Гэрэлмаа гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс цаасан савлагаатай хатаасан жимс авчээ. Хоёр хүүхэд нь ээжийнхээ авчирсан амттанг тамшаан идэж байтал дотроос нь хумсны толионы дайтай хоёр чулуу гараад ирж гэнэ. Бага охин нь эгээтэй л шүдээ гэмтээчихээгүй аж. Ингээд тэрбээр тус бүтээгдэхүүнийг Монголд импортоор оруулж ирж, савладаг үйлдвэрийнхэнтэй холбогдож, үнэн учраа хэлэхэд “Тийм байх боломжгүй. Хэн нотлох юм. Бүтээгдэхүүнийг задлах үеийг харуулсан дүрс бичлэгээ авчирна уу” гэсэн шаардлага тавьжээ. Ингээд тэрбээр хэлэх үггүй болжээ. Олон нийтийн сүлжээнд өнөөх “олдворынхоо” зургийг гомдлын үгтэй нийтлээд, мэргэжлийн хяналтынхан ажлаа хий хэмээн “үүрэг, чиглэл” өгчээ.
Үүнтэй төстэй бас нэг тохиолдлыг Одонгоо ярилаа. Тэрбээр “Би хаана ч явсан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь эргэлзэлгүй сонгодог. Өнгөрсөн сард “Effes” худалдааны төвөөс хонины утсан хэл, царцаамаг авсан юм.
Шошго, он сар нь тод, шинэ байсан. Маргааш нь царцаамгаа идэх гэтэл эвгүй үнэр сэнгэнээд болдоггүй. Амталж үзлээ. Нэг л биш. Цуу, амтлагч хийчихсэн ч юм шиг. Дэлгүүрийнхэн юу гэх нь ойлгомжтой учир үйлдвэрийнхэнтэй нь холбогдлоо. Манайх стандарт, нормоо яг таг баримталдаг. Ирж шалгаж болно. Савлагааг нь задалж, удааснаас болж өөр бүтээгдэхүүний үнэр, амт шингэсэн байх гэсэн. Уг нь идэх хүртлээ ер задлаагүй. Эцэстээ бидний буруу болж хувирсан” гэв. Үйлдвэрийн менежер бүсгүй “Таны гомдол, мэдээлэл баримтгүй учраас бид хохирол барагдуулах аргагүй. Энэ талаар цахим сүлжээнд ямар нэг мэдээлэл нийтэлбэл бид тантай Зөрчлийн тухай хуулийн хүрээнд ярина” гэж сануулга өгөөд, утсаа салгажээ. Ингээд Одонгоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын 115 утсанд мэдээлж, мэргэжлийн хяналтынханд мэдэгдээд өнгөрчээ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой иймэрхүү зөрчил, маргаан, гомдол сүүлийн үед олширчээ.Энэ нь иргэдийн цахим хэрэглээ өргөжсөнтэй холбоотойг албаныхан хэлж буй. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр иргэд тэр бүрт мэргэжлийн хяналт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагад ханддаг. Биеэрээ очихгүй байлаа ч олон нийтийн сүлжээнд тэр талаарх мэдээллээ оруулж, МХЕГ, ШӨХТГ-ынхны чихнээс хонх уядаг. Анзаарсан бол сүүлийн үед “Мэргэжлийн хяналтынхан ажлаа хий. Хяналт, шалгалтаа чангатга. Ийм нөхцөл үүсээд байхад дуугарсангүй” гэх гомдол, шүүмжлэл иргэдийн зүгээс байнга гарах болсон. Хяналтын чиг үүрэгтэй эдгээр байгууллагад аль алинд нь алдаа дутагдал бий. Үүнийг үгүйсгэхгүй. Иргэд тэр бүхнийг шүүмжилж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, чиглүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ дээрх хоёр иргэн шиг арга мухардаж, цаг зав, эдийн засгаараа хохирч үлдэхгүйн тулд утасны цаанаас гомдол мэдүүлж, дээд шатны байгууллагад хандахаас урьтаад, тухайн үйлдвэр дэх “аудитынхан”-ыг “чимхэх нь” зүйтэй. Энэ бол үйлдвэрлэлийн дотоод хяналтын ажилтан.
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа стандарт, нормын хүрээнд хэвийн үргэлжилж байна уу, бүтээгдэхүүн нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан уу, үйлдвэрлэлийн аль шатанд алдаа гарах эрсдэлтэйг дотоод хяналтын ажилтан хариуцдаг. Барилгын хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай ижил гэсэн үг. Тодруулбал, үйлдвэрлэлийн явцад гарсан алдаа дутагдал дотоод хяналттай шууд холбоотой. Тиймээс бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хамааралтай гомдол, мэдээллийг тэд хариуцах нь хууль ёсных. Гэвч иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэлгүйгээс дийлэнх тохиолдолд бүтээгдэхүүн худалдан авсан дэлгүүр (хадгалалт, зарим тохиолдолд тээвэрлэлттэй холбоотой зөрчилд хариуцлага хүлээнэ)-т гомдол мэдүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлээд өнгөрдөг. Дээрх хоёр тохиолдолд ч Гэрэлмаа, Одонгоо нар тухайн компанийн мэдээллийн болон маркетингийн ажилтантай утсаар холбогдож, “ам руугаа алгадуулсан” байгаа юм. Өнөөдүүл нь ч “Яагаад ийм зөрчил гарав” гэж нягталж, шалгаагүй атлаа “Тийм байх боломжгүй” хэмээн бэлэн үгээр амыг нь тагласан аж. Савлагаатай бүтээгдэхүүнийг задалж, хэрэглэхээс өмнө “но”-г нь мэдэх боломжгүй учраас энэ төрлийн зөрчлийг баримтжуулж, баталгаажуулах боломж хомс. Тиймээс хатаасан жимс савлагчид “Нотлох баримтаа авчир” хэмээн бүтэшгүй зүйл шаардан, хэрэглэгчийг мухардалд оруулжээ. Уг нь дээрх тохиолдолд иргэд “Нотлох баримтгүй юм чинь....” гэж эвлэрэхийн оронд тухайн тухайн байгууллагын дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн, цаашлаад үйлдвэрийн эзэнд гомдол мэдүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй. Бүр лавшруулбал, мэргэжлийн хяналт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагынхнаар тухайн үйлдвэрийн хяналтын тогтолцоог шалгуулах боломжтой. Ингэж байж үйлдвэрлэгч алдаагаа давтахаас сэргийлж, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх юм.
Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зөрчил, гомдлын дийлэнхийг хүнсний үйлдвэрийнх эзэлжээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийнхний хийсэн судалгааны үр дүн үүнийг батлав. Тэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын тусгай утсанд ирсэн дуудлага, цахим сүлжээн дэх гомдол, мэдээлэлд үндэслэн 60 гаруй аж ахуйн нэгжийг судалгаанд хамруулахад зөрчлийн 80 орчим хувь нь хүнсний үйлдвэртэй холбоотой байсан гэнэ. Гомдлыг төрлөөр нь ангилбал, бүтээгдэхүүнээс ямар нэг гаднын биет гарч ирсэн, үйлдвэрлэсэн огноог өөрчилсөн, муудаж, амт нь өөрчлөгдсөн зэрэг зөрчил түгээмэл байжээ. Эдгээр зөрчил, дутагдал тухайн үйлдвэрийн “аудитынхантай” шууд холбоотой учир дээрх нийгэмлэгийнхэн Дотоод хяналт шалгалтын журмын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тус байгууллагын судлаач Т.Ариун-Од “Энэ судалгаа манай аж ахуйн нэгжүүдийн хяналт, үйл ажиллагаанд дүн тавилаа. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой зөрчлийг бууруулах шаардлагатай. Тиймээс бид МХЕГ, ШӨХТГ-тай хамтран ажиллах чиглэлд анхаарна” гэсэн юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан хүнсний 28 үйлдвэрийн үйл ажиллагааг хэдхэн хоногийн өмнө шалгахад зөвхөн тээвэрлэлттэй холбоотой 170 зөрчил илэрчээ. Эл шалгалтын дүгнэлтэд “Жолооч нарыг мэргэшсэн сургалтад хамруулаагүй, байгууллагын дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам боловсруулаагүй зөрчил, дутагдал түгээмэл байв” гэжээ. Хүнсний үйлдвэрлэл гэдэг хүний эрүүл мэнд, амьтай холбоотой чухал салбар. Тиймээс үйлдвэрлэлийн шат дамжлагаас авхуулаад тээвэрлэх, нийлүүлэх явц ч онцгой хяналтад байх ёстой. Гэвч манай зарим үйлдвэр энэ хуулийг мөрдөх нь бүү хэл, журмаа ч боловсруулаагүйг эл судалгааны үр дүн харуулж байна.
Дотоод хяналт гэдэг бол аж ахуйн нэгжийн хувьд дархлаа юм. Харин үүнтэй холбоотой гомдол, шүүмжлэл нь тухайн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, алдаа, дутагдлаа засаж залруулах эерэг шахалт гэж хэлж болно. Гэвч манай үйлдвэрүүд ийм хэрэг мандахад байгууллагын нэр хүнд сэвтэж, бүтээгдэхүүний борлуулалт буурах вий хэмээн ихэд болгоомжилдгоос өөрсдийгөө хаацайлж, хариуцлагаас бултдаг. Иргэд ч хангалттай мэддэггүйгээс энэ бүхний бурууг төр, засгаас хайх нь түгээмэл. Аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлтэй холбоотой алдаа, зөрчлөө хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдээсээ уучлал гуйх тохиолдол өдрийн од шиг ховор байдаг нь ч үүнтэй холбоотой юм.
“Эко бус” компанийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхантай ярилцахад “Хүн бүр хариуцсан ажилдаа эзэн болж, чинээнд нь тултал хийвэл олон зүйл өөрчлөгдөнө” гэж байв. Үнэхээр л түүний хэлсэнчлэн, үйлдвэрлэгчид хариуцлагатай байгаад, чанартай бүтээгдэхүүн нийлүүлж буй цагт хэрэглэгч хүссэн, эс хүссэн ч тэднийг таашаах нь дамжиггүй.