв холбоод хэлж чадахгүй хүнд бол хэцүү. Эндээс англи хэлний сургалтын төвүүд хичээлээ яаж заадаг нь харагддаг
Адилхан үйл ажиллагаа явуулж байж алиныг нь гэж нэр заах вэ. Өмнөхөө хийгээд, суралцагсдадаа анхаарал, хариуцлагаа бүрэн зориулаад явж байвал миний үүрэг тэр” гэсэн юм.
Гадаад орнуудын Засгийн газрын дагнасан болон манай улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлдэг их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын ч түвшинд тэтгэлгээр суралцахыг санал болгодог жилээс 2,5 жилийн хугацаатай хөтөлбөрүүд байдаг. Гагцхүү гадаад хэлний мэдлэгийн түвшин ямар байхаас тэдгээрт горилогсдын “хувь заяа” нь шийдэгддэг. Уг хөтөлбөрт тэнцүүлэх зорилго бүхий, шалгалтад бэлтгэх үйл ажиллагаагаар дагнадаг сургалтын төвүүд харьцангуй чанартай заадаг тухай суралцагсад хэлдэг. Гэтэл эднийг зорьж ирэхийн өмнө ёс юм шиг, заавал өөр төвүүдийг дамжиж хөрөнгө, хамгийн гол нь цаг хугацаа илүү зарцуулах нь хайран. Залуус гадаадын их, дээд сургуулиудад суралцахыг хүсэх болсон 30-аад жилийн турш ийм сургалт, харилцаатай холбоотой ямар их хохирол гэр бүлүүдэд гарсан гэх вэ. Монголчууд аливаад уужуу, “Болох байлгүй” гэсэн байдлаар хүлээцтэй ч юм шиг, хүлцэнгүй мэт хандсаар ор нэрийн төдий сургалт явуулдаг байгууллага, хүмүүст амар хялбар аргаар мөнгө олох боломж олгон, өөрсдөө хохирсоор ирсний зэрэгцээ цаашид олон нийтийн дундах эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам ийм залиланг өөгшүүлж, хөрөнгөөр тэтгэсээр байх уу. Энэ талд тавьдаг хяналт, шалгалт гэж байдаггүй аж. Гадаад хэлний сургалт явуулдаг байгууллагууд ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авдаг юм билээ. Яамнаас эрх олгохдоо сургалт явуулах байгууллагын хүний нөөц, багш нарын ур чадварыг шалгадаг, тэнцэхээргүй бол зөвшөөрөл олгодоггүй байх тогтолцоо өнөө хэр байдаггүй юм байна. Бүрдүүлсэн материалыг нь үндэслэн харанхуйгаар “виз” дардаг. Дээр дурдсан багшид энэ тухай хэлж, санал солилцоход “Тэгж л байг л даа. Сургалтыг чанаргүй явуулдаг төвүүд нь зах зээлийн хуулиар жагсаалаас гарна. Аяндаа хаалга барина шүү дээ” хэмээж байлаа. Гэтэл бодит байдалд хаалгаа барих хүртлээ сургалтын төлбөр хангалттай цуглуулж хөлждөг. Өөрсдөө хохирч бусдыг тэтгэдэг нь суралцагсдын буруу бөгөөд сургалтын төвүүд “Манайд ирээрэй” хэмээн сурталчлах нь шударга бус.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж сургалтыг чанаргүй явуулдаг хэрнээ зар түгээн бусдаас мөнгө татсаар байдаг төвүүдийн талаарх гомдол ирдэг, эсэх талаар асуухад “Одоогоор тийм гомдол ирээгүй. Харин сургалтын төвүүд мөнгө буцааж өгөхгүй юм, яаж авах арга зам зааж өгөөч гэх нь бий” гэлээ. Мэдээлэл дутуугаас мөнгө тушаасан хойноо тухайн байгууллага “чанартай бүтээгдэхүүн” гаргадаггүй, өөрөөр хэлбэл, суралцагсдад хэрэг болох мэдлэг олгодоггүй талаар бусдаас сонсмогцоо “Өөр төвд очих боллоо, мөнгөө буцааж авъя” гэхээр “бандан тас” гэх лугаа адил өгдөггүй гэнэ. Үүнийг түрүүнд хэлсэнчлэн эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам залилан гэхээс яах билээ. Гадаад хэлний сургалтын төв хэдэн мянга бий гээд бодохоор энэ талбарт хэрэглэгчдийн үр ашиггүй төлсөн мөнгө хэр их нь тодорхой.
Үүнд хамааруулан авч үзэх бас нэгэн сургалт байгаа нь хөгжмийнх. Төгөлдөр хуур, морин хуур, гитарын сургалт хамгийн эрэлттэй нь. Хийл, үндэсний бусад хөгжмийг бас нэлээд сонирхдог. Энэ төрлийн сургалтыг хөгжмийн, түр хэмээн тодотгодог бөгөөд зөвшөөрлийг ХНХЯ-наас авах шаардлагагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт компани, эсвэл төрийн бус байгууллага бүртгүүлэхдээ гэрчилгээ дээрээ үйл ажиллагааны чиглэлээ бичүүлж аваад л болдог. Уг “виз”-ийг даруулж чадсан, хөгжим тоглох дөртэй хэн ч ийм сургалт явуулах эрхтэй болдог бөгөөд гял цал тохижуулсан өрөөнд тухайлбал, төгөлдөр хуурын ард суугаа золбоолог бүсгүйг, залууг ч хөгжим гадарлахгүй эцэг, эхчүүд багш л гэж хардаг, тоодог.
Хөгжмийн багш нар ялгаатай. Төгссөн сургууль, мэргэшлээрээ ондоо. Хуучнаар ХБК гэж байгаад өдгөө Консерватор болсон хөгжмийн дээд сургуульд насаараа ажиллаж, мэргэжлийн хөгжимчид ар араас нь төрүүлсэн шилдэг багш нар ч сонирхогчдод хичээл заадаг. Тийм шавь нараа “ходоодны хүүхэд” хэмээн энхрийлэх, элдэвлэхийн завсраар хэлдэг нь ч нууц биш. Гэхдээ хүүхдүүд тийм багш нарын “ходоодны хүүхэд” болбол аз. Мөн СУИС төгссөн мэргэжлийн багш нарыг тэдгээртэй адилтгаж болно. Тэдний шавь болбол олз. Энэ хоёр сургуульд багшилдаг сурган хүмүүжүүлэгчдийн олонх нь гадаадын аль сайн Консерватор төгссөн, мэргэжлийн урлагийн байгууллагуудад хөгжимчид бэлтгэн нийлүүлдэг шалгарсан хүмүүс. Мөн эх орондоо ХБК, гадаадад Хөгжмийн училище хэмээх тусгай дунд боловсрол олгодог мэргэжлийн сургууль төгсөгчид хөгжмийн их, дээд сургуулиудад ерөнхий төгөлдөр хуурын багш, концертмейстерээр ажилладаг. Тэд тоглооч, багш гэх зэрэг мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн урлагийн байгууллагуудад хөгжимдөх, мэргэжлийн сургуулиудад хичээл заах эрхтэй байдаг. Тэдэнд хүүхдээ даатгахад алдах юмгүй. Эдгээр ангилалд хамаарах багш нар сонгодог чиглэлийнх нь долоон настайгаасаа, харин үндэсний хөгжмийнх бол 12, 13 настайгаасаа мэргэжлийн сургалтаар “чанагдаж” боловсорсон бүтээгдэхүүн байдаг бөгөөд тус бүртээ туршлага, арга барилтай.
Харин ямар багш нараас болгоомжлох хэрэгтэй вэ. Юуны өмнө дугуйланд суралцаж хөгжим тоглож сурсан гэх хүмүүсийг таних нь чухал. Харахад, хальт сонсоход хөгжим тоглоод, бас заагаад байдаг, гэтэл үнэн хэрэгтээ тухайн зохиолыг хэрхэн зөв тоглохоо өөрөө мэдэхгүй, бүтээлд задаргаа хийж чадахгүй, онолын наад захын ойлголтгүй хүн аль нэг зэмсэг дүн дан хийлгэдгээрээ түрий барин, таны хүүхдэд хичээл заасан болж, мөнгө хурааж суух нь залилан л юм. Өнөө тийм багш нарын “балласан” хүүхдүүд энд тэнд тоглохыг сонсоход дотор зурагддаг. Буруу, муу тоглож байгаагаа хүүхэд өөрөө мэдэхгүй, эцэг, эх нь ч ойлгодоггүй нь тун эвгүй, шоолох багадах нөхцөл байдал юм. Өөрөө чадахгүй ч хүүхдээ хөгжим тоглож чаддаг болгон өсгөх гэсэн аав, ээжүүдийн хүслийг ашиглаж, хээв нэг мөнгө хурааж суудаг увайгүй үйлдлийг зогсоох цаг нь болжээ. Мөн шулуухан хэлэхэд багаасаа буюу долоо, үгүй бол 12, 13 настайгаасаа хөгжим заалгаагүй, ерөнхий боловсролын “жирийн” дунд сургууль төгсөөд хуучнаар Соёлын коллеж гэх зэрэг сургуульд элсэн, суралцаж, хөгжмийн багшийн мэргэжлийн дипломтой дүүргэсэн нь ч хүүхэд, насанд хүрэгчдэд хөгжим заах түвшинд боловсроогүй байдаг нь үнэн билээ. Уулын мод урттай, богинотой гэдэг. Тэдний дунд хичээл зүтгэлтэй нэг нь хөгжим гээч нарийн ухааны учрыг олсон нь байдаг л байх.
Монголын нийгэм “жижигхэн”. Ялангуяа урлаг, хөгжмийнхөн бие биеэ сайн мэддэг. Хаана, хэн хичээлээс гадуур сонирхон суралцагсдад хөгжмийг зүй зохистой заадаг, хэн нь “гурилддаг” тухай мэддэг ч, шивнэж ярьдаг сэдвийг ил гаргалаа. Энэ бол бага биш асуудал бөгөөд энэ хэвээр үргэлжлэх аваас хөгжим мэддэг, тоглож чаддаг хэмээн өөрийгөө буруу тоогсод нэмэгдэх хэрээр бусдын элэг доог бологсод олширч, улмаар хөггүй хөгжим шиг сэтгэлгээтэн төрөн гарсаар байх буюу. Энэ талбарт, өөрөөр хэлбэл, бүх нийтийн хөгжмийн боловсролын асуудалд хяналт, хатуу шаардлага, стандарт үгүйлэгдэж байна. Эцэг, эхчүүд ч өөрсдөө мэдлэгтэй, хянамгай, шаардлагатай байж, залилагсдыг гишгэх газаргүй болгон, тойргоос шахаж гаргадаг байх цаг үе иржээ.