“Оюутолгой” төслийн хүрээнд, гүний уурхайн дэлхийн хамгийн том хавхлагыг монгол залуус эх орондоо үйлдвэрлэж байгаа сайхан мэдээ дуулгая. 60-70 тоннын даацтай, хүдэр олборлоход чухал үүрэгтэй нүсэр төхөөрөмжийг одоогоор таван ширхгийг үйлдвэрлэсний дөрвийг нь “Маррий майнинг сервисес” компанийнхан гүйцэтгэжээ. Үлдсэн нэгийг нь Канадад үйлдвэрлэсэн байна. Монгол инженер, гагнуурчдын бүтээгдэхүүнийг дэлхий хүлээн зөвшөөрч, харин тэд Монголдоо төмөр хийцийн хүнд үйлдвэрлэлийн суурийг ийнхүү тавьж байгаа аж. Биднийг тус компанийн үйлдвэрт очиход ажилчид нь эргэн тойрноо цэвэрлэж, төмөр хийцийн тоног төхөөрөмжүүдээ угсарсан байв. Учрыг тодруулахад хавхлагын болон бусад ажлынх нь үйлдвэрлэлтэй танилцахаар “Оюутолгой” ХХК-иас хүмүүс ирж яваа гэнэ.
Манай улсын уул уурхайн салбарын түүхэнд “Оюутолгой”-н дайтай том төсөл хэрэгжүүлж байгаагүй. Тус орд нь зэс, алт, мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрдэх бөгөөд нийт баялгийнх нь 80 гаруй хувь нь газрын гүнд бий. Тиймээс гүний уурхайгаас хүдэр олборлох орчин үеийн технологийн шийдэл бүхий иж бүрэн байгууламжийг одоо ч барьж буй. “Оюутолгой” компанийнхан хэдийгээр монгол компаниудаар засвар, үйлчилгээгээ хийлгэдэг ч олборлолтын томоохон байгууламжууд, тоног төхөөрөмж, төмөр хийцүүдийг гадаадад захиалж, хийлгэдэг. Түүний нэг нь хүдэр олборлох хавхлага юм. Гүний уурхайд одоогоор ийм хавхлага 40 орчим шаардлагатай аж. Эхэндээ уг төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэх боломжгүй гэж олон хүн үзэж байж. Харин “Маррий майнинг сервисес”-ийнхэн нэгийг нь 3-4 сарын хугацаанд үйлдвэрлэж, өдгөө дөрөв дэхийнх нь төмөр хийцийн ажлыг дуусгажээ. Эхнийхийг нь Оюутолгойд хүргүүлсэн бол хоёр дахийг нь угсарчихсан, дараагийнх нь будгийн ажил ид үргэлжилж байна.
Оюутолгойн гүний уурхайн хүдэр буулгах хавхлага
“Маррий майнинг сервисес” компанийн төмрийн үйлдвэр нийт 2700 ам метр талбай хамрах бөгөөд төмөр нугалах, хуйлах, цоолох, хайчлах, угсралтын, гагнуурын, будгийн, элсэн бууны, цахилгааны зэрэг 12 хэсгээс бүрдэнэ. Өдөрт 4545, сард 100 000 кг төмөр хийц үйлдвэрлэх хүчин чадалтай. Тоног төхөөрөмжүүдийнх нь хувьд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай төмөр тасдагч, хуйлагч, өрөмдөгч зэрэг бүрэн автомат машинтай. 8000 цагт буюу 333 хоногт хийх ажлыг 200 өдөрт гүйцэтгэх хүний нөөцтэй аж.
Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Батхүү “Манайх 2018 оны тавдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уул уурхайн төмөр хийцийн үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, өргөх байгууламжийн тоног төхөөрөмжийг голдуу хийж гүйцэтгэдэг. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниудтай 2016 оноос хойш яриа хэлэлцээ хийсний дүнд Австралийн “Byrnecut” группийн “Маррий инженеринг”-тэй хамтрах болсон. Манай үйлдвэрийн ажилчдын 99.9 хувь нь монгол. Уул уурхайн төслүүдэд монгол компаниуд сервис үзүүлнэ гэдэг олон талын ашигтай. Засвар, үйлчилгээнээс гадна шинэ техник, технологи, инновацыг эх орондоо нэвтрүүлэх, захиалагч талын зардлыг бууруулах гэх мэт. Манайх байгуулагдсанаасаа хойш ган төмөр хийцийн чиглэлээр түлхүү ажилласан. Оюутолгой зэрэг томоохон уурхайд ашигладаг тоног төхөөрөмж, бусад тоноглолын 50-60 хувийг гадаадад хийлгэж байна. Харин манайх Монголдоо ган төмөр хийцийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Учир юу гэвэл гүний уурхайн хүдэр буулгах зориулалттай дэлхийн хамгийн том, хүнд даацын хавхлагыг бид үйлдвэрлэж байна. Хөндлөнгийн компаниудын хяналт, үнэлгээгээр хавхлагыг олон улсын стандарт, шаардлагад нийцсэнийг баталсан” гэсэн юм.
Төмөр хийцийн үйлдвэр нь оргил үедээ 130-аад ажилчинтай, одоогоор шинэ вирусийн улмаас зарим төслийн ажлууд нь хумигдсан ч 80 орчим хүн ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Гүний уурхайн хавхлагыг эх орондоо үйлдвэрлэснээр стратегийн гурван том давуу тал бий болжээ. Эхнийх нь мэдээж гадаад руу урсах валютыг дотоодод авч үлдсэнээр Монголын эдийн засагт нэмүү өртөг шингэж байна. Хоёрдугаарт, захиалагч тал зардлаа үлэмж хэмжээгээр хэмнэж, үйлдвэрийн явцтай тогтмол танилцан, алдаа, дутагдал гарвал газар дээр нь шийдэх боломж бүрджээ. Төмөр хийцийн ажлуудыг гадаадад хийлгэсэн тохиолдолд алдаа гарах, хэмжээ зөрөх энүүхэнд гэх. Дахин засуулахад тээврийн болон бусад зардлаас гадна хугацаа их алддаг байна. Өөр нэг том давуу тал нь монгол залуус олон улсын стандартын дагуу үйлдвэрлэл эрхэлснээр ур чадвараа ахиулах, туршлагажих, өндөр зэрэглэлийн гагнуурчин, үйлдвэрлэгчид бэлтгэгдэж буйг Д.Батхүү захирал тодотгосон.
“Маррий майнинг сервисес” компанийнхан богино хугацаанд амжилтад хүрсэн нь ажиллах хүчээ зөв бүрдүүлсэнтэй холбоотой. Өсөж, дэвжих чадвартай, мэргэжлийн гагнуурчдаар багаа бүрдүүлж, тэднийг байнга сургаж, чадавхжуулдаг Сургалтын хэлтэстэй юм билээ. Сургагч багш нь мэргэжлийн лицензтэй, өндөр зэрэглэлийн мэргэжилтэн байдаг бол компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь дэлхийд өндрөөр үнэлэгдэхүйц чадвартай гагнуурчин аж. Шинэ ажилчид авахдаа ямар чадвартайг нь эхлээд шалгаж, ахисан түвшний сургалтад байнга хамруулдаг гэсэн. Компанийн удирдлага нь олон жил уул уурхайн салбарт ажиллахдаа голдуу гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч, арга барилаас нь суралцаж ирсэн нь үйлдвэрт дарга, цэргийн ялгааг гаргахгүй байх үндэс болжээ. Тодруулбал, захирлууд нь ажилчдаасаа ч жижиг өрөөнд суудаг бөгөөд “Ажилчид компанийн удирдлагын төлөө бус, хамтдаа баялаг бүтээхийн төлөө” гэсэн зарчмыг бүгд баримталдаг аж. Хөдөлмөрийн хөлсийг нь ч уул уурхайн компаниудын, түүнээс ахиу түвшинд тооцож, олгохыг чухалчилдаг байна. Компанийн цагийн бүртгэл, чанарын менежментийн систем, хөдөлмөрийн аюулгүй байдал, нягтлан бодох бүртгэл зэрэг нь олон улсын жишгийн дагуу явагддаг. Үйлдвэрийн ажилчдын цөөнгүй нь “Гантөмөр интернэйшнл” компанид өмнө нь ажиллаж байсан, туршлагатай гагнуурчид аж. “Маррий майнинг сервисес”-ийг үүсгэн байгуулахад тус компани татан буугдаж, ажилчдыг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь шилжүүлэн авсан нь одоогийн амжилтынх нь үндэс болжээ.
Гүний уурхайд ашиглах энэхүү хүнд даацын хавхлага нь хүдрийн олборлолтод шууд нөлөөлөх төхөөрөмж аж. Тодруулбал, 1300 метрийн гүнд хүдрийг тэсэлж, буталсны дараа зориулалтын хоолойгоор буулган, машинд ачдаг. Буталсан хүдрийг хүнд даацын машинд ачих үүргийг хавхлага гүйцэтгэнэ. Уг төхөөрөмжийн доторх хамгаалах хуягуудыг гэмтсэн даруйд нь солиод байвал 20 жил ч ашиглах боломжтой гэнэ. Үүнээс гадна Оюутолгойн гүний уурхайн хонгилын тусгаарлах, агааржуулалтын 5-6 метр өндөр хаалгануудыг тус компанийнхан үйлдвэрлэж байна. Уурхайн тоног төхөөрөмжийг хонгил руу цахилгаан шатаар буулгах зориулалттай бэхэлгээ, чарга, экскаваторын шанага, тэсэлгээний барилга байгууламжийг ч барьжээ. Одоогоор “Маррий майнинг сервисес”-ийн монгол залуус эдгээрээс гадна Монголын хамгийн том самосвалын 30 тэвшийг эх орондоо угсарчээ.
Үйлдвэрийнхээ инженер, чанарын, гагнуурчдын багийг маш сайн ажилладагийг захирлууд нь онцолсон. Өөрөөр хэлбэл, монгол инженерүүдийн шийдлийг гадаадын компанид санал болгосноор хэрэгжүүлсэн анхны ажил нь хавхлага болон уурхайн хамгаалалтын бэхэлгээ аж. Цаашид инженерүүдийнхээ ажил, үйлчилгээг экспортлох, Оюутолгойн ордын олборлолтод ашигладаг төмөр хийцийн үйлдвэрлэлийн ихэнх хувийг эх орондоо гүйцэтгэх том зорилт тавьжээ. “Маррий майнинг сервисес”-ийн шилдэг, залуу гагнуурчдын нэг Б.Бүрэнтамир “2015 онд “Гантөмөр интернэйшнл” компанийн ууган ажилчин болж байлаа. Энэ компанийг байгуулахад бид бүрэлдэхүүнээрээ шилжиж, улам хөгжиж, дэвшиж явна. Гагнуурын аргон, цахилгаан, хагас, бүрэн автомат, хийн, робот гээд олон төрөл бий. Хамгийн өргөн хэрэглэдэг нь хагас автомат. Миний хувьд 3-4 төрлөөр гагнадаг.
Хавхлагыг өмнө нь хийж байгаагүй учраас эхлээд хүндрэл, бэрхшээл цөөнгүй гарсан. Тухайлбал, олон улсын стандарт мэдэхгүйгээс хэмжээг нь зөрүүлэхээс эхлээд алдаа гарч байсан ч бид тухай бүрт нь судалж, засаж сайжруулсаар том ажлын ард гарчээ. Нэг хавхлагыг манайх 3-4 сар хийсэн. Канадын компанид үлдсэн нэгийг нь хийлгэсэн юм билээ. Биднийг бодвол энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай ч гэсэн тэд зургаан сарын хугацаа зарцуулсан гэсэн. Хавхлага нарийн төвөгтэй, эд анги болгон нь өөр өөрийн үйлдэл, үүрэгтэй. Нийт 30 орчим гагнуурчин хавхлагыг үйлдвэрлэхэд оролцсон. Гэхдээ зөвхөн гагнуурчид энэ ажлыг дангаараа хийх боломжгүй. Угсралтын, төмрийн, будгийн гээд үйлдвэрийн шат дамжлага бүрт манайхны үүрэг, оролцоо их бий. Ер нь төмөр хийцийн ажил их нарийн. Тухайн хэсэг бүрийн хэмжээг 2-5 мм зөрүүлэхэд л асуудал гарна. Зарим нарийн ажлуудад нэг мм-ийг 100 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээг ч алдаж болдоггүй. Манай гагнуурчид аль болох алдаж, зөрүүлэхгүйг хичээдэг. Оюутолгойн гүний уурхайн хонгилын тусгаарлах хаалгануудын заримыг нь БНХАУ-д захиалгаар хийлгэдэг юм билээ. Тус улсаас оруулж ирдгийг нь шалгадаг, “Оюутолгой” компанийн мэргэжилтэн бидний хийсэн хаалгануудыг “Ийм өндөр гүйцэтгэлтэй ажил анх удаа харж байна” гэсэн нь маш их урам өгсөн” гэж ярив.
Хамгийн залуу гагнуурчин нь Ц.Батбилэг. Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин тэрбээр гагнуурчин болох сонирхолдоо хөтлөгдөн, суралцаж, дэвшсээр эдүгээ компанийнхаа үндсэн ажилчин болжээ. “Би 17 настайгаасаа туслахын ажил хийсэн. Одоо 21 настай. Будаг, цэвэрлэгээ, цахилгааны гээд бүх л төрлийн ажлыг туслах байхдаа сурсан. Энэ хамт олныхоо зааж, чиглүүлснээр гагнуурчин болж, зэрэг олгох улсын шалгалтад тэнцэн, улмаар мэргэжлийн IV зэрэгтэй болсон. 2018-2019 онд томилолтоор “Оюутолгой”-д ажиллан, тэвш гагнаж, улам туршлагажсан. Гүний уурхайн хамгийн том хавхлагын ажилд хамтран оролцсон нь миний хувьд том боломж нээсэн” гэсэн юм.
Тус компанид ганц эмэгтэй гагнуурчин байдаг нь Т.Золжаргал. 35 настай тэрбээр өмнө нь хүнд машин механизмын операторч байжээ. “Гэрээсээ олон сар хол байх хэцүү ч мэргэжлээрээ хэсэг хугацаанд бичил уурхайд ажилласан. Хүнд даацын машины малтагчийн ир, шүд нь байсхийгээд л хугарчихна. Нөгөөхөө хүн гуйж гагнуулах гэж бөөн юм болдог байлаа. Тэгэх тоолонд надад төвөгтэй санагдаад, шарандаа гагнуурчин болсон. Герман, Монголын хамтарсан МСҮТ-д 2014 онд сурч, төгсөөд хөдөө ажил руугаа явах гэтэл Механик цехэд нь гагнуурчнаар ажиллах санал тавьснаар хотод үлдсэн. Цехдээ гурван жил гаруй ажиллаад, сүүлдээ бүр багшилсан. Ингэж явсаар “Маррий майнинг сервисес”-ийг байгуулагдаад удаагүй байхад нь ажилд орсон. Сургалтын зориулалтаар нимгэн төмөр гагнах, хүнд даацын үйлдвэрлэл эрхлэх хоёрт мэдээж асар их ялгаа бий ч бууж өгөөгүй, суралцаж л явна. Эмэгтэйчүүд аль ч салбарт эрчүүдээс дутахгүй ажиллаж чадна. Тэр боломжийг хамт олон минь бүрдүүлдэг” гэлээ.
Гүний уурхайн хавхлагыг дэлхийн түвшинд хүртэл үйлдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн баг нь Чанарын хэлтсийнхэн. Менежер У.Баатар нь “Уул уурхайн засвар, үйлчилгээ эрхэлдэг компаниудад чанар хариуцсан баг заавал байх ёстой. Үйлдвэрт хийж, гүйцэтгэдэг бүх л ажлыг зохих стандартад нийцүүлж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх нь бидний үүрэг. Манайх одоогоор олон улсын AS/NZS:1554.1 стандарт мөрддөг. Эх орондоо олон улсын стандарт мөрдсөнөөр дэлхийд “Mongolian made” бүтээгдэхүүнийг танилцуулж чадсан. Монгол залуус гадаадынхантай мөр зэрэгцэн, магадгүй түүнээс ч илүүг хийж чаддагийг харуулж байна. Энэ боломжийг ажилчдадаа олгож, гүүр нь болохыг чухалчилдаг. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрт төмрийн хийцийн ямар материал ашиглаж, хэрхэн хийсэн, яаж ажиллуулах зэргийг багтаасан эд ангийн гэрчилгээг давхар олгодог. Ингэснээр манай бүтээгдэхүүнийг хаана ч, хэн ч шалгасан техникийн гэрчилгээтэй, стандарт хангаснаараа илүү байж чаддаг” гэлээ.
Чанарын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг С.Мөнхжаргал “Монголд чадвартай гагнуурчин олон ч бүгд төгс бүтээл хийж чаддаггүй нь стандарт мөрддөггүйтэй холбоотой. Нөгөө талаар олон түвшний чадвартай гагнуурчдыг нэг шалгуур, түвшинд аваачдаг нь ч стандарт. Тиймээс бид захиалагчийнхаа бүтээгдэхүүнд баталгаа гаргахын тулд эхлээд “нүдэн” үзлэг хийдэг. Үүний дараа тухайн хэсгүүдэд үл эвдэх сорил тавьж, зохих стандартын шаардлагыг хангаж байгаа, эсэхийг дотоод хяналтаараа баталгаажуулж, чанарын гэрчилгээгээ боловсруулна. Мөн хөндлөнгийн компанийн үл эвдэх сорилоор чанараа давхар баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, чанарын албаныхан захиалагчийн өмнөөс нүд, чих нь болдог гэсэн үг. Монголд өдгөө төмөр хийцийн нийгэмлэг, холбоо байхгүйгээс уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниуд олон улсын зохих стандартыг мөрддөггүй. Дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай ч ажил олж чадахгүй байна. Тиймээс бид Монголдоо ийм нийгэмлэг байгуулахаар судалж байгаа. Ирээдүйд уул уурхайн том төслүүдэд ажиллахын тулд, гадаадад захиалгаар хийлгэдэг төмөр хийцийг эх орондоо үйлдвэрлэхийн төлөө монголчууд хүчээ нэгтгэх хэрэгтэй. Оюутолгойн ордын баяжуулах үйлдвэрт гэхэд л монгол хүний гараар бүтсэн төмөр хийц бараг байхгүй. Саяхнаас л томоохон ажлуудыг нь гүйцэтгэдэг болсон” гэв.