Улаанбаатар хотын Засаг дарга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Авто замын ашиглалтыг сайжруулах тухай А/580 дугаартай захирамж баталсан билээ. Эл захирамжид “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагийн үйлдвэрүүд, барилга барьж буй компаниудыг хашаан дотроо болон засмал замтай нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын талбайтай болгох үүрэгтэй” хэмээн заасан юм. Энэ нь нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмжид шороо, тоос сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж буй хэрэг аж. Дээрх захирамж хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бэлтгэл ажлаа хангаж, зориулалтын талбайтай болох хангалттай хугацаа өнгөрсөн гэсэн үг. Захирамжийн дагуу барилгын болон бетон зуурмагийн компаниуд зориулалтын талбайтай болсон, эсэхийг сурвалжиллаа.
Баянгол дүүргийн XVI хорооны нутагт Гандантэгчэнлин хийдийн өргөтгөлийн ажил 2017 оноос эхэлсэн аж. Тухайн үед “Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төсөл хэрэгжүүлж, гурван гудамжны 74 нэгж талбарын 1.8 га газарт түүхэн хэв маягийг хадгалсан барилга барихаар болсон юм. Өдгөө ч тус хийдийн өргөтгөлийн ажил дуусаагүй байна. Хийдийн төв хаалганаас баруун урд зүгт барьж буй барилга засмал замтай нийлэх хэсэгтээ тээврийн хэрэгслийн дугуй цэвэрлэх зориулалтын талбайтай болох нь битгий хэл, гадуураа хашаа ч үгүй, хогоо ил задгай хаяжээ. Ойр хавийнх нь шороо автомашины дугуйны мөрөөр дүүрсэн харагдав. Хашаа ч барих зайгүй, давчуу эл газарт тээврийн хэрэгслийн дугуй цэвэрлэх талбай гаргах нь юу л бол. Ажилчдаас нь Засаг даргын захирамжийг мэдэж байгаа, эсэх, барилгын хог хаягдлаа хэрхэн ачдаг талаар асуухад нэг нь ч хариу хэлсэнгүй.
Дээрх газраас нэг километр ч хүрэхгүй, “Модны-2”-ын баруун талын автобусны буудлын хойд талд байх барилын талбайг зорилоо. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хаалт, хашаагаа сайн бэхэлжээ. Хаалганых нь ойр орчинд хайрга, чулуу, шороо нэлээд хуримтлагдсан нь автомашины дугуйны мөрөөр “тамгалагдсан” харагдана. Эл барилгын хашаанд тээврийн хэрэгслийн дугуй цэвэрлэх талбай байхгүй нь үүнээс харагдав. Ажилчид нь барилгын 10 дугаар давхраас дээш өндөрт ажиллаж байсан тул Засаг даргын захирамжийг хэрхэн биелүүлж байгаа талаар тодруулж чадсангүй. Эл газрын барилга, орон сууцууд дундах засмал зам эвдэрч, энд тэндээс нь чулуу цухуйж, наранд гандаж сааралтсан нь шорооноос ялгаагүй болжээ. Хотын өнгө үзэмжийг гундаахгүй гэж тээврийн хэрэгслийнхээ дугуйг угаагаад гарлаа гэхэд энэ замаар явсан автомашин үнсэн саарал болох нь дамжиггүй.
Баянгол дүүргийн нутагт орших, “Богд ар” хорооллын урд хэд хэдэн шинэ барилга барьж буй. Замын баруун талд 16, харин зүүнд нь 12 давхар барилгын ажил эхлүүлсэн талбайд очлоо. Эл хоёр барилгын хашаанаас гарсан тээврийн хэрэгсэл төв замын хөдөлгөөнд шууд оролцдог. Тиймээс энэ газарт автомашин угаах зориулалтын цэг зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Эндхийн ажилчдаас дээрх захирамжийн тухай асуухад “Барилгаас их хэмжээний хог хаягдал гарахгүй байгаа. Гэхдээ захирамж гарсан бол компанийн удирдлага автомашин угаах цэг байгуулах биз. Бид мэдэхгүй” гэв. Эндээс зүүн тийш 600 метр гаруй зайд барьж буй хотхоны хэд хэд нь ашиглалтад оржээ. Хог хаягдлаа хэрхэн зөөдөг, автомашин угаах зориулалтын талбайтай, эсэхийг тодруулахад “Манай барилгын ажил бараг дууссан. Саяхан нэг барилгаа ашиглалтад орууллаа. Тэндээс гарсан хогоо барилга бариагүй талбайдаа овоолсон учир энд автомашин оруулахгүй байгаа” гэв. Ямартай ч нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийнхан Засаг даргын захирамжийн талаар хараахан мэдээгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь эдгээр жишээнээс харагдах биз.
Тэгвэл Улаанбаатар хот руу нэвтэрч буй хайрга, дайрга ачсан, нарийн ширхэгт тоос шороо ихтэй автомашинууд эл захирамжийг хэрхэн дагаж мөрдөж байна вэ. Нийслэл хотын салхин дээр хайрга, дайргын 50 гаруй карьер ажилладаг. Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтээс баруун тийш салаад тав орчим км явахад хайрга, дайрга олборлодог карьерууд бий. Шороон замаар карьерууд руу зорчдог 8.5 тн жинтэй, хүнд даацын машин өдөрт нааш цааш багадаа таван удаа явдаг болохоор зам нь ямар байгаа нь төсөөлөгдөх биз. Хөрсний сул шороо үнс адил бужигнасан замд урд яваа машин харагдахгүй болтол нарийн тоос босгож бидэнд саад учруулав. Хэсэг зогсоод цааш явсан боловч ар араасаа цуврах эл машинуудын босгох тоос шороо намжих шинжгүй. 2013 онд дээрх автомашинууд явуулахаар 15.7 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулсан. Тэр үед 20-иод компани нийлж, өмнө нь байсан 40 гаруй замыг хааж, нэг замаар зорчдог болгосон нь сайшаалтай. Үлдсэн замыг нь барихад 22 тэрбум төгрөг хэрэгтэй боловч тодорхойгүй шалтгаанаар өдий хүртэл бүтээн байгуулалт хийж чадаагүй учир ийн шороогоор явж буй хэрэг. Уг нь хайрга, дайрга ачсан бүхий л машин нэг замаар нийслэл хот руу цувардаг болсон учир тээврийн хэрэгслийн дугуйг угаах зориулалтын талбайг тэнд байгуулж болохоор санагдах юм. Засмал зам руу нийлдэг хэсэгт хүнд даацын автомашины тоос, шороог угаах зориулалтын талбай барьж болохоор сэлүүхэн аж. Хүнд даацын автомашины жолоочоос нийслэл хот руу орохоосоо өмнө дугуйныхаа тоос, шороог цэвэрлэх ёстойг мэдэж байгаа, эсэхийг тодруулах гэсэн боловч “Зураг авч байгаа юм бол машины дугаар гаргаж болохгүй шүү” гэж зандрах нь тэр. Хажуудаа зогссон нэгнээ ч харж чадахааргүй энэ шороон дунд тэдгээр автомашины жолооч зогсох нь битгий хэл, дайрчих шахам өнгөрч байв. Тэд Засаг даргын захирамжийг хараахан мэдээгүй байгаа юу, эсвэл мэдсэн ч биелүүлэхгүй байна уу гэдэг эргэлзээтэй.
Дээрх захирамжид “Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Хот тохижилтын газар, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт тус тус үүрэг болгосугай” гэжээ. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгааг тодруулахад “Байцаагчид гадуур ажилтай. Мэдээлэл өгөх хүн алга” гэв. Харин Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Зоригоо “Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтынхан хяналт шалгалт хийх үүрэгтэй. Харин манай байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон хөдөлгөөнд оролцож буй хүнд даацын автомашины жолооч нарт үүрэг өгч, торгох, цэвэрлэгээгээ тогтмол хийлгэх шаардлага хүргүүлдэг. Цемент зуурмагийн үйлдвэрүүд, барилга барьж буй компаниудад үүрэг чиглэл өгсөн байгаа” гэв. Ямартай ч эл захирамж одоогоор хөрсөн дээр бууж хэрэгжээгүй, цагаан цаасан дээр хараар бичигдсэн төдий л байгаа аж.