Ар Гүнтийн зуслан орчим
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн долдугаар зүйлд “Бүртгэлтэй иргэд харьяалагдах газраасаа хамааран гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлд 0.07 га буюу 700 ам метр, аймгийн төвд 0.35 га буюу 3500, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000 ам метр хүртэлх хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчилнө” гэж заасан байдаг. Үүний дагуу хэчнээн иргэн газар өмчилснийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхнаас тодруулахад “Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2309.55 га газрыг 22 мянга гаруй иргэнд олгосноор 637 501 хүн хуулийн дагуу өмчтэй боллоо. Тодруулбал, 627 744 иргэн гэр бүлийн, бусад нь аж ахуйн зориулалтаар газар өмчилжээ. Үүнийг хүн амын тоотой харьцуулахад 20.06 хувь болж байна. Энэ онд улсын хэмжээнд 4152.85 га газрыг өмчлүүлэхээр Засгийн газарт санал гаргасан” гэсэн юм. Иргэн бүрт газар хэмээх баялаг өмчлүүлэх зүйл заалт бүхий эл хуулийг баталснаас хойших 18 жилийн хугацаанд манай улсын хүн амын ердөө 20.06 хувь нь үл хөдлөх хөрөнгө өмчилжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль иргэдэд хэр зэрэг хүртээмжтэй, тэгш үйлчилдгийг энэхүү баримт, статистик илэрхийлж буй юм.
...Тэрбээр гэр бүл, аж ахуйн зориулалтаар таван хэсэг газар авсан атлаа хоёр жилийн хугацаанд хашаа битгий хэл, хадаас ч хатгаагүй гэнэ. Ингээд түүний 000049987, 000049988, 000046670, 000060803, 000046669 тоот гэрчилгээг хүчингүй болгосон байна...
Сонгинохайрхан дүүргийн XIII хороонд оршин суудаг залуу “Би нийслэлд бүртгэлтэй ч газар өмчилдөггүй. Хөөцөлдөж ч үзээгүй. Иргэн бүр 0.07 газар авах эрхтэй гэдгийг эрхбиш мэднэ. Ойр хавийнхнаасаа сонсохоор, төвийн зургаан дүүрэгт газар бараг олддоггүй. Хотоос алс зайдуу газарт л олгож байна гэх юм. Төвд ажилтай хүмүүс тэнд газар аваад ч яах билээ” гэсэн юм. Харин Сүхбаатар дүүргийн XVIII хорооны оршин суугч С.Цогзол “Одоо амьдарч байгаа газар нөхрийн өмчлөлийнх. Би газар эзэмшдэггүй. Эндээс дээшлээд (Бэлхийн зуслан, “Цэнхэр ТҮЦ” буудал) “Хадат вилла” орчимд зуслангийн газар авах санаатай лавлатал боломжгүй гэсэн. Өмчлүүлэх боломжтой байршлуудаас сонгоод, цахимаар хүсэлтээ илгээсэн ч тэнцээгүй. Нийслэлд 2013 оноос өмнө шилжин ирж, харьяалалтай болсон иргэд хотод газар өмчлөх эрхтэй гэсэн шалгуурыг хангаагүй. Манайх 2015 онд хотод суурьшсан. Ер нь газар олгох явц хүнд сурталтай, төвөг чирэгдэлтэй санагддаг. Нэгэнт иргэн бүрт өмчлүүлнэ гээд хуульчилсан бол энэ ажлыг аль болох чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулбал сайн сан” хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.
Ийнхүү ярьсан тэд бол хуулиар олгосон эрхээ эдэлж чадаагүй, өмчлөлийн газаргүй манай улсын иргэдийн 80 хувийн төлөөлөл. Тэдний аль аль нь үл хөдлөх хөрөнгөтэй болох хүсэлтэй ч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэгчид иргэдэд алагчлалтай ханддаг гэж эргэлт буцалтгүй итгэдэг. Яг л үүн шиг асуудалтай тулгарсан, “хий мөргөсөн”, итгэл алдарсан, цөхөрсөн иргэн өчнөөн буй. Газар өмчлөх нь битгий хэл ашиглах эрхээ ч авч чадахгүй буй тэдний нөгөө талд боломжийг нь өрсөн хулгайлж, газрыг жинхэнэ утгаар нь үнэгүйдүүлдэг хэсэг бүлэг бий болжээ. Үүнийг батлах ганцхан жишээ дурдъя.
Сонгинохайрхан дүүргийн Газрын албаныхан 685 иргэний газар эзэмших эрхийг хэдхэн хоногийн өмнө хүчингүй болгосноо зарлалаа. Газрын тухай хуулийн 40.1-5, 40.1-6-д заасанчлан “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй”, “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр тэдгээр иргэний эрхийг түдгэлзүүлсэн байна. Авсан газраа үнэгүйдүүлж, ашиглаагүйн улмаас ийнхүү хураалгасан гэсэн үг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийнхэн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг Сонгинохайрханд нэгдсэн журмаар зохион байгуулсан” гэсэн бол тус дүүргийн Газрын албаныхан “Хүчингүй болгосон 685 гэрчилгээ бүгд Ар Гүнтийн газрынх” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, дүүргийн хэмжээнд бус, зөвхөн XXI хорооны Ар Гүнт орчмоос л ийм тооны зөрчил илэрсэн хэрэг.
Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үүнтэй ижил зөрчил он гарснаас хойш 34-50 илэрснийг Газрын албаныхан нь хэлэв. Сонгинохайрханыхтай ижил нэгдсэн журмаар шалгалт зохион байгуулбал (ялангуяа зуслангийн бүсэд) энэ тоо хэдэн арав дахин өсөх нь гарцаагүйг дээрх баримт “хэлж” байна. Аймаг орон нутагт ч жил болгон ийм зөрчил олноор гарч, иргэдийн газар өмчлөх эрхийг түдгэлзүүлэх, нэрсийг нь ил болгох, дахин дуудлага худалдаа зарлах гээд чамгүй ажил уддагийг мэргэжилтнүүд хэллээ.
Нэг иргэн олон газар эзэмшиж, мөн л түүнийгээ ашиглахгүй хав дарсаар гэрчилгээгээ хүчингүй болгуулах тохиолдол ч бий аж. Жишээ хэлье. Сонгинохайрхан дүүргийн XXXII хороонд таван нэгж талбар газар эзэмшдэг иргэн Д.Энхцэцэгийн өмчлөлийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн зургадугаар сард хүчингүй болгожээ. Тэрбээр гэр бүл, аж ахуйн зориулалтаар таван хэсэг газар авсан атлаа хоёр жилийн хугацаанд хашаа битгий хэл, хадаас ч хатгаагүй гэнэ. Ингээд түүний 000049987, 000049988, 000046670, 000060803, 000046669 тоот гэрчилгээг хүчингүй болгосон байна. Дээрх 685 иргэний дунд ч ийм тохиолдол цөөнгүй байж.
Улсын хэмжээнд жилдээ 200 мянга гаруй хүн газар өмчлөх, эзэмших хүсэлтийг холбогдох байгууллагад гаргадаг ч ердөө 20 гаруй хувь нь л шалгуур хангадаг аж. Хүссэн болгон нь хаа дуртай газраа “малгай тавих” боломж ийм хязгаарлагдмал атал зарим нь ийнхүү дураараа дургих болсныг газрын наймаатай холбож үзэх хүн олон байна.
Зуслангийн бүсэд эзэнгүй, цэлийсэн том хашаа хаа сайгүй байдаг нь иргэд эзэмшлийн газраа алдах вий хэмээн болгоомжилж, хил хязгаар тогтоож буйн илрэл. Эхлүүлээд хэдэн арван жил болсон, дутуу барьсан “араг яснууд” энд тэндгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Хотын өнгө үзэмж гутааж, авсан газраа үнэгүйдүүлэн, хав дарсаар буй ийм хүмүүс, албан байгууллагуудыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан нэгдсэн журмаар бүртгэн, Сонгинохайрханыхан шиг илчилж, арга хэмжээ авбал хуулиар олгосон эрхээ хязгаарлуулсан олон хүнд боломж нээгдэх нь гарцаагүй. Ялангуяа, дархан цаазат хэмээн эртнээс хүндэтгэж ирсэн Богдхан уулаа аялал жуулчлалаар түрээ барьсан газрын наймаачид, барилгын салбарынхнаас чөлөөлөх сөн.