Сургууль, цэцэрлэгийн танхимууд багачуудын дуунд “бүлээцэж”, багш, шавийн санасан сэтгэл сая нэг дэвтэв. Ийм сайхан үйл явдлын хажуугаар сургуульгүй хоцорсон нэгэн нулимс унагаж буй нь Монголын боловсролын салбарын үнэн дүр төрх. Улсын сургуульд сурах Номингийн хүсэл, тэмүүллийг томчуудын хүнд суртал, авлига, “арын хаалга” гишгэлж хаяжээ. Гэр бүлийнхнээ дагаж БНСУ-д очсон тэрбээр цэцэрлэг, сургуульд саадгүй хамрагдан, гадаад хэл сайн сурч, үеийнхнээ манлайлж, улмаар олон улсын тэмцээн, уралдаанд эх орныхоо нэрийг хүртэл дуудуулжээ. Харамсалтай нь, Монголын боловсролын тогтолцоо, тэгш бус байдал түүнийг есдүгээр сарын 1-нд нулимс дуслуулахад хүргэв.
Учрыг одоо сийрүүлье. Номин 12 настай. Өнгөрсөн тавдугаар сард гэр бүлийнхнийхээ хамт тусгай үүргийн нислэгээр эх орондоо иржээ. БНСУ-д байхдаа солонгосоор чөлөөтэй ярьж, бүх хичээлээ үзсэн учраас гэр бүлийнхэн нь түүний гадаад хэлний мэдлэгийг хөгжүүлэх хүсэлтэй. Тиймээс солонгос хэлний сургалттай улсын сургуулиудыг судалж, нийслэлийн 23 дугаар сургуульд сургахаар шийдсэн гэсэн.
...БНСУ-ын Боловсролын сайд Ёо Юн Хэ 2025 оны тавдугаар сараас эхлэн ерөнхий боловсролын өндөр төлбөртэй, элит гэгдэх хувийн сургуулиудынхаа үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан. Ингэхдээ хувийн, гадаад хэлний гүнзгийрүүлсэн болон олон улсын сургалттай сургуулиудыг бүгдийг нь энгийнх болгох замаар боловсролын тэгш бус байдлыг халахаа мэдэгдсэн нь дэлхийд сайн жишээ болж байна. Тэрбээр “Боловсролын систем дэх тэгш бус байдал нь нийгэмд ялгаатай анги давхарга үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс БНСУ үүнээс татгалзаж байна” гэсэн юм...
Тэднийх зургаан хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, солонгос багштай, гадаад харилцаагаа сайн хөгжүүлсэн учир сонирхлыг нь татсан байна. Ингээд шаардлагатай бичиг баримт, сурлагын дэвтэр, өргөмжлөл, медалийг нь хүртэл аваад, хүүхдээ хөтлөөд тус сургуульд очтол харамсалтай нь, хэн ч хүлээж аваагүйн дээр бүр хөөгдөөд гарчээ. Жижүүрт нь сургалтын менежер, эсвэл захиралтай уулзуулах хүсэлт тавихад “Яах гэсэн юм. Захирал сургалттай, уулзах боломжгүй” гэжээ. Тэд юмыг яаж мэдэх вэ хэмээгээд хэсэг хүлээж. Удалгүй захирлын туслах эмэгтэй ирээд Номингийн гэрийнхэнд сургуулиас гарах шаардлага тавьсан аж. Тэгэхэд нь “БНСУ-аас шилжиж ирсэн хүүхдээ танайд сургах хүсэлтэй байна” гэдгээ хэлэхэд “Орон тоо байхгүй. Нэг ангид 20 хүүхэд хичээллэх тул манай сургууль таван ээлжид шилжиж байгаа. Та нар одоо яв, энд олон хүн цуглуулахгүй. Жижүүр ээ, наад хүмүүсээ гарга” хэмээжээ. Жижүүр нь хүртэл “Наад хүн чинь бүгдийг мэддэг. Юу гэж хэлснийг нь сонссон биз дээ. Захиралтай уулзаад нэмэргүй” гэх нь тэр.
Тэд 23 дугаар сургуулийн захиралтай уулзахаар дөрвөн удаа хүсэлт тавиад чадаагүй аж. Нэг багшид нь үнэн учраа хэлээд гуйтал “Хандив л өгнө дөө” гэж. Гадаадад сурдаг, эсвэл сургуулиасаа материалаа авсан, буцаж чадаагүй зэрэг шалтгаанаар сургуульгүй хоцорсон хүүхдүүд аймаг, нийслэлийн Боловсролын газарт хандаад, тасралтгүй суралцах боломжтой гэсэн мэдээллийн дагуу тэд дүүргийнхээ Боловсрол, соёл урлагийн хэлтэст хандсан байна. Тухайн дүүрэгт нь солонгос хэлний сургалттай сургууль байгаагүй учраас бас л бүтэлгүйтэж. Эцсийн найдвар нь нийслэлийн Боловсролын газар байсныг Номингийн гэрийнхэн хэлсэн. Тус газрын ерөнхий боловсролын сургуулийн хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Цасцэцэгт болсон явдлаа хэлж амжаагүй байтал тэднийг үл хүндлэн, үгийг нь ч гүйцэд сонсолгүй “Бид нар одоо яах вэ дээ. Аль нэг сургуульд зуучлах боломжгүй. Тийм л юм бол хувийн сургуульд оруулахгүй юу” гэсэн аж. Тэд хүүхдээ хоосон хоцроохгүйн тулд гадаад хэлний сургалттай цөөнгүй сургуулийн удирдлагатай холбогдоход бүгд шахам 5-10 сая төгрөгийн хандив авна хэмээсэн байна. Хувийн сургуульд сургах гэхээр дааж давшгүй төлбөртэй тул яах учраа олохгүй суугаагаа Номингийн ээж хэлсэн.
Монголын боловсролын систем ийм л байна. Гүнзгийрүүлсэн сургалттай гэгддэг сургуулиуд нь хандиваар боловсрол олгодог нь энэ мэт нууц биш болсон асуудал. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчийн үлгэрээр эцэг, эхчүүд нөгөөх сургуулиуд руу нь хошуурахаар хүнд суртал гаргаж, өнгө үзэмж, өмссөн зүүсэн, түрийвчтэй нь “харилцах” аж. Мөнгөтэйд нь үйлчилдэг эл системийг төр буй болгож, өнөөгийн боловсролын хөрсөнд гүн суулгажээ.
Нийслэлд I, 18, 23, 24 гэхчлэн цөөн сургууль олон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Бас Кэмбрижийн буюу олон улсын гэрчилгээтэй төгсгөдөг гуравхан сургууль бий. Эцэг, эхчүүд тэдгээр сургуульд хүүхдээ оруулах гэж жил бүр тэмцэж, жагсаж байхад сайд, дарга нар нүдэн балай, чихэн дүлий байсаар удав. Тэдэнд зөвлөхөд, боловсролын энэ их ялгаа, тэгш бус байдлаа эхлээд цэгцэлж, арилгачихаад олон улсын хөтөлбөр, шинэ зууны хөгжил, хувьсал, инновац, цахим шилжилт, хиймэл оюун ухаан гэх мэтийг ярих нь зүйтэй болов уу.
Олон улсын жишиг сонирхъё. Өндөр хөгжилтэй орнуудад ч боловсролын тэгш бус байдлыг илтгэсэн жишээ цөөнгүй аж. Гэхдээ тийм байдалтайгаа уддаггүй, бодитоор тэмцэж байна. Тухайлбал, БНСУ-ын Боловсролын сайд Ёо Юн Хэ 2025 оны тавдугаар сараас эхлэн ерөнхий боловсролын өндөр төлбөртэй, элит гэгдэх хувийн сургуулиудынхаа үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан. Ингэхдээ хувийн, гадаад хэлний гүнзгийрүүлсэн болон олон улсын сургалттай сургуулиудыг бүгдийг нь энгийнх болгох замаар боловсролын тэгш бус байдлыг халахаа мэдэгдсэн нь дэлхийд сайн жишээ болж байна. Тэрбээр “Боловсролын систем дэх тэгш бус байдал нь нийгэмд ялгаатай анги давхарга үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс БНСУ үүнээс татгалзаж байна” гэсэн юм. Тус улс уг шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын сургуулиудын сургалтын хөтөлбөрийг сайжруулж, үнэлгээний шинэ систем нэвтрүүлэх болжээ. Учир нь их сургууль, коллежид элсэхэд өндөр төлбөртэй, хувийн сургууль төгссөн нь өдгөө давуу тал болж, улмаар ажлын байр олоход ч нөлөөлж байгаа аж. Тиймээс одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиудыг 2024 он хүртэл хэвийн ажиллуулаад, түүнээс хойш улсын сургуулиудтай ижил нөхцөлөөр хүүхэд элсүүлэх гэнэ. Монголын боловсролын системийн дампуурал, тэр дундаа тэгш бус байдлыг арилгахад хамгийн түрүүнд хийх ёстой ажил энэ хэмээж, эш татлаа.
Боловсрол нь өндөр хөгжсөн улс, орнуудад 10-12 жилийн сургалт нь үндсэн, гол анхаарах салбар нь байдаг. Тиймдээ ч хүүхэд бүрийг ерөнхий боловсролын сургуульд хамруулж, завсардах ёсгүй хатуу хуультай. Жишээлбэл, Норвег улс ийм хуулийг 1991 онд баталжээ. Үе үеийн Засгийн газар, сайд нар нь ч түүнийг өөрчлөөгүй. Хүүхдээ сургуульд явуулаагүй эцэг, эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Сургууль нь элсүүлэхээс татгалзвал, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргавал хаах хүртэл арга хэмжээ авдаг байна. Одоо ашиглаж буй сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг нь 1960 онд боловсруулсан юм билээ. Хөтөлбөрт цаг үеийнх нь дагуу нэмэлт, өөрчлөлтүүд хийхээс бус, хэн нэгэн түүнийг дураар халж, солих эрхгүй. Норвег улсын хөгжлийн онцлог нь бүх шатны сургалт үнэ төлбөргүй байдгаараа олон улсад бас нэг сайн жишээ болдог.
Норвег хүүхдүүдийн 96 хувь нь төрийн өмчийн сургуулиудад суралцдаг бол бусад нь хувийнхад хамрагддаг байна. Гэсэн хэрнээ хувийн сургууль нь төлбөргүй, гоц авьяастай хүүхдүүдээ дэмжин сургадаг. Төрөөс нь тохилог сургууль, ном, сурах бичиг, сайн боловсон хүчнээр хангахаас гадна хүүхдүүдийг дугуйлан, дамжаанд хүртэл үнэгүй хамруулдаг аж.
Энэ мэтчилэн хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлж, төлөвшүүлэх нь боловсролын бүх шатлалын гол онцлог, зорилго, үйл ажиллагаа нь байх ёстой. Манайх ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр (хуучнаар цөм)-төө зөв монгол хүн “төрүүлэх” зорилтоо тодорхойлсон. Ингэхдээ багш төвтэй сургалтаас сурагч төвтэй тогтолцоонд шилжүүлэх замаар хүүхэд бүрийн мэдлэг, ур чадварт тохируулан хөгжүүлэх гэсэн юм. Харамсалтай нь, үндсэн зорилт нь өдгөө биелэхгүй, хүүхэд мэдлэг, ур чадварынхаа дагуу өөрийгөө хөгжүүлэх, хүссэн сургуульдаа суралцах боломжгүй байна. Харийн улс голоогүй иргэнийг чинь “хандивын сургуулиуд” дорд үзэж байгааг эрх баригчид тунгаана биз ээ.