Хүмүүний төрлийг олох нь зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох адил ховор хувь тавилан байдаг гэх. Зарим хүнд хүсээд ирдэггүй ховор нандин эрдэнэ.
Гэтэл өнөөдөр инээгээд тоглож байсан бяцхан үрс томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж хорвоогийн мөнх бусыг үзсээр. Саяхан гэхэд Ховд аймгийн Жаргалант суманд нэг нас 7 сартай эмэгтэй хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн нэг настай хүүхэд бензин ууж нас барсан, хоёр хүүхэд сонгино түүж яваад хясаан дээрээс унасан гэх мэт олон сэтгэл өвтөгдсөн мэдээлэл бараг өдөр болгон гарах болж. Эдгээр бяцхан үрс дөнгөө хорвоотой танилцаж бүх юм тэдэнд сонин содон санагдах нь ойлгомжтой. Та бидэнд инээд баясал болж хорвоод мэндэлчхээд буцаад бидний хариуцлагагүй байдлаас болж мөнх бусыг үзэж байгаа нь үнэхээр харамсалтай. Бас гунигтай.
Үүнээс гадна энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж 143 нь гэмтэж, 29 бяцхан зүрх энджээ. Энэ хугацаанд найман сартайгаас найм хүртэлх насны 12 хүүхэд авто зам дээр бус, гэрийнхээ хашаанд өөрийн эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдэлээс болж.
Энэ бүгдийг сонсох болгонд өөрийн эрхгүй сэтгэл өвдөнө. Тэр бяцхан үрс, амь нь давхцаж, амьсгал хурааж байхдаа юу гэж бодож байсан бол. Магадгүй хүмүүн заяаг олж төрчхөөд ийм амархан буцна гэж бодоогүй хорвоотой танилцаж байхад нь томчууд бидний хэнэггүй, хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас болж ийм хурдан мөнх бусыг үзнэ гэж бодоогүй зүгээр инээж баясаж, тоглож явсан байх даа бяцхан зүрх. Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” дээр “Хорвоо бид хоёр мэндлэлцсэн тэр цагаас эхлээд нэг талд би, нөгөө талд хорвоо эсрэг ширтэлцэн орших болов оо.
Намайг өмссөн цамц ч үгүй гар хоосон төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хялбар амьтан төрж байхад хорвоо ээдрээтэй нарийн ертөнц байлаа.
Хорвоо нууц. Хорвоо сүртэй. Би нялх. Би гэнэхэн. Гэвч би хорвоог таних ёстой. Хорвоо бол намайг таних хэрэгцээтэй байж. Хорвоог таних гэмээж нь миний төрсний хэрэг бүтэх учиртай юмсанж. Тэгээд би ээж, аавын заяасан бие сэтгэлийн эрдмийг нээгдүүлэхээр хорвоогийн учрыг танин мэдэх аянд гарч дээ” гэж байдаг. Энэ лугаа адил хорвоотой танилцаж байсан нялх хүүхдүүд томчууд бидний хайхрамжгүй болгоомжгүй байдлаас болж хорвоо ертөнцтэй гүйцэд танилцаж амжилгүй буцаж байна.
Иймд эцэг эхчүүд манай хүүхэд хаана юу хийж явна вэ гэж хараа хяналтаа сайжруулмаар. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байх нь зүйтэй.
Магадгүй хорвоо ертөнцтэй танилцах гэж зүүний үзүүр дээр тогтсон будаа би байсан “Ааваа, ээжээ” гэж бяцхан үрс хэлэх байсан байх.