Сонгууль дөхөхөөр бичлэг задарч, “хөнжлийн явдал” сөхөгдөж, уйдахгүй нь ээ гэж баярладаг хүмүүс бий л байх. Гэхдээ иргэдийн олонх нь бие биеийнхээ “бөгсийг ухсан”, мууг үзэх гэсэн энэ хар пиар, хэрүүл уруулаас залхаж, халширдаг. Харин энэ жилийн хувьд дэлхий дахиныг сандаргасан цар тахлын эсрэг бүх нийтээрээ нэгдэх шаардлага гарсан тул сонгууль арай цэвэр болох нь гэж горьдож байтал Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж буй лайтай хоёр хэрүүлч нөхөр хар пиар, хэрүүлийн үүдийг нээлээ.
ЭХЛЭЛИЙГ НЬ ХЭН ТАВЬСАН БЭ, С.ЭРДЭНЭБОЛД ОО
Хэрүүлийн эхлэлийг нь хэн тавьсан бэ гэдэг асуултад Эрдэнэболд гэж л хариулах нь зөв байх даа. Хамгийн түрүүнд өрсөлдөгчөө нэрээр нь дуудаж, олон нийтийн сүлжээнд хэрүүл хийсэн хүн нь УИХ-ын 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд. Тэрбээр “Зургадугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уулзалтуудыг минь санаатайгаар үймүүлж байгаа гэж хардсан тул халз мэтгэлцээнд дуудсан. Өөрт нь хэцүүхэн асуултууд тавьсан хүмүүс уулзалтын дараа өрсөлдөгчийнх нь штаб руу орж харагдсан юм” гэдэг инээдтэй “нотлох баримт”-ыг С.Эрдэнэболд дурдав. Мөн сайд өөрийг нь шүүх, цагдаагаар дарамтлуулж байна гэж сенсацлах нь хүүхэд лүгээ адил. “Баримт нь энэ” гээд хэнээс ирсэн нь үл мэдэгдэх мессеж үзүүлэв. Өрсөлдөгчөө гүтгэж болохгүй гэсэн Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй л юм байх даа. Төр түшилцэхээр горилж буй энэ залуу ийм явган хэрүүлээ өдөр тутмын сонинд өгсөн нэгэн ярилцлагаар үргэлжлүүлж дэвэргэв. Үүнээс нь эш татахад “Эрдэнэболд түүнийг мэтгэлцээнд дуудаад байгаа юм биш, зарчим дуудаж байгаа юм” гэсэн байна. Хөндлөнгийн хүнд дүгнэлт өгч байгаа мэт, өөрийн тухай нэрээ дуудан ярьж, үйлдлээ зарчимтай адилтгадаг энэ залуу 2017 онд Ардчилсан залуучуудын холбооноос улс төрийн болон ажлын гараагаа эхэлсэн жинхэнэ “намчин”. Хийсэн хамгийн тод зүйл нь цаасан дээр л нэлээд “алдаршсан” ч одоо хүртэл гарт баригдах ажил хэрэг болоогүй “Марс” төсөл. Харамсалтай нь, гарт баригдах юм бүтээж үзээгүй хэрнээ төр лүү зүтгэж, байгаа газрынхаа хөрсөнд буугаагүй энэ залуугийн өрсөлдөгч нь дутахгүй хэрүүлч нөхөр ажээ.
ХАР ЖАГСААЛТ, ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ ТАНД ХАМААГҮЙ ЮМ УУ, Д.ЦОГТБААТАР САЙД АА
Гадаад харилцааны сайд энэ хэрүүлийг бас л өдөр тутмын сониноор үргэлжлүүлэв. 2017 онд сайдаар томилогдсон тэрбээр яамтай нь холбоотой, холбоогүй гадаад гэсэн тодотголтой бүх юмны гавьяаг өөр дээрээ наачихаад, харин хар тамхи, хар жагсаалт гэхээр “Энэ бүхнийг надтай холбох гээд л байгаа юм. Улс төр хойно тэгэх байх даа. Угтаа би 2008 онд “янжуур тамхи”-ны асуудлыг зогсоогоод өгсөн. Энэ удаад ч мөн хар тамхитай холбоотой асуудлыг цэгцэллээ, зогсоолоо. Би ингэж чадсан гэдэгтээ ч итгэлтэй байна. Учир нь би гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллан, тэдний дэмжлэгийг авчихсан. Надаас өмнө, гудамжинд “лааз” өшиглөөд явж байхад энэ бүх зохион байгуулалтыг хийгээд, сүлжээ бий болчихсон нь Туркт илрэн шалгагдаж буй хэргээс харагдаж байгаа” гэх юм.
Нэгдүгээрт, зогсоож өгсөн гэдэг нь юу гэсэн үг вэ, та гавьяа байгуулчихсан юм биш, хийх ёстой ажлаа л хийсэн шүү дээ. Хоёрдугаарт, таныг ажлаа аваад гурван жил болсны дараа жолоочийн чинь үйлдсэн хэрэг хамаагүй юм уу. Гуравдугаарт, өөрийг чинь лааз өшиглөөд явж байхад болсон хэрэг гэхээр одоо багаар нь дэмжээрэй гээд тантай хөтлөлцөөд хамт явж буй Ц.Мөнх-Оргилын асуудал юм байна, тийм үү. Нэг намаас, нэг тойргоос нэр дэвшиж буй тэр хүн л таны өмнө Гадаад харилцааны сайд байсан биз дээ. Гадаад харилцааны яамны шалгуураар эх орноо төлөөлдөг дипломат ажилчид салбарын сайдад биш, хэнд харьяалагдах юм бэ. Дөрвөн жилийн дараа та бас л иймэрхүү юм яриад явж байх вий дээ. Хар тамхины асуудалтай холбоотойгоор “хар жагсаалт”-д Монгол орсон нь долоо биш, бүр 70 килограмм хар тамхи зөөж байгаад баригдсантай бас л хамаагүй юм гэнэ. 70 килограмм гэдэг чинь бүр бүхэл бүтэн хүнтэй тэнцэх хэмжээ шүү дээ. Ажилтнууд нь хар тамхи зөөж, манай улс “хар жагсаалт”-д орсон нь Гадаад харилцааны сайдад хамаагүй юм бол нэг ч гэсэн сайдын орон тоог хэмнэе л дээ.
“Янжуур тамхи”-ны сайд Д.Цогтбаатар “Марс”-ын С.Эрдэнэболдын эсрэг “дайн”-аа өдөр тутмын сониноор зогсохгүй сошиалаар мөн хийж байна. Мөнгө төлсөн фэйсбүүк хаягнуудаас Д.Эрдэнэболдын аав зэвсгийн наймаанд холбогдож байсан, тэрбээр энэ үед өөрөө оролцох боломж бүхий албан тушаал хашиж байсан гэх мэтээр “бөгс ухах” атлаа Д.Цогтбаатар байгаагүй бол Монгол Улсын гадаад харилцаа тасрах байсан мэт сайдаа “долоох” юм.
АН, МАН-ын айхтар хоёр хэрүүлчийн талаар ийн дэлгэрэнгүй бичихийн учир шалтгаан нэг л бий. Энэ их бухимдал, айдас хүйдсийн дунд хар пиар, хэрүүл уруулын шуургыг эхлүүлсэн Та хоёр бодлогоороо өрсөлддөггүй юм гэхэд хэрүүлээ болимоор юм. Ийм хүмүүс хоёр том намаас нэр дэвшиж, тэдний хэн нэгний төлөө бид санал өгнө гэж бодохоор гунигтай ч юм шиг. Та хоёр Марс дээр очиж, “янжуур тамхи”-ны хэрүүлээ хийвэл сонгогчдод өлзийтэй юм даа.
Бэлтгэсэн: Б.Хүслэн