Долоо хоног бүрийн даваа гарагт хуваарь ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралддаг билээ. АН-ын бүлэг өчигдөр 10.00 цагт хуралдав. Тус бүлгийн энэ удаагийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хятадын талаас боомтуудыг үе шаттай холбоно. Гашуунсухайт-Ганц модны боомтын бүтээн байгуулалтыг эхэлж хийсний дараа Шивээхүрэн-Бичигт, Ханги-Мандал боомт руу орно. Бид дотооддоо маргаанаа багасах нь зүйтэй” гэсэн юм. Бүлгийн хурлын дараа АН-ын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын талд тавьсан төмөр замаа ашиглах нь эдийн засгийн хувьд маш их нөлөөтэй. Олон жил улстөржсөн сэдвүүдээ ардаа орхиж, бизнесийн зарчмаар асуудал шийдэгдэх боломж гарч ирсэн бол нарийвчлан ярилцах ёстой гэсэн байр суурьтай байна” гэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Манай бүлгийн зүгээс агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар Х.Нямбаатар даргыг ирж, танилцуулаач гэж хүссэн. Томилолттой гэдэг шалтгаанаар ирсэнгүй. Орлогч дарга нь ирсэн ч тун хангалтгүй мэдээлэл өглөө. Тиймээс хотын даргыг өөрөө мэдээллээ өг гээд ирсэн хүмүүсийг нь буцаасан. Ер нь нийслэлийн Засаг даргад аливаа асуудлыг хэлээд хариу арга хэмжээ авч чадахаа больсон. УИХ нийслэлийн ЗДТГ-аасаа мэдээлэл авч чадахаа больжээ. Өмнө нь явган хүний зам засвартай холбоотой асуудлаар газар дээр нь танилцах санал хүргүүлсэн. Х.Нямбаатар дарга эрүүл мэндийн шалтгаантай гэж тухайн үедээ хэлсэн. Тэр нь худлаа байсан.
Хариуцлагагүй байгааг нь олон нийтэд мэдээлэх нь зөв байх. УИХ-ын үйл ажиллагаанд битгий саад болооч ээ” гэсэн юм. “Банк, барилгын компаниуд авлигад идэгдсэн, залуус ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Үүнд АН ямар арга хэмжээ авах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Б.Жаргалан “2012- 2016 онд 80 гаруй мянган айл ипотекийн зээлд хамрагдсан. Түүнээс хойш хөтөлбөр зогсонги байдалд орж, алдаа завхрал гарах боллоо. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд ипотекийн зээлийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, орон сууцын санхүүжилтийг өөр түвшинд гаргах зорилтуудыг дэвшүүлсэн. Гэр хорооллыг яндангүй, нүхэн жорлонгүй болгох олон шийдэл бий” гэв. Харин МАН-ын бүлэг 15.00 цагт хуралдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн Гашуунсухайт-Ганцмодны боомтын асуудлаар мэдээлэл өгчээ.
Ч.БОЛОР