Орой ажлаа тараад “Бөмбөгөр” худалдааны төвөөс микро юм уу, том оврын автобусанд суугаад, Баянхошууны “Хилчин” хотхонд хүрдэг байлаа. Яаралтай, эсвэл унаа удаан хүлээсэн үедээ такси хөлслөх нь бий. Тиймээс энэ чиглэлд нийтийн тээвэр, такси хэдэн төгрөгөөр явдаг, түгжирвэл хэдэн цаг, түүртэхгүй бол хэчнээн минут зорчоод зорьсон газартаа хүрдгийг яг таг мэднэ. Харин энэ бүхнийг мэддэгийнхээ “гайгаар” таксины нэгэн жолоочид хэд хоногийн өмнө баахан загнуулав.
...Сүүлийн үед олон улсад “smart taxi share” үйлчилгээ моод болов. Нэг чиглэлд явах хүмүүс цахим хэрэгслийн тусламжтайгаар биенээ олж, дундаа такси захиалдаг энэ үйлчилгээ эдийн засагт тун хэмнэлттэй. Ийм аппликэйшнийг мэдээллийн технологийн ажилтнууд илүү боловсронгуй болгоход анхаарч буй. Харин манайд үүний монголчилсон хувилбар нь хэдийн дэлгэрсэн....
“Бөмбөгөр”-өөс “Хилчин” хотхон руу таксигаар хүрэхэд илүү ч үгүй, дутуу ч үгүй 8000 төгрөг гардаг юм. Гэтэл өнөөх ах “8.6 км явж. 9000 төгрөг өгчих” гэв. Ямар учраас 400 төгрөг нэмж авах гээд байгаа шалтгааныг нь асуухад “Угаасаа л тэгж тэгшилж авдаг шүү дээ. 8200 төгрөг гарсан бол 8000-ыг авч болох юм. 8500-гаас дээш бол 9000-аар тооцно” гээд учиргүй тоо, томьёо ярив. Сүүлдээ “Муусайн юмнууд мөнгөгүй бол яах гэж такси барьдаг юм. 400 төгрөг өгч чадахгүй үхлээ юү” гэж загнаж, элдэв үгээр харааж зүхээд, 400 төгрөг аваад явсан сан.
Нэгэн танил минь саяхан бас л ийм явдалтай учирчээ. Таксины жолооч түүнд 200 төгрөг хариулж өгөхдөө учиргүй уурлаж, “Өөрөө дэлгүүр ороод мөнгөө задлуулаад ир. Би явж чадахгүй” хэмээн аархсан гэнэ.
400 төгрөг илүү авсан, 200-г хариулж өгөхөөс татгалзсан энэ хоёр эр бол манай таксины үйлчилгээ эрхэлж буй жолооч нарын нийтлэг төрх. Такси үйлчилгээг амьжиргааны эх үүсвэр, хоногийн хоолоо залгуулах чухал ажил гэж боддог, сэтгэлтэй, хариуцлагатай, шударга жолооч олон бий гэдэгт эргэлзэхгүй. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэгчээр үйлчлүүлэгчдээ ганц, хоёр зуун төгрөгөөр ч болов монжихыг санаархаж, тусгай муу жолооч ч тэдний дунд цөөнгүй бий. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ түүхэндээ анх удаа хасах түвшинд хүрлээ гэж амтай бүхэн “шуураад” байхад л манай таксичид дүлий царайлж, дүмбэ оргисоор яваа. Үндэсний үйлдвэрлэгчид “Цаг үеийн нөхцөл хүндхэн байгаа учраас бид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй” гэж шил дараалан мэдэгдэхэд ч тэд “цааш харан” гүрийсэн хэвээр байна.
Шатахууны үнэ ялимгүй өсөхөд л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дээшилж, такси үйлчилгээнийхэн ч энэ боломжийг алддаггүй. Гэтэл одоо үүнтэй урвуу зүй тогтол зах зээлд үйлчилж байгааг мэргэжилтэн, судлаачид онцолсоор. АМГТГ-аас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр А-80 бензиний үнэ литр тутамдаа 380, АИ-92 шатахуун 475, АИ-95 нь 440, дизель түлш 590 төгрөгөөр буурчээ. Тус газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хүрээнд бүх төрлийн шатахууны ханшийг 300-400 төгрөгөөр буулгаж, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгах бодлого баримтална. АИ-92 бензиний үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгана” гэж мэдэгдсэн. Экспорт хязгаарлагдсан, борлуулалт багассан зэргээс үүдээд бараа, бүтээгдэхүүний үнэ “хөдлөхгүй” байгааг зөвтгөх үндэс бий. Харин такси үйлчилгээний үнэ яагаад 1000 төгрөгөөс буухгүй байгаа нь хачирхалтай.
Саяхан “Алтай” хотхоноос ажил руугаа таксидахдаа жолоочтой нь яриа өрнүүллээ. Тэрбээр “Үйлчлүүлэх, эсэх нь хувь хүний сонголт. Манайхан таксинд суухдаа үнийг нь асуудаггүй хэрнээ буухдаа дандаа хэл ам хийдэг. Ах нь шударга хэлье. Км-ээ 1000 төгрөгөөс буулгах боломжгүй. Түгжрэл энэ тэр гээд өчнөөн асуудал бий” хэмээн учирлав. Харин өөр нэг жолооч “Шатахууны үнэ буурсан нь үнэн. Гэхдээ төр, засаг, аль нэг байгууллагаас “Такси км-ийн өртгөө төдөн төгрөгөөр тооцно” гээд хатуу шийдчихсэн юм байхгүй. Таван км-ээс дээш бол 800 төгрөгөөр тооцож болно” гэв.
Такси үйлчилгээний үнийг хянах, зохицуулах чиг үүрэг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт бий. Гэвч иргэд МХЕГ, ШӨХТГ-т энэ талаарх гомдол, мэдээлэл байнга ирүүлдэг гэнэ. Нэгэнт үүнийг биелүүлэх эрх мэдэл, чиг үүрэг эдгээр байгууллагад үгүй учраас тэднийг үйлчилгээний үнээ уян хатан байлгахыг уриалж буй ч нэмэргүй байгааг хэллээ. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Такси үйлчилгээ эрхлэгчдийн хувьд амьжиргаагаа залгуулах, орлого олох шаардлага бийг ойлгож байна. Гэхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үйлчилгээгээ хүртээмжтэй байлгахад анхаарах хэрэгтэй. Энэ хэцүү цаг үед иргэдэд таксины үнэ ч дарамт болж, мэдрэгээр тусгаж авч байна. Энэ төрлийн үйлчилгээнд хяналт тавьдаг, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бид уриалга хүргүүлсэн” гэв.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон такси үйлчилгээ эрхэлдэг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг км тутамд 800 төгрөгөөр иргэдэд үйлчлэхийг уриалж буй. Түүнчлэн км тутмын үнийг 1000 буюу түүнээс дээш төгрөгөөр тооцож буй аж ахуйн нэгж, компаниудад зохих ёсны арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авна гэдгээ илэрхийллээ. Харин нийслэлийн Нийтийн тээврийн газрынхнаас энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч, шийдвэр гаргасныг тодруулахад “Манайхтай гэрээтэй 10 аж ахуйн нэгжийн ес нь шингэрүүлсэн хий (гааз)-гээр ажилладаг тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг учраас тийм зохицуулалт хийх боломжгүй. Нийтлэг эрх ашгийг нь харгалзаж, шийдвэр гаргах хэрэгтэй. Гэрээ ёсоор бол хоёр тал харилцан тохиролцож, зөвшилцсөний үндсэн дээр үйлчилгээний үнийг буулгах учиртай. Тиймээс гэрээт аж ахуйн нэгжүүддээ “Үйлчилгээний үнээ зохих хэмжээгээр бууруулахад анхаарна уу” гэсэн уриалга бүхий албан бичиг хүргүүлсэн гэв.
Авто тээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Такси үйлчилгээний ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартаар бол өдгөө Монголд хувиараа такси үйлчилгээ эрхлэх хориотой. Ийм зөрчил гаргасан тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийг 100 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр торгох хуультай. Гэтэл халтуурчид такси үйлчилгээний зах зээлд ноёрхсоноос энэ “шийтгэл” хэрэглээнээс гарсан гэхэд хилсдэхгүй. Үр дүнд нь иргэд таксины жолоочдод “шулуулах”-аас аргагүй сонголттой нүүр тулсан. Дээрх газрын мэргэжилтэн ч “Хувиараа үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавих боломж тэр бүр байдаггүй. Гэхдээ манай улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, арга хэмжээ авдаг” гэсэн тайлбар хэллээ.
Сүүлийн үед олон улсад “smart taxi share” үйлчилгээ моод болов. Нэг чиглэлд явах хүмүүс цахим хэрэгслийн тусламжтайгаар биенээ олж, дундаа такси захиалдаг энэ үйлчилгээ эдийн засагт тун хэмнэлттэй. Ийм аппликэйшнийг мэдээллийн технологийн ажилтнууд илүү боловсронгуй болгоход анхаарч буй. Харин манайд үүний монголчилсон хувилбар нь хэдийн дэлгэрсэн. Томоохон худалдааны төв, зах, зарим автобусны буудалд ийм үйлчилгээ эрхлэгчид төвлөрдөг бөгөөд ихэнхдээ таван хүнээр баг бүрдүүлдэг. Ингэхдээ мөн л иргэдийг “холгох” бодлого баримталж байна. Жишээ дурдъя.
“Ард” кинотеатрын буюу бидний нэрлэдгээр “Цэцэг” төвийн автобусны буудлаас Долоонбуудал чиглэлд ийм унаа явдаг. Тэд таван хүн суулгадаг бөгөөд тус бүрээс нь 1500 төгрөг авдаг юм. Энэ чиглэлд нэг талдаа 7500 төгрөгийн орлоготой явдаг гэсэн үг. “Приус” (ихэнх нь ийм унаатай) хот дотор 100 км-т дунджаар найман литр шатахуун зарцуулдаг гэсэн тооцоо бий. Ихээр бодоход л ийм. Тэгвэл ийм үйлчилгээ эрхлэгч жолооч нар тус чиглэлд нэг л удаа явахдаа 100 км зам туулах “хоолоо” өлхөн олдог. Шатахууны үнэ түүхэнд байгаагүй хэмжээгээр буурсан энэ үед ч жолооч нар ийм аргаар иргэдийг “шулж” байгааг тэр хавьд гар утасны лангуу ажиллуулдаг хамаатны эгч минь хэллээ.
“Бөмбөгөр” худалдааны төвөөс Долоонбуудал, Баянхошууны “Жанцан” дэлгүүр хүртэл явдаг ийм тээвэр олон бий. Тэдний нэг жолоочоос нь тээврийн үнээ яагаад бууруулахгүй байгааг асуухад “Орилж, орилж, арай гэж хүнээ олдог. Хэцүү шүү дээ” гээд ам таглачихав.
Манай улсын такси үйлчилгээний өнөөгийн байдал ийм л байна. Хууль ёсны зөвшөөрөлтэй гэх аж ахуйн нэгжүүд нь “Бид шингэрүүлсэн хий ашигладаг учраас шатахууны ханш үйлчилгээний өртөгт нөлөөлөхгүй” гэж гэдийж, харин тэдний орон зайг эзэлсэн халтуурчид “Үйлчлүүлэх, эсэх нь таны сонголт” хэмээн пээдийнэ. Харин иргэд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага аятай л байна.