Жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн шалтгаантай гэсэн шалгуурыг хангаагүй иргэд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш эх орондоо ирж чадсангүй. Тэднийг тусгай нислэгт багтаахгүй гэх Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрт ч Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) иргэдийн өмнөөс дуугарсангүй. Уг нь хууль, тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Үндсэн хууль, олон улсын гэрээ хүний эрхийн зарчимд нийцэж байгаа, эсэх талаар санал хүргүүлэх чухал үүргийг Хүний эрхийн комиссын тухай шинэчилсэн хуулиар ХЭҮК-т олгожээ. Тус комиссынхны хамгийн их мөрдлөг болгодог Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч хэн боловч аливаа улс орныг орхин явах, эх орондоо эргэж очих, хүн бүр ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй гэж заасан байдаг.
Үүгээр ч зогсохгүй бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг өдөр бүр зөрчиж буй шийдвэрт ч хүний эрхийн асуудал хариуцсан төв байгууллагаас ямар нэг санал, зөвлөмж, шаардлага хүргүүлэх нь ховор. Жишээ нь, “Аюулгүй хот” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гудамж, талбайг камержуулж, хүний царай таних, улмаар бүх мэдээллийг нь авах боломжтой технологи нэвтрүүлэх ажилд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөн, хэрэгжүүлэх болж, ирэх аравдугаар сард эхний үе шатыг нь дуусгах төлөвлөгөөг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн тавдугаар сард танилцуулсан. Царай таних технологи нь хүний халдашгүй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг зөрчих үйлдэл, Үндсэн хуульд үл нийцэх шийдвэр гэдгийг хуульчид л шүүмжилсэн байдаг. Гэтэл уг шийдвэрийн талаар ХЭҮК одоо хүртэл саналаа хүргүүлээгүй байна. Тэгсэн атлаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялсан гишүүнийг цагдан хорьсон асуудлаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүлсэн удаатай. Ялгаварлан гадуурхахын эсрэг ажиллах ёстой байгууллага иргэн болон улстөрчийн эрх зөрчигдсөн асуудалд тэгш бус хандаад байх шиг.
Хүчирхийлэл, эрүүдэн шүүлт, ялгаварлан гадуурхалт, албадан хөдөлмөр эрхлэлт, шударга бус шүүх гэх мэтчилэн ноцтой зөрчил Монгол Улсад байгааг хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээр дамжуулж, УИХ-д уламжлах нь ХЭҮК-ын нэг чиг үүрэг. Тэд зөвхөн илтгэл бичээд ажлаа дүгнүүлдэг, үүний мөрөөр төр, засаг юу хийх, эсэх нь бидэнд хамаагүй гээд орхичихдог юм уу.
Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалуулах зорилгоор манай улс ХЭҮК-ыг 2001 онд байгуулжээ. Тодруулбал, сургалт явуулах, иргэдээс өргөдөл, мэдээлэл хүлээн авч, шийдвэрлүүлэх төдий бус, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд бичсэнчлэн хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй зэрэг 30 зүйл заалтыг нийгэмд хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаараа ажиллах үүрэг ногдуулсан аж. Түүнчлэн Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зүйл заалтын хэрэгжилтийг хангахын төлөө ажиллах учиртай юм. Гэвч тус байгууллагын үйл ажиллагаанд иргэд төдийгүй холбогдох албан тушаалтнууд ч сэтгэл хангалуун бус гэдгээ илэрхийлж байв. Уг нь дээрх хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард баталж, ХЭҮК-ын чиг үүргийг илүү тодорхой болгон, үйл ажиллагаагаа дорвитой явуулахад нь хүч дэм болохуйц орчин бүрдүүлж чаджээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ХЭҮК ажлаа хийхгүй болохоор хуулийг нь хүртэл шинэчлэн, баталж өгч байна” гэж хэлсэн.
“ХАРААТ” ЭРХ
Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ХЭҮК-оос бүрддэг. Тэгэхээр эдгээр байгууллага шат шатандаа хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, түүнд нь ХЭҮК хөндлөнгөөс хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд зөвлөмж, санал, шаардлага хүргүүлэх үүрэгтэй юм. Гэтэл энэ тогтолцоон дахь хамгийн чухал субъект болох ХЭҮК, Засгийн газар уялдаа холбоогүй ажиллаж иржээ. Тодруулбал, жил бүр 4-5 бүлэг сэдвийн хүрээнд хүний эрх ийнхүү зөрчигдөж байна, ингэж шийдвэрлүүлэх шаардлагатай хэмээн зөвлөмж боловсруулж, илтгэл өргөн барьж ирсэн ч УИХ-аар цаг хугацаанд нь хэлэлцдэггүй, хэлэлцэж хэрэгжүүлэх тогтоолыг нь баталсан ч түүнийг Засгийн газар дорвитой биелүүлдэггүй аж. Түүний мөрөөр ХЭҮК шаардаж, өөрсдийн ажлын үр дүнг үзэхийн төлөө хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хүчтэй нөлөөлж ч чаддаггүй. Жишээлбэл, 18 дахь илтгэлийн хүрээнд баталсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг тайлан гаргах хуулийн хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлээгүй байжээ. Хэрэгжилт нь ч хангалтгүй байсныг жишээгээр тайлбарлая. Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтэд хүний эрхийн боловсролын асуудлыг тусгах, түүнд хяналт тавих зөвлөмжийг ХЭҮК-оос 18 дахь илтгэлээр хүргүүлжээ. Үүний хэрэгжилт тун хангалтгүй буюу Дотоод хэргийн их сургуулийн гэмт явдал судлал, эрх зүйн хичээлийн хөтөлбөрт л энэ талаарх агуулгыг тусгасан, цаашид дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үзүүлэлтэд хүний эрхийн боловсролын агуулгыг багтаах шаардлагатай байна гэж Засгийн газрын холбогдох агентлагаас ХЭҮК-т тайлан ирүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зөвлөмж хэрэгжүүлэх үүрэгтэй атал ХЭҮК-ын өгсөн зөвлөмжийг тус комисст илгээж байх жишээтэй.
ХЭҮК үндсэн чиг үүргээ далайцтай хэрэгжүүлэхэд хараат байдал, хүний эрхийн асуудлыг үл тоодог төр, засгийн бодлого саад болдог аж. Тодруулбал, тус байгууллагын үйл ажиллагаа хараат бус, бие даасан байна хэмээн хуульд тусгасан мөртлөө гишүүдийг нь 19 жилийн турш Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүхийн саналаар УИХ-аас томилж иржээ. Улс төрөөс “тэтгэвэрт гарсан”, намын гишүүн байсан хүнийг ч дарга, гишүүнээр нь ажиллуулсан удаатай.
Олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллуулдаг тус байгууллагад дорвитой төсөв ч хуваарилдаггүй аж. Уг нь хүрэлцэхүйц хэмжээний төсвийг өөрсдийнх нь саналаар батлах, өөрийн гэсэн байртай байх тухай хуульд тусгажээ. Гэтэл жилд нэг тэрбум орчим төгрөг төсөвлөдөг бөгөөд үүнийг урсгал зардал, ажилтнуудын цалин, байрны түрээс зэрэгт зарцуулж, үндсэн үйл ажиллагаагаа явуулахад хүрэлцдэггүй гэнэ.
Хамгийн хачирхалтай нь, өдгөө ХЭҮК “эзэнгүй айл” болсон байна. Тус комисс өмнө нь гурван гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байснаас нэг нь ажлаасаа чөлөөлөгджээ. Нөгөө хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан сурагтай. Гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө сонгон шалгаруулалт зарлах тухай Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 12.3-т заажээ. Үүний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарлаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан ажлын хэсгийнхэн томилгооны сонсголыг зургадугаар сарын 10, 11-нд зохион байгуулсан юм. Нэрээ дэвшүүлсэн 19 хүнээс хамгийн өндөр оноо авсан зургааг нь УИХ-д танилцуулж, томилох шаардлагатай атал ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд нь багтаасангүй. Тэгэхээр ирэх аравдугаар сар хүртэл эзэнгүй хэвээр байх бололтой.
БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХЭРЭЭР АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталснаар тус байгууллагын гишүүдийн тоог зургаа болгож нэмэгдүүлэн, тодорхой 11 чиг үүрэг ногдуулж, зөвлөмж, шаардлага нь тогтсон хугацаанд заавал биелүүлэх шинжтэй байж, гишүүдийг нь нээлттэй сонгон шалгаруулж, томилох боломж бүрдүүлсэн. Уг шалгаруулалтад хүний эрхийн мэдрэмжтэй, олон улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн хуульч, судлаач, өмгөөлөгч залуус нэрээ дэвшүүлсэн юм билээ. Тэдгээрийг улс төрөөс хараат бус байдлаар, шударгаар томилж чадвал эрч хүчтэй, хурдтай, үр бүтээлтэй ажиллаж, ХЭҮК-ын үйл ажиллагаанд “гэрэл асах” боломжтойг иргэд хэлж байна. Үүнээс гадна ХЭҮК-ын дэргэд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн ажиллуулах болсныг судлаачид сайшааж буй. Энэ нь жишээлбэл, тусгаарлах байранд байгаа иргэдийн нэр хүндийг гутааж, доромжилж буй, эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллах юм байна. Гэхдээ гишүүдийг нь томилох, эсэхийг УИХ-аар эцэслэн шийддэг, даргыг нь УИХ-ын даргын санал болгосноор “суулгадаг” байх одоогийн хууль, эрх зүйн орчныг өөрчилж чадвал хүний эрхийг хамгаалах тогтолцоо илүү сайжрах болов уу.
Тохиолдол 1.22. 2009 оноос нөхөртэйгөө амьдарч, гурван хүүхэдтэй болсон. Анх өөрийн өмчийн 20 бог малтай очиж байсан. Өнгөрсөн хугацаанд малын ашиг шимийг хүртэж, санхүүгээ өөрөө захиран зарцуулах эрх мэдэлгүй амьдарч ирлээ. Тэр ч бүү хэл хүүхдийн мөнгө, амаржихын өмнөх болон дараа өгдөг мөнгөө зарцуулж үзээгүй. Хоол унд, угаалгын нунтаг, саван гэх мэт зүйл дэлгүүрээс зээлээр авахаар бөөн хэрүүл маргаан болдог байв. Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн болохоор багийн эмчид очиж жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт тавиулах гэтэл “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн” гээд татгалзсан. Хамтын амьдралын найман жилийн хугацаанд би энэ айлд мал маллаж, өөрийн болон хадмынхаа гэрийн ажилд нь тусалж ирсэн. Нөхөр намайг хэл үгээр байнга доромжилж хардаж сэрддэг. Ээж нь “Гар л битгий хүрээрэй. Хууль нь чанга юм билээ” гэдэг болохоор зоддоггүй, гэхдээ үг хэлээр доромжилж, сэтгэл санааны болон эдийн засгийн байнгын хараат байдалд байлгах төдийгүй гадагш хүнтэй уулзуулахгүй, эрхшээлдээ байлгаснаар энэ бүгдийг тэсэх аргагүй болсон. Бага хүүхдээ аваад замын унаанд дайгдаж, Улаанбаатар хотод ирсэн. Хүүхдүүдээ өөр дээрээ авч, гэр бүлээ цуцлуулмаар байна.
(Баянхонгор аймгийн малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2.1. Би аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан ажилтан бөгөөд аймгийн хэмжээнд жендерийн асуудлыг хавсран ажилладаг юм. Миний үндсэн ажлын ачаалал маш их болохоор жендерийн ажлаа бараг хийж чаддаггүй. Удирдлагын зүгээс албан тушаалын тодорхойлолтод жендерийн асуудлыг хавсран ажиллахаар заасан гэх шалтгаанаар надад ажил хавсран ажилласны нэмэгдэл хөлс олгодоггүй.
(Комиссоос 2019 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын үеэр аймгийн жендэр хариуцсан ажилтантай хийсэн ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс)
Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл
Тохиолдол 2.4. С дарга амралтын өдрөөр над руу утасдаж,
танай хэлтсийнхэн ажиллаж байгаа, чи ирж түлхүүр аваадах, би ... зочид буудлын ... тоот өрөөнд байна гэсэн. Тэгээд намайг очиход дотоожтойгоо орон дээр хэвтэж байснаа наашаа суу гээд “Залуу хүн тушаал дэвшихийг хүсдэг үү, би танай мастерыг халаад чамайг болгоё, энийг уучих гээд хундагатай архи өгөхөөр нь “Би архи уудаггүй, хүүхдээ машинд үлдээчихсэн, гарчихаад, буцаад ирье” гэж хэлээд явсан. Араас байн байн залгаад байхаар нь би очихоос татгалзтал уурласан. Үүнээс хойш байнга дарамталж, загнадаг болсон. Өөрт нь зөвшөөрөөгүй учраас дарамт үзүүлж байна гэж боддог. Үүнээс гадна эмэгтэй ажилчдын биед санамсаргүй байдлаар хүрэх асуудал энгийн үзэгдэл болсон.
(Иргэн М-ийн гомдлоос)
Тохиолдол 2.6. Нэгэн яамны захиалсан судалгааны ажлын хүрээнд ...дүүргийн ерөнхий боловсролын ... сургуулийн захирал зохих газраас зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн сургуулийн эмч болон дотоод хяналтын менежер нартаа зөвшөөрөл өгч, “Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандарт боловсруулах төсөл”-ийн судалгааны багийг сургуульд нэвтрүүлэн, эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр 46 хүүхдийг нэг дор нүцгэлэн зургийг нь авч, үе тэнгийнхэн болон бусад хүүхдийн өмнө айж ичих, сандрах байдалд оруулсан байна. Хүүхдүүдийн насанд хүрээгүй, биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглан эрхийг нь ноцтой зөрчжээ.
(Иргэнээс ирүүлсэн гомдлоос, 2018 он)
Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд дурдсан зарим жишээг танилцуулъя. Монголд хүний эрх хэрхэн зөрчигдөж буйг өдөр тутамд тохиолдох энэ мэт явдал гэрчилнэ.