Хилийн чанадаас эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байрнуудын орчин, нөхцөлийг голж, хоолны амт, чанарыг шүүмжилсээр буй. Тусгай үүргийн нислэг үйлдэж эхэлж байхад эл асуудлыг олон нийт төдийлөн хүлээж авахгүй, “Монголчууд гадаадад үүнээс ч муу орчинд амьдарч, хоолтой, хоолгүй хонож байхад битгий давар. Тэгвэл яах гэж ирсэн юм бэ” гэхчлэн зөрүүлээд загнаж, адалж байлаа. Одоо ч “Өгсөн хоолыг нь дуугүй ид” гэх хүн цөөнгүй. Бусдын амьдрал, туулсан зовлон, жаргалыг мэдэхгүй байж хэн нэгнийг хүссэнээрээ харааж, зүхдэг муухай монгол зангаа бид хэзээ гээх вэ. Бүгд адилхан тусгаарлах байрны мөнгө төлж, зохих дүрэм, журмын дагуу хөл хоригдож буй. Аятай тухтай, цэвэр орчин, зохистой хоол, эрх тэгш үйлчилгээ нэхэх нь тэдний зөв. Тусгаарлах байр, хоолны зардалд насанд хүрэгчид 21 хоногт 1 050 000, хүүхэд 640 000 төгрөг төлөх журамтай. Тийм байхад яагаад нохой ч тоож идэхгүй хоолыг, бас болоогүй “хачирт” нь бясаа, жоом, ялаа “зооглох” ёстой гэж.
Итгэхгүй бол та бүхэн фэйсбүүк дэх “Гадаадад гацсан монголчууд” группэд нэгдээд, хараарай. Нийтлэлүүдийн ихэнх нь тусгаарлах байрны хоолны амт, чанар муу, хэмжээ бага, өрөөний цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй байгааг зураг хөрөгтэй нь дэлгэсэн байна. Бясаанд хазуулсан, биеэр нь дүүрэн яр, шарх болсон хүн ч цөөнгүй. Харин албаныхан энэ талаар олон нийтэд мэдээлэхдээ “Тусгаарлах байрнуудад дагаж мөрдөх хоолны цэсийг боловсруулж, зочид буудал, амралт, сувиллын газруудад түгээсэн. Тиймээс хаана тусгаарлагдаж байгаагаас үл хамаарч өдөр бүр ижилхэн нэрийн, илчлэг чанар нь стандартын шаардлага хангасан хоол идэж буй. Хоолны цэсийг боловсруулахдаа насанд хүрэгчдийн болон хүүхдийн өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг тооцсон. Тусгаарлах байрнуудын хоолны чанар, илчлэгийн хэмжээ шаардлага хангаж байгаа” гэсэн байна. Харамсалтай нь, бодит байдал мэргэжлийнхний ярьснаас тэнгэр, газар шиг зөрүүтэйг дараах баримтууд “хэлнэ”. Тусгаарлагдаж буй иргэдэд ямар нэгэн дарамт, шахалт учирч болзошгүй тул нэрийг нууцлав.
ИРГЭН А: ХЭДЭН ТӨГРӨГ ТӨЛЧИХӨӨД ТОМРООД БАЙГАА ЮМ БЭ ГЭЖ ЗАГНУУЛСАН
-Би долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн ОМ-7182 онгоцоор ирсэн. Онгоц 22.55 цагт “Буянт-Ухаа”-д газардаж, 31-ний 01.37 цагт Баянгол дүүрэгт байрлах “Мөнх хустай” гэх зочид буудалд тусгаарлагдсан юм. Бүртгэлийн ажилтан тус зочид буудалд 42 хүн тусгаарласныг хэлсэн. Өрөөндөө төвхнөж байтал 03.10 цагт гурилтай шөл өгсөн. Тухайн үед өрөөнд ариутгал, халдваргүйтгэлийн болон цэвэрлэгээний бодис гэх юм байгаагүй учраас энэ талаар гэрийнхэндээ хэлж, авчруулсан. Одоо хүртэл халуун усгүй байна. Насаараа энд амьдрах биш, хэдхэн өдөр тэвчье гэж хичээсэн ч жирэмсэн болохоор хэцүү байна. Зочид буудлынхны өгч буй хоол хүний биед хэрэгтэй эрдэс, шим тэжээлтэй гэхэд бас л хэцүү. Надад хоолны хэмжээ их, бага нь хамаагүй. Давхар биетэй учраас шим тэжээлтэй хоол идэх нь л чухал. Энэ талаарх гомдлоо буудлынханд утсаар хэлсэн боловч ахлах тогооч гэх хүнд загнуулсан. “Өөрөөс чинь гадна жирэмсэн 11 хүн байна. Ганц хүнд зориулж хоол хийдэггүй. Чи хэдэн төгрөг төлчихөөд томроод байгаа юм бэ. Тийм бол хоол идэх хэрэггүй” гэж дарамталсан. “Гадаадад гацсан монголчууд” группэд энэ талаар нийтлэхэд “Мөнх хустай”-д тусгаарлагдсан хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүд надтай холбогдсон. Бүгд хоол, үйлчилгээг нь голж, сэтгэл хангалуун бус байгаа. Энд буудалласнаас хойш мах идэж чадсангүй. Тогооч нар нь мэргэжлийнх гэж хэлэхэд эргэлзээтэй. Уг нь тусгаарлах байрнууд УОК-ынхны гаргасан хоолны цэсийн дагуу үйлчлэх ёстой юм билээ. Гэтэл бид гоймонтой шөл, гурил, будаатай “жонхуу”, төмс, луувантай хоосон шөл, цуйван л идэж байна. Долоо хоногт хоёр удаа хогоо хаядаг. Идэж чадахгүй хоолнуудаа уутлаад тавьчихдаг. Биднийг хүн гэж тоох газар алга.
ИРГЭН Б: НЭГ ӨРӨӨНД ХҮМҮҮСИЙГ 3-4-ӨӨР НЬ ОРУУЛСАН БАЙНА
-Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирээд, “Ореинтал” зочид буудалд тусгаарлагдсан. Үйлчилж байгаа хүмүүсийнх нь харилцаа, хандлага сайн ч орчин, хоол нь хэтэрхий муухай, бас амтгүй байгаа учраас олон нийтэд энэ талаар санал, бодлоо хэлсэн. Муудсан махтай мантуун бууз хүртэл өгсөн. Түүхий, муудсан махтай хоол идэх энүүхэнд болжээ. МХЕГ болон УОК-т энэ талаар мэдээлэх хэрэгтэйг ч бусдадаа хэлсэн. Үүнээс гадна тус зочид буудалд гэр бүлийн биш, танихгүй хүмүүсийг 3-4-өөр нь нэг өрөөнд оруулсан тохиолдол цөөнгүй.
ИРГЭН В: ХООЛНООС ХЯЛГАС, ҮС, ХАР ХОРХОЙ, ЯЛАА УДАА ДАРАА ГАРСАН
-Би долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирээд, “Тоёоко инн” зочид буудалд байрлаж байна. Тав тух, ариун цэврийн тухайд маш сайн. Хоол нь харин асуудалтай юм. Өглөө каш, эсвэл сүүтэй будаа, нэг зүсэм талх, өдөр I, II хоол, орой аль нэгийг нь өгдөг. Амт, чанар нь авах юмгүй. Заримдаа идэхийн аргагүй “юм” ч өгч байсан. Хоолноос хялгас, үс, хар хорхой, ялаа хэд хэд гарсан. Гурван удаа түүхий бууз өгсөн. Гурилтай шөл нь нэг удаа маш их тостой байсан тул шүүж идсэн. Оройн хоолных нь хэмжээ ихэвчлэн бага. Энэ талаар буудлын ажилчдад хэлэхэд “Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас буудлын хоолыг хариуцаж, зөөдөг тул УОК-ынхонд гомдлоо гарга” гэсэн. Иймэрхүү дутагдал, зөрчлийг хараад дуугүй өнгөрч болохгүй гэсэн юм.
Зочид буудал, амралт, сувиллын газрууд нэг хүнийг байрлаж, хооллоход хоногийн 50 мянган төгрөг авч буй. Боломжийн үйлчилгээ, хоолтой амралт, сувиллын газрууд жирийн үед нэг хүнд хоногийн 25-40 мянган төгрөгөөр үйлчилдэг шүү дээ. Гайтай цар тахлаас болж улс орнуудын эдийн засаг өдгөө уруудаж, олон сая хүн ажилгүй болж, аж ахуйн нэгж, байгууллагууд хаалгаа барьж байна. Манайхыг ч эл хямрал тойроогүй. Ийм хүнд хэцүү цаг үед байнгын орлоготой, ажилчид нь цалинтай байгаа нь тусгаарлах зориулалтаар ашиглаж буй зочид буудал, амралт, сувиллын газруудад уг нь олз юм. Гэтэл тэд УОК-ынхны зөвлөсөн жишиг цэсийг баримтлах нь байтугай үйлчлүүлэгчдэдээ муудсан махтай хоол, илчлэг, шим тэжээлгүй усан шөл өгч байгааг юу гэх вэ.
Нийслэлийн хэмжээнд 31 байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж буй. Бүгдийнх нь хоол, үйлчилгээ, орчин нөхцөл тааруу юу гэвэл, үгүй. Өдрийн таван хоолтой, амт, чанар сайтай, илчлэг нь хүний өдөрт авах ёстой хэмжээнд хүрдэг. Үйлчлүүлэгчээ эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд тухтай байлгаж байгаа нь цөөнгүй. Гэвч эрүүл ахуйн шаардлага хангаагүй газруудыг тусгаарлах байрны хүрэлцээтэй холбон хаацайлж, өмөөрмөөргүй байна. Үүнд нэг талаас тухайн байгууллагынхны ажил, үүрэг, ухамсар, нөгөө талаас мэргэжлийн хяналтынхны хатуу хяналт хамгийн чухал.
Улаанбаатар хот дахь тусгаарлах байрнуудын хоолны амт, чанар, орчны эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хариуцаж, хянаж, шалгах үүрэгтэй. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Шинэдаваагаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад “Ажиглалтад байгаа иргэдээс дөрвөн зочид буудлыг амт, чанаргүй, хүйтэн хоол өгч байна, бясаанд хазуулсан гэх гомдол мэдүүлсэн. Үүний мөрөөр тухайн нутаг дэвсгэр дэх тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг “Тоёоко инн”, “Сэнтий”, “Вэн жоу”, “Ореинтал” зочид буудалд хийсэн. Шалгалтын явцад эдгээр зочид буудлынхан халуун барьдаггүй, энгийн саваар хоолоо зөөдөг зөрчил илэрсэн. Насанд хүрсэн хүн өдөрт 2200-2300 ккал илчлэгийг хоол, хүнсээрээ авах ёстой. Уг зөвлөмж хэмжээг дээрх дөрвөн буудалд мөрдөж буй, эсэхийг лабораторийн шинжилгээгээр шалгахад стандарт хангасан үзүүлэлттэй гарсан. Хоолны амт муу, хэмжээ бага зэрэг зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаат албан даалгавар өгсөн.
Зочид буудал, сувиллын газрууд жишиг цэсийн дагуу хоолоо хийж байгаа. Хоолны амт, чанарын тухайд тогоочийн ур чадвараас хамаарах зүйл. Тусгаарлах бүх байр мэргэжлийн тогоочтой. Харин тэд жишиг цэсийн дагуу технологийн карт боловсруулах ёстой. Нэг хүний өдөрт авах илчлэгийн хэмжээг таван удаагийн хоол, цайгаар нь хэрхэн нөхөх, нэг удаагийнхад ямар хэмжээтэй мах, ногоо, гурил, будаа орох зэргийг нарийн тооцсон жор боловсруулна гэсэн үг. Зарим буудлынхан энэ картаа боловсруулаагүй байсан. Тухайн зочид буудлууд иргэдийг хүлээн авахаасаа өмнө цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, шавж устгал хийлгэсэн байх ёстой. Түүнийг нь манайх хянаж, шалгадаг. Өөрөөр хэлбэл, тусгаарлах байранд хүмүүсийг оруулахаас өмнө болон ажиглалтаас гарсных нь дараа цэвэрлэгээ, үйлчилгээ, чанарыг шалгадаг. Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүний нөөц, тоног төхөөрөмж нь ч шаардлага хангаж буй, эсэхийг хянадаг. Бясаанд хазуулсан тухайд, зочид буудлууд мэргэжлийн байгууллагаар хортон мэрэгч, шавж устгал хийлгэсэн акттай байсан. Тухайн үед шалгахад нүдэнд харагдах “юм” байгаагүй. Зочид буудлуудад үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлынхнаас лавлахад, тэдний дунд бас бясаанд хазуулсан хүн цөөнгүй байсан. Тусгаарлагдаж буй хүмүүстэй уулзах, дотогш нэвтрэх боломжгүй. Тэднийг ажиглалтаас гарсных нь дараа ариутгал, шавж устгалыг бүрэн хийлгэнэ. Одоогийн нөхцөлд зөрчил гаргасан болгонд торгуулийн арга хэмжээ авах нь зохимжгүй тул албан даалгаврууд өгч байна. Харин удаа дараа зөрчил, дутагдал гаргасан хэд хэдэн зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахыг хориглох хүсэлтээ УОК-т хүргүүлнэ” гэлээ.
УОК-ын Шуурхай штабын өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байр болгонд хоолтой холбоотой зөрчил, гомдол гараагүй. “Тоёоко инн” зочид буудлыг гал тогоогүй гэдгээр нь шалтаглаж, тусгаарлах байрны зориулалтаар ашиглахыг болиулбал бид тусгай үүргийн нэг онгоцоор ирэх иргэдийг хүлээн авч чадахгүйд хүрнэ. Тиймээс тухайн зочид буудлаас 250 метрийн зайтай, цэцэрлэгийн гал тогоог ашиглаж байна. Тусгаарлах байрнуудаас ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдвэрлүүлэхээр Шуурхай штабаас мэргэжлийн хүн томилж, газар дээр нь ажиллуулдаг болсноос хойш үйл ажиллагаа нь сайжирч байгааг албан ёсоор хэлье” гэв.
Хоолны амт, чанар муу гэж гомдол мэдүүлэхээр “Идэхээ больчих” хэмээн загнаж, зочид буудлынх нь зөрчил, дутагдлыг хэлэхээр тусгай үүргийн онгоц хүлээж авч чадахгүй гэж “сүрдүүлж” байгаа зэрэг нь иргэд төлбөртөө тохирсон үйлчилгээ, тусламж авна гэж найдаж, горьдох хэрэггүйг харуулна. Ялангуяа тусгаарлах байрнуудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, орчны эрүүл ахуй, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж буйг хянаж, шалгах, зөрчил, дутагдлыг нь илрүүлж, хариуцлага тооцох чиг үүрэг бүхий байгууллага болох НМХГ-ынхан ажлаа ер хийж чадахгүй байна. Түүнээс нь болж тусгаарлагдаж буй иргэд эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсоор байна. Уг нь тус байгууллагаас ажиглах байрнуудад иргэдийг хүлээн авахаас өмнө болон гарсных нь дараа хоёр удаа хяналт, шалгалт хийж байгаа гэсэн. Тэгсэн хэрнээ байцаагч нар нь бясаа, жоомтойг одоо л мэдэн, уулга алдах нь хачирхалтай. Хяналт, шалгалтын дараа иргэдийг бясаа хазсаныг юу гэж ойлгох вэ хэмээн лавлаж асуухад “Нүдэнд харагдах юм лав байгаагүй” гэсэн нь тэдний ажлаа хэрхэн оромддогийг илтгэх биз ээ.