Монголчууд УИХ-ын найм дахь удаагийн сонгуульдаа оролцож, төрд төлөөлөх түшээдээ сонгоод багагүй хугацаа өнгөрлөө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрынхаа танхимын гишүүдийг өнгөрсөн сарын 7-нд томилж, сайд нар нь ажилдаа орсон. Үүнээс ес хоногийн дараа буюу Ерөнхий сайдын санал болгосон нэр бүхий албан хаагчдыг танхимын гишүүдийн 100 хувийн саналаар дэд сайдаар томилсон билээ. Гэтэл итгэл хүлээлгэсэн сайдууд тань одоо болтол ажлаа хийхгүй, үүргээ ухамсарлахгүй, эрхлэх хүрээний асуудлаа ч мэдэхгүй танилцах уулзалт хийгээд явааг юу гэж ойлгох вэ, Ерөнхий сайд аа.
Дэлхий нийтээр цар тахалтай, онцгой нөхцөлд улс эх оронд хийх ажил, шийдэх асуудал өмнөх жилүүдээс ч их, оволзож байна. Наадмын дараа намар, өнөөдрийн наранд хуурталгүй өвсний сөл, газрын шимтэйд хадлан, тэжээлээ бэлдэх, тариа, ногоогоо хурааж, нөөцлөх, хүнсээ зэхэхээс авхуулаад дундаршгүй ажил биднийг хүлээж байна. Зуншлага нийт нутгийн 50 хувьд тааруу байгаа тул бэлчээр, отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, оторлох мал сүргийг угаалга, тарилгад хамруулах зэргээр яггүй ажилтай. Өнгөрсөн хавар тариалангийн талбайн хэмжээг 20 орчим хувиар нэмэгдүүлсэн тул ургац арвин байх төлөвтэй. Тэнгэр хураа харамгүй хайрлаж, тариа, ногоо ч сайхан ургаж буй. Гэвч өнөөдрөөс нийт нутгаар аадар бороо олон хоногоор үргэлжлэн орж, энэ сарын сүүлчээр хүйтрэх төлөвтэйг цаг уурчид сэрэмжлүүлсэн. Энэ нь тариа, ногооны болц гүйцэх, цаашлаад ургацыг хугацаанд нь хурааж авахад сөргөөр нөлөөлөх бололтой. Техник хэрэгсэл, хүн хүчээ өдийд яг таг болгочихсон, малчид хадландаа ид гарчихсан, намрын завгүй өдрүүд үргэлжилж байх ёстой атал салбар хариуцсан сайд З.Мэндсайхан иргэний нийгмийн болон олон улсын байгууллагынхныг өдөр бүр шахам хүлээн авч уулзан, санал солилцсон шигээ “Хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэхчлэн цагаа үрсээр. Хэд хэдэн аймагт очиж, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд зөвлөгөөн хүртэл зохион байгуулж, “Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бэлчээрийн даацад нийцүүлнэ” гэж уриалж, үүрэг, чиглэл өгч буй юм билээ. Ингэж цаг алдахын оронд тушаал, шийдвэрээ гаргаад, ажилдаа шууд орчихож болдоггүй юм уу.
Коронавирусийн шинэ давлагаа ханиад, томуу дэгддэг хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орныг “онилж” буйг дэлхийн эрдэмтэд анхааруулж, сэрэмжлүүлсээр байхад Эрүүл мэндийн эрхэм сайд та юу бодож сууна вэ. ЭМЯ-ны цахим хуудсанд сайдын энд тэндхийн бүтээн байгуулалттай танилцсан, эмнэлгүүд “эргэсэн” зураг нийтлэгддэг болж. Үнэхээр шаардлагатай уулзалт, томилолт юм уу гэхээр шийдвэр гаргасан, яг таг болгосон ажил нь цөөн. Хоёр ч том эмнэлгийг удирдсан, салбараа хэн хүнээс илүүтэй мэдэх хүний хувьд Т.Мөнхсайхан сайдад танилцах уулзалт, томилолт илүү ажил шиг санагдах юм. Ингэх зуурт чухал ажлууд нь орхигдож, иргэд ЭМЯ-ны 11.00 цагийн шууд мэдээг ч тоохоо больж, мэргэжлийнхний заавар, зөвлөмж үнэгүйдлээ.
АНУ тэргүүтэй улс орнууд томуугийн вакцинаа хэдийн нийлүүлж эхэлсэн байхад бид “Уламжлал ёсоор аравдугаар сар гаргаад дархлаажуулалтаа хийнэ” гээд тайван сууж болох уу. Хилийн боомтуудаа түр хаасантай холбоотойгоор эмнэлгүүдэд болон эмийн сангуудад өргөн хэрэглээний зарим эм, тариа, хэрэгсэл тасраад байгаа. Энэ хэрээр эмнэлгүүд “Ковид-19”-өөс бусад төрлийн эмчилгээ, мэс заслуудаа хязгаарлаж, заримыг нь бүр зогсоосон нь ч бий. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн хангамжийг бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар хамгааллыг сайжруулах нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний асуудал баймаар. Ирэх өвөл нөхцөл байдал одоогийнхоос хүндэрч, коронавирус хүн амын дунд тархвал сүйрэл болж ч мэднэ. Тиймээс шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжөө одооноос нөөцлөх, орны тоог нэмэх, гамшгийн үед “гаргаж ирэх” стратегитэй болох, ханиад, хатгалгааны вакцинаа даруй импортлох, “Ковид-19”-өөс сэргийлэх мэдээ, мэдээллийн чанарыг сайжруулах зэргээр яаран шийдэх асуудал өч төчнөөн.
1992 оноос хойш байгуулсан 31 дэх Засгийн газар нь У.Хүрэлсүхийнх. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тэрбээр 14 сайдтай танхим удирдаж буй. 2016-2020 онд МАН төр барьсан. Энэ удаагийн сонгуулиар ч үнэмлэхүй ялалт байгуулсан учраас яам, агентлагуудын бүтэц, бүрэлдэхүүнд сүртэй өөрчлөлт оруулаагүй. Шинээр томилогдсон сайд нарын тухайд салбартаа олон жил ажилласан, жаргал, зовлонг нь харьцангуй мэддэг, мэргэжлийн хүмүүс гэдгээр нь энэ Засгийн газрын хүний нөөцийг “боломжийн” гэж олон нийт үнэлж байгаа. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам солигдоогүй, нэгдсэн бодлого, шийдвэрүүдийг нь үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй.
Гэтэл туршлагатай гэгддэг сайд нар нь хүртэл ач холбогдолгүй уулзалтууд зохион байгуулан, хамтран ажилладаг бусад байгууллагынхаа удирдлагатай танилцаж, нэгэндээ баяр хүргэх, мэнд мэдэлцэх төдийхнөөр хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Байгаль орчны сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны тушаалаар гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон. Эл шийдвэрийн дагуу хууль бус ан агнуурыг хориглох, түүхий мах худалдах, тээвэрлэхийг таслан зогсоож чадахгүй байгаагаас өдгөө иргэд тарваган тахлаар нас барсаар. Өмнөх сайдын шийдвэр, тушаалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, болохгүйг нь засаж сайжруулах, мөрдөхгүй дүрэм, журмыг нь чангатгах талаар арга хэмжээ авах ёстой Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд нь фэйсбүүкт “20 наст” гэдэг нэртэй давлагаанд нэгдсэн шигээ зугаацаж байна. Хувь хүнийх нь орон зай, эрхийг хүндэлж байгаа ч төрийн сайд гэдгээ санаасай. Салбарын сайдыг иймэрхүү аахар шаахар зүйлд цагаа үрж байхад нь хууль бус агнуур газар авч, нийслэлд тарваганы тулам ачсан этгээдүүд нэвтэрсээр л байна. Самарчид ойд зөвшөөрөлгүй халдаж, болц гүйцээгүй боргоцой нийслэлд нийлүүлж, халдварт өвчин дэгдээх эрсдэл үүслээ.
БОАЖЯ цаг агаарын урьдчилсан төлөвийг зарлаж, иргэдэд осол, гамшгаас урьдчилан сэргийлэх “дохио өгдөг” мэдээллийн цагтай болно гэсэн “бор шувуу” саяхан ниссэн. ЭМЯ-ны өдөр бүр хийдэг хэвлэлийн бага хурлыг иймэрхүү байдлаар хуулбарлаж, ажиллах юм байх. Гэтэл бодит байдалд байгаль орчны салбарт тулгамдсан асуудал тоймгүй олон. Жишээ нь, дотоодын жуулчдын хөлд талхлагдаж, сүйрлийн ирмэгт тулсан байгалийн үзэсгэлэнт, дархан цаазат газар, гол, нууруудыг хэрхэн аврах вэ. Хууль, эрх зүйн орчныг нь хэзээ боловсронгуй болгох юм бол. Адаглаад л аялал жуулчлалын бүс нутгуудад нэн тулгамдаад буй ариун цэврийн байгууламжийг шийдэхээс эл салбарт хийж, хэрэгжүүлэх их ажил нь эхлэх ёстой сон. Хэдийгээр аялал жуулчлалын улирал шувтарч байгаа ч ирэх жил дахиад сөхөгдөх, шийдэх олон асуудал асуултын тэмдэгтэй үлдэж байна.
Хэдхэн хоногийн дараа 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Сурагчдыг гурван өдөр танхимаар, хоёр хоногт нь цахимаар хичээллүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан ч сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй. Эцэг, эхчүүд I ангид элсэх хүүхдээ сургуульд оруулах, эсэхдээ ч эргэлзэж байна. Багш нар “Нэг ангид 20 хүүхэдтэй хичээллэх тул гурван ээлжтэй болж магадгүй” хэмээн ангийнхандаа хэлж буй сурагтай. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдээс 100 мянга гаруй нь гэртээ хоригдоно. Тэднийг хэн харж, хамгаалах тухай асуудал бүрхэг. Угаас бүх шатны боловсролын байгууллагынх нь чанар доголдсон, орчин цагийн иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц сургалт, хөтөлбөргүй энэ салбар цааш хэрхэх нь тааварлашгүй. БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн “Боловсролын салбарыг уналтад орсон гэж бодохгүй байна” гэснээс үзвэл ирэх дөрвөн жилд дорвитой шинэчлэл, өөрчлөлт хийхгүй л бололтой.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабынхантай уулзахдаа өөрийг нь хүндлээд, жагссан алба хаагчдыг дорд үзэж, утсаар ярьсан хэвээр гар барьж, “Сайн байцгаана уу” хэмээн тэдний амрыг эрсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн. Энэ мэт сайд нарын ёс зүйгүй үйлдэл, үүрэгт ажлаа умартсан өдөр хоногууд үргэлжилж, эсрэг талд нь цар тахлын гайгаар гадаад, дотоод худалдааны эргэлт саарч, эдийн засаг мөлхөж, хөдөлмөрийн насны идэвхгүй хүн олшрон, ахуйн хүрээний архидалт нэмэгдэхийн хэрээр хулгай дээрэм, хүчирхийлэл гаарлаа. Зам, барилга зэрэг бүтээн байгуулалтын ажил удааширч, орон нутгийн замд хүмүүс эндсээр. Мэдээж олон жил бугшсан эдгээр асуудлыг амархан эмхэлж, цэгцлэх боломжгүй ч шийдэх “дохиур”-ыг нь атгаж буй сайд, дарга нар нэг хоногийн өмнө ч болтугай үндсэн ажлаа хийж, ахиулмаар байна.
Засгийн газрын тухай хуульд эрх баригчдын бүрэн эрх, ажлын чиг үүрэг, эрхлэх асуудлыг нэгбүрчлэн заасан. Тус хуулийн тавдугаар зүйлийн 27.2-т “Улсын хэмжээний бүтэц бүхий олон нийтийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааны асуудлаар удирдах дээд, төв байгууллагадаа уламжлан, Засгийн газартай харилцана. Засгийн газар нь олон нийтийн байгууллагаас улс орныг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангахад тус дөхөм үзүүлэх талаар гаргасан санал, санаачилгыг нь дэмжих, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүний дагуу сайд нар гадаад, дотоодын байгууллагууд, ЭСЯ-ныхныг хүлээн авч, уулзаж, санал солилцох нь харш үзэгдэл биш. Гэхдээ Засгийн газрын гишүүдийг шинээр томилох бүрт амь бөхтэй оршсон эл үзэгдэл, хандлагатай эвлэрсээр байх уу. Сайд болгон хувьдаа шаардлагагүй уулзалт, “танилцах дадлага” хийж, ингэнэ, тэгнэ гэсэн ирээдүй цагийн “мөрөөдөл” хэлэлцэж, шуугиулахын оронд чухал асуудлуудаа шийдэхэд төвлөрдөг болох сон.