БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн жилийн сүүлчээр шинэ вирусийн халдвар дэгдэж, дэлхийн 216 улс, бүс нутагт тархаж, найман сая хүн өвчлөөд буй. Зэрлэг амьтнаас хүнд халдварлаж, үй олноор нь өвчлүүлэн, хэдэн мянган хүний аминд хүрсэн зургаан төрлийн вирус дэлхийд бүртгэгдэж байсан бөгөөд долоо дахь нь коронавирусийн шинэ омог гэж үзжээ. Манай улс ч цар тахалтай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож, бараа, бүтээгдэхүүн, тэр дундаа амьтан, ургамлын гаралтай хүнс импортлох хяналтаа чангатгах болсон. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед бидний хэрэглэж буй ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаж байгаа, эсэх талаар сурвалжиллаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2018 оны арванхоёрдугаар сарын хуралдаанаар 2020 оныг ургамлын эрүүл мэндийг хамгаалах олон улсын жил болгон зарласан. Хоол хүнсээс өдөрт авах илчлэгийнхээ 40 хувийг хүн ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүнээс “цуглуулдаг” гэх судалгааг дээрх байгууллагаас гаргасан байна. Ийм хэмжээний илчлэгийг бидэнд өгч буй ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл хэрэглэгчдэд тэр бүр нээлттэй байдаггүй. Нийслэлийн 1.7 сая гаруй хүн жимс, хүнсний ногоо, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийхээ хэрэгцээний зонхилохыг “Барс” захаас хангадаг. Бусад худалдааны төвийнхөн ч тэндээс базаадаг гэхэд хилсдэхгүй. “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний ногооны худалдагчид “Бид “Барс” захаас бүтээгдэхүүнээ авдаг. Энд худалдаж буй ногоог хаана тарьсан, ямар бордоо ашигласан, ургамал хамгаалах элдэв хор цацсан, эсэхийг нь мэдэхгүй. Ямартай ч авсан жимс, ногоогоо хоёр хоногийн дотор зарж дуусгахгүй бол хадгалах газар байхгүйгээс мууддаг. Тариаланчдын гар дээрээс хүнсний ногоог нь худалдаж авдаг нь “Барс” захын ченжүүд” гэв. Тариалан эрхлэгчдийн хураасан жимс, төмс, хүнсний ногоог “Барс” захын ченжүүд худалдан авч, жижиг, том дэлгүүрүүдэд түгээдэг аж. Тиймээс “Барс” хүнсний захыг зорив. 1-21 градусын хүйтэнд хадгалах ёстой нарийн ногоо, жимс, жимсгэнийг ил задгай өрсөн байхтай хаалгаар нь ч орж амжаагүй байхдаа таарав. Жижиг дэлгүүрүүдэд хүнсний ногоо нийлүүлдэг дээрх захын худалдагч Б.Бямба-Очир “Тариаланчдаас хүнсний ногоог газар дээрээс нь очиж худалдан авах хэцүү. Тиймээс хор цацсан, бордоо хэрэглэсэн, эсэхийг мэдэхгүй. Газар тариалан хөгжсөн Сэлэнгэ, Төв аймаг болон олон жил түншилсэн тариаланчдаасаа хүнсний ногоо авдаг. Ингэж авснаа гэр хорооллын жижиг дэлгүүр, хоолны газруудад нийлүүлдэг. Үйлчлүүлэгчид захиалдаг учраас тариаланчдаас гарал үүслийн гэрчилгээ шаарддаггүй” гэв.
Улаанбаатар хотын гэр хороолол 200 мянга орчим өрхтэй. Эдгээрээс гадна орон нутгийн дийлэнх дэлгүүр “Барс” захаас хүнсний бүтээгдэхүүнээ татдаг. Үүний нэлээд хувийг хүнсний ногоо эзэлдэг. Манай иргэдийн хүнсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан, эсэх нь дээрхээс харахад тун эргэлзээтэй.
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Отгонцэцэг “Томоохон сүлжээ дэлгүүрүүд сав, баглаа, боодол сайтай учир чанартай, найдвартай бүтээгдэхүүн худалддаг гэж боддог байв. Саяхан гэрийнхээ ойролцоох сүлжээ дэлгүүрээс хүнсний ногоо авсан юм. Голдуу нарийн ногоо авч, бүгдийг нь угаачихаад, хэрэглэх гэтэл салатны навчаас хачиг гарч ирсэн. Нэлээд олон улаан хачиг байсан. Ихэвчлэн гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг, шошгогүй хүнсний ногоог цэвэр уутанд хийж, худалддаг. Иргэд гаднах сав, баглаа боодолд нь хууртаад найдвартай гэж ойлгодог. Иргэдийг ингэж төөрөгдүүлдэг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийдэггүй нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэв. Ингээд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ дэлгүүрүүдээс хүнсний ногооны хадгалалт, хамгааллын талаар тодруулахад “Энэ талаар бид мэдэхгүй. Дээд албан тушаалтнууд л агуулахаа үзүүлэх, үгүйг шийдэх байх” гээд халгаасангүй.
Иргэдийн өдөр тутам хүнсэндээ хэрэглэж буй ургамлын гаралтай бүтээгдэхүүнд ямар хяналт шалгалт хийж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Даариймаагаас тодруулахад “Хилээр нэвтрүүлж буй ийм төрлийн бүтээгдэхүүнд тогтмол хяналт шалгалт хийж байгаа. Харин дотооддоо хэрэглэж буй хүнсний ногооны чанар, стандартыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан мэднэ” гэв. МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад “Манай байцаагчид орон нутагт ажиллаж байгаа учир мэдээлэл өгөх хүн алга. Хуулиар зөвшөөрсөн бордоо, хортон шавж устгах бодисыг л тариаланчид ашиглаж байгаа” гэсэн юм. Хяналт шалгалтыг тогтмол хийж, иргэдэд мэдээлэх үүрэг бүхий байгууллага нь ийм ядмаг хариулт өгөв.
Тэгвэл тариаланчид хүнсний ногоо тариалахдаа бордоо, шавж устгалын бодисыг хэрхэн ашигладаг талаар “Борнуур органик хүнс” хамтын баталгаажуулалтын байгууллагын тариаланч Ц.Дамба “Бид 1990 оноос хойш нөхөрлөл, хоршоо, компани болтлоо өргөжин ногоо тарьж буй. Манайх голдуу төмс, хүнсний ногоо тариалдаг. Бид химийн бодисгүй, органик хүнс үйлдвэрлэхийг хичээдэг. Өнгөрсөн онд ХХААХҮЯ-тай хамтран ургацаа шинжлүүлж, шилжилтийн үеийн органик хүнсээр баталгаажуулсан. Энэ нь хэрэглэгчдэд найдвартай, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэдэг гэсэн үг. Бид Хан-Уул дүүргийн XIII хороонд байрлах, зэвсэгт хүчний 120 дугаар ангитай хамтран ажилладаг. Мөн Баянгол дүүргийн 38 дугаар цэцэрлэгт төмс, хүнсний ногоо нийлүүлдэг. Хувь хүмүүс болон тариалангийн бусад компани ямар бордоо хэрэглэдэг, ургацаа шинжлүүлдэг, эсэх талаар сайн мэдэхгүй” гэв. Харин Булган аймгийн тариаланч Д.Баярмаа “Тариалсан хүнсний ногоогоо аймгийнхаа сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг. Ийм байгууллагуудад нийлүүлж буй учир гарал үүслийн гэрчилгээ заавал шаардлагатай. Аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт хүнсний ногооны дээжээ өгч шинжлүүлдэг. Нарийвчилсан, тодорхой хариу гаргадаггүй ч хүнсэнд хэрэглэж болох, эсэхийг шинжилгээгээр тогтоодог. Хувиараа ногоо зардаг хүмүүс тэр бүр шинжлүүлдэггүй байх. Манайх өтөг, бууц ашиглан ногоогоо борддог учраас органик хүнс үйлдвэрлэгч. Гэхдээ үүнийг нотлох гэрчилгээ авахын тулд хаана хандаж, ямар газарт шинжлүүлэх талаар албаны хүмүүс тоймтой хариу өгдөггүй” гэсэн юм.
Тэгвэл бидний хэрэглэж буй хүнсний ногоо чанарын ямар шаардлага хангах ёстой вэ. Дэлхийн олон орон, ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсууд газар тариалангийн салбар, түүний дотор жимс, хүнсний ногооны анхан шатны боловсруулалтад хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД)-ыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж ажилладаг гэнэ. Газар тариалангаас хараат аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг мөрдөж, баримтжуулах үйл явцыг ХААЗД гэж нэрлэдэг аж. “ХААЗД нь тариалалтаас өмнөх, тариалалтын үеийн, ургац хураалт, хадгалалт, савлалт, тээвэрлэлт гээд хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэл, ложистикийн бүх үе шатанд хүнсний болон ажилчдын аюулгүй байдлыг хангах дадлыг мөрдөн ажиллаж, түүний үр дүнд хэрэглэгчдэд эрүүл хүнс хүргэх цогц үйл ажиллагаа” гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тодорхойлжээ.
Манай улс хөдөө аж ахуйн зохистой дадлыг өнгөрсөн онд газар тариалангийн салбартаа нэвтрүүлсэн. Олон улсад хэдийн танигдсан ХААЗД-ыг нэвтрүүлснээр эрүүл, аюулгүй хүнсийг хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрддэг. Харамсалтай нь, өдгөө манай улсын газар тариалангийн салбарынхан бүгд үүнийг дагаж мөрддөг гэвэл өрөөсгөл. Зарим нь энэ талаар дуулаа ч үгүй байна. Энэ тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын техникийн зөвлөхА.Амгалан “Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлснээр ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах юм. Өдгөө “Дэвшил трейд”, “Атрын шим”, “Сэмжит Оюу” зэрэг компани үйл ажиллагаандаа ХААЗД нэвтрүүлж, баталгаажуулан гэрчилгээ авсан. Томоохон компаниуд үйл ажиллагаандаа ХААЗД-ыг нэвтрүүлээд байна. Тариалан эрхлэгч хүн бүр үүнийг яваандаа дагаж мөрдөх ёстой. Ингэж чадвал ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүнээс үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна” гэв.
ХХААХҮЯ-наас манай улсын хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн талаар өнгөрсөн нэгдүгээр сард тайлан гаргажээ. Уг тайланд 251.5 мянган тонн хүнсний ногооны нөөц бий гэж дурдсан байна. Хорио цээрийн дэглэмтэй энэ үед манайхан хүнсний ногооны хангалттай нөөцтэй хэдий ч чанарын шаардлага хангасан, эсэх нь эргэлзээтэй. Бид хүнсний ногооны чанар, аюулгүй байдлаа худалдагчдад даатгасан хэвээр байна.