“Хоёр настай охин минь 10 кг жинтэй. Яаж таргалуулах вэ. Хоол сайн идэхгүй юм. Зөвлөгөө өгөөрэй, ээжүүд ээ”. Нэгэн ээж “Жирэмсэн эмэгтэйчүүдийн групп”-д ийн бичжээ. Доор нь “их мэдэхүүд” өчнөөн сэтгэгдэл үлдээв. Будааны зутан, банана, өндөг, жигнэмэг идүүл гэнэ. Хоолны дуршил нэмэгдүүлэх үйлчилгээтэй гэх элдэв аминдэм санал болгож, хэрэглэхийг зөвлөсөн байна. Туузан хорхойн шинжилгээ даруй өгөхийг ч шаарджээ. Зарим нь “Манай хүүхэд бас хоёр настай. 12 кг жинтэй. Эмч хэвийн гэсэн. Хооллолтод нь анхаараарай” гэж захив.
Нэг нь “Хүүе ээ, манай есөн сартай хүү ийм жинтэй” гэж сүржигнэжээ. Хөөрхий эмэгтэй сэтгэгдэл болгонд хариу үйлдэл үзүүлээд, “Баярлалаа ээжүүд ээ. Хүүхдийнхээ хооллолтод анхаарч, ердийн жинд нь хүргэнэ ээ. Би ч муу ээж бололтой” хэмээн бичсэн байх юм. Хүүхдээ тарган, туранхайгаар нь гоочилж, өндөр, намаар нь жишсэн, “Жин нэмэх үр дүнтэй аргаасаа хуваалцаач” хэмээн зөвлөгөө хүсэж, туршлага судалсан иймэрхүү нийтлэл олон нийтийн сүлжээнд олшров. Ялангуяа ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бойжилт, өсөлт хөгжилтэй холбоотой бүлгэмүүдэд ийм пост өдөрт хэдэн арваараа хөврөх аж. Ингэхдээ “Миний хүүхэд ийм байхад чинийх...” хэмээн жишиж, харьцуулсан, “Төдөн настай хүүхдийн жин, өндөр ийм байх ёстой атал...” гэж стандарт, норм ярьж, дүрэмдэх нь түгээмэл.
Хүүхдийн бие бялдрын хөгжлийг үнэлдэг индекс, үзүүлэлт улс болгонд бий. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийнхээ өсөлт, хөгж-лийг бусдынхтай жишдэг, таргалуулах, тураах, өндөр болгох үр дүнтэй арга сурагладаг, судалдаг эцэг, эх хаа сайгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх үзэгдэл дэлхий нийтэд түгээмэл аж. Энэ нь зарим талаараа эцэг, эхчүүдэд сэтгэл зүйн дарамт учруулж, хямрал, бухимдлын эх үүсвэр болдгийг сэтгэлзүйч, хүүхдийн эмч нар судалгаагаар тогтоосон учир зарим орон жин, өндрийн индексийг үгүйсгэж эхэлжээ.
Бага насны хүүхдийн өсөлт, хөгжил, тэр дундаа эрүүл, зөв хооллолтын талаар мэдээ, мэдээлэл нийтэлдэг “Tenuukas mom” хуудсыг хөтөлдөг бүсгүй “Олон ээж “Хүүхдээ яаж таргалуулах вэ. Үеийнхнээсээ намхан, туранхай байна. Ямар аминдэм өгөх вэ” гэж асуудаг. Хүүхэд бүр онцлогтой. Бүгдийнх нь өндөр, жин адил байх албагүй. Угаасаа боломжгүй. Хүүхдийн өндөр, жингийн хүснэгтийг үгүй болгох асуудлыг сүүлийн үед Швейцарт нэлээд далайцтай хөндөж буй. Мэргэжилтнүүдийн саналыг эцэг, эхчүүд дэмжиж байна. Бусдын хүүхдийг “Ямар туранхай, намхан юм бэ” гэж хэлэх нь зохисгүй үйлдэл. Хүүхдээ булцгар харагдуулахын тулд ходоод нь шингээж дийлэхгүй их хэмжээний хоол идүүлдгээ больцгооё. Хүүхдийн жин, өндрийг ээжийнх нь асаргаатай холбож, буруутгадаг үйлдлээ зогсоох цаг болсон. Хүүхэд бүр дахин давтагдашгүй, тэд хэзээ ч бусадтай харьцуулагдах ёсгүй” хэмээв. Чех, Герман зэрэг улсад сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд энэ чиглэлийн дагнасан судалгаа хийж, тэр хэрээр эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгдсөнийг тэрбээр онцолсон юм.
Японы Фүкоака хотод амьдардаг Б.Ганпүрэв энэ сэдвээр мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Энд өндрөөс илүү жинг чухалчилж үздэг. Дэлхий нийтэд таргалалт ихэссэн, өөрсдөө ч ийм хүнийг “үздэггүйтэй” холбоотой болов уу. Япончууд эрүүл мэндийн боловсролоор Азид дээгүүр үнэлэгддэг. Амьдралын хэвшил, ялангуяа хооллолтоороо үлгэр жишээ. Хүн амынх нь дундаж наслалт өндөр байдаг нь үүнтэй холбоотой. Хүүхдүүдийг ер жишдэггүй. Томчууд гэлтгүй хүүхдүүдийг ч багаас нь энэ талын ойлголттой болгодог. Миний охиныг эндэхийн цэцэрлэгт явсан эхний өдөр ангийнх нь зарим хүүхэд “бор арьстай” хэмээн дооглосон гэсэн. Багш нь тэднийг эгнүүлж зогсоогоод “Та нар нас чацуу ч харилцан адилгүй өндөртэй байгаа биз. Үүнтэй яг ижил. Хүн болгоны бие онцлогтой” гэж тайлбарласан байна лээ. Энэ мэт зөв хандлага, ойлголтыг хүүхдэд багаас нь төлөвшүүлдэг” гэв.
Манай улс 2013 онд шинэчлэн баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийн индекс”- ийг өдгөө мөрдөж буй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг багад нь эх, хүүхдийн буюу бидний нэрлэдгээр “ягаан” дэвтрийн тусламжтай хянах боломжтой. Тодруулбал, хүүхдийн нас, хүйсээс хамаараад биеийн жин, өндөр нь ямар байх ёстойг эл дэвтрийн арын хэсэгт графикаар тодорхой харуулсан байдаг. Шилжилтийн наснаас нь эхлээд тусгай томьёолол бүхий биеийн жингийн индекс (БЖИ)-ээр тооцдог. Хөгжлийн индексийг судалгаа, мэдээлэлд үндэслэн тодорхой давтамжтай шинэчилдэг ч эцэг, эхчүүдийн сэтгэл зүй, хандлагад хэрхэн нөлөөлдөг талаар нарийвчлан судалж, тогтоосон зүйл үгүйг ЭМЯ, НЭМҮТ-ийнхөн хэллээ.
Манай орны газар зүйн байршил, байгаль, цаг уурын онцлогоос хамаараад хүн амын 96, тав хүртэлх насныхны 90 орчим хувь нь Д, 70 хувь нь А аминдэмийн дутагдалтай, багачуудын 44 хувь нь зохистой хооллолтын зөвлөмж (дөрвөөс багагүй нэр, төрлийн хүнс, хооллох хэмжээ, давтамж)-ийн хамгийн доод үзүүлэлтийг хангасан хүнсийг өдөр тутам хэрэглэж байгааг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” үндэсний V судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, манай хүүхэд багачууд шаардлагатай шим тэжээлээ авах боломж нөхцөл бусад орныхоос хомс аж. Ганцхан жишээ дурдахад, аминдэмийн эх үүсвэр болсон жимс, ногоо монгол хүүхдүүдийн хүнсний хэрэглээнд 20 хүрэхгүй хувийг эзэлдэг байна. Энэ бүхнээс хамаараад, бие бялдрын хөгжлийн индекс, үзүүлэлт Монголд арай өөр түвшинд “тавигдах” ёстой, эцэг, эхчүүд хүүхдийнхээ өсөлт, хөгжилд анхаарах, дэмжих шаардлага зайлшгүй бийг манай эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Гэхдээ үүнд болгоомжтой, хянуур хандах ёстой гэнэ. Тодруулбал, бусадтай жиших, харьцуулах, мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авах, дур мэдэн элдэв аминдэм уулгах зэргээр “анхаарах нь” хүүхдийн хөгжлийг дэмжихээсээ илүү саад болох уршигтай, цаашлаад эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн дарамт, шаналгаа үүсгэдэг гэнэ.
Хүүхэд биерхүү, махлаг бол өсөлт, хөгжил нь сайн гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд түгээмэл. Тиймээс тарган хүүхдийг өхөөрдөх хандлага давамгайлдаг. Үүний үр дүнд хэт таргалалттай, багаасаа өвчинд өртөмтгий хүүхэд олширсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь мөн л монголчууд хүүхдийн бие бялдрын хөгжлийн талаар мэдлэг, мэдээлэлгүйтэй холбоотойг “Гурван гал” хүүхдийн эмнэлгийн эмч Б.Наранхүү хэлээд “Эцэг, эхчүүд “Миний хүүхдийн хоолны дуршил юунаас болж буураад байна вэ” гэхээс илүү “Яаж их хоол идүүлэх вэ” гэж асуудаг. Шинж тэмдэгт нь биш, үр дүнд нь анхаардаг гэсэн үг. Хоолоо л сайн идэж байвал боллоо гэж боддог. Мөн янз бүрийн сүлжээний витамин хэрэглүүлдэг. Үүний нөлөөгөөр хүүхдүүдийн дунд таргалалт газар авсан. Дэлхийн таргалалтын холбооны өнгөрсөн жилийн судалгаанд “Хэт таргалалттай хүүхдийн тоо 2030 онд 250 саяд хүрнэ” гэж тэмдэглэсэн байсан. Харин Монголд 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 80 орчим мянгад хүрнэ гэж тооцоолж буй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг тоогоор хэмжихэд бус, бодитоор үнэлж, элдэв суурь эмгэггүй өсгөхөд анхаарах нь чухал” гэв.
Дөрвөн хүүхэдтэй нэгэн залуу ээж “Хүүхдүүдийн минь жин, өндөр хэвийн хэмжээнд хүрэхгүй байвал шим тэжээл дутагдаж, далд өлсгөлөнд нэрвэгдчих вий гээд санаа зовнидог. Өсгөлүүн бол мэдээж баярлана. Жинд нь хэт анхаараад, өвчний үүр болгочих вий гэж бас шанална. Ер нь ээж бүхэн л ингэж зовнидог байх. Гэхдээ би үүнийг аливаа эрсдэлээс сэргийлэх “зөв” дарамт байгаасай гэж хүсдэг” хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн эцэг, эхчүүд энэ дарамтыг зөвөөр хүлээж аваасай. Гуньж гутран, сэтгэлээр унаж, сошиалд “аврал эрэхээсээ” урьтаад мэргэжлийн эмчид хандаасай. Эрүүл, хэвийн өсөлттэй, нас чацуу ч биеийн жин нь харилцан адилгүй байх нь ердийн үзэгдэл гэдгийг мэддэг байгаасай. Хүүхдийнхээ хөгжлийг хүний үгээр бүү үнэл.