Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Эмэгтэй. Гэхдээ илүү хүчирхэг!” хэмээн онцолж, үүнийгээ нийгмийн сүлжээнд зурагт хуудас болгон хуваалцсан эмэгтэй нэр дэвшигч нэлээд “балбуулав”. Тэр даруй “хэргийн баримт”-аа устгасан. Мөн эмэгтэй нэр дэвшигч гүйж, дасгал хийж, фитнес, боксоор хичээллэн, эцэст нь спортын буудлага хийж буй бичлэг олны анхаарал татлаа. Тэрбээр өөрийг нь элэглэж, илт даапаалж буй хүмүүст хандан “Эрчүүд хүчирхэг гэдгээ буу шийдэм, гарын зангаргаар үзүүлдэг юм байна. Тэгвэл эмэгтэйчүүд бид ч тэднээс дутахгүй хүчирхэг гэдгээ харуулмаар байна.
...Улстөрч, боловсролтой, туршлагатай нэр дэвшигч гэхээс илүүтэй эмэгтэй хүн гэдгээ товойлгож өрсөлдөх нь зохимжгүй, мэдрэмжгүй гэж хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллага, шийдвэр гаргах дээд түвшинд ажиллахаар зорьж буй эмэгтэйчүүд хүйсээрээ түрээ барьж давуу тал олох, магадгүй өрөвдүүлэх “тактик” барьснаар бид жендерийн тэгш эрхийг хангах чиглэлд дорвитой амжилт олохгүй...
Ер нь улстөрч эмэгтэй хүн сулбагар байх ёсгүй. Хүчирхэг байж, өөрийн дуу хоолойг хэнээс ч хараат бус, айхгүй илэрхийлнэ. Зарим эмэгтэй мэдлэгтэй хэрнээ сул байдаг. Миний хувьд шинэ эмэгтэй улстөрчийн өнгө төрхийг арай өөрөөр бий болгохыг хүсэж байна. “Мэдлэг чадвар+хүчирхэг+шударга+тууштай+зарчимч=эмэгтэй улстөрч” гэж би тодорхойлдог” хэмээн тайлбар хийсэн нь харин илүүц болчихсон. Бас л эмэгтэй нэр дэвшигч. Зоримог, шийдэмгий төрх гаргаж, “Хүчтэй урагшилъя” хэмээн уриалж яваа түүнтэй ярилцахдаа сэтгүүлч “Эмэгтэй хүний хувьд улс төр хатуу тоглоом гэж үздэг” гэхэд “Харин ч эмэгтэй удирдагчид тэвчээртэй, хавханд амархан ордоггүй. Мундаг, мундаг эрэгтэй дарга нар архи уугаад, эсвэл эмэгтэй хүнтэй нэр холбогдоод л бүх ажлаа нураадгийг бид харж байгаа шүү дээ” хэмээснийг нь зүгээр орхисонгүй. Үнэндээ энэ тохиолдолд асуусан нь ч, хариулсан нь ч шүүмжлүүлэхээс аргагүй мэт.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хэмээх сонгуульт албан тушаалаа кампанит ажилдаа онцгойлон ашиглаж буй нэр дэвшигч ч бий. Манай хүн амын талаас илүүг нь төлөөлөх хүйсийнхнийг хамруулсан мэт харагдах эл ТББ нэгэн цагт Монголын эмэгтэйчүүдийг “атгадаг” байсныг үгүйсгэхгүй. Гэвч өнөө цагт уг холбоог тэргүүлж буй нэгэн ёстой л “Монголын эмэгтэйчүүдийн дарга” мэт дүр төрх гаргаж, бүсгүй хүн бүрийн өмнөөс дуу хоолойгоо илэрхийлж байгаатай адил ярих нь бухимдал төрүүлнэ. Тэрбээр “Монгол ээжийн тархиар дамжиж монгол хүүхэд гэр бүлийн хүмүүжил олдог” гэсэн нь ч нэлээд шүүмжлэл дагуулсан юм.
Харин одоо нэг эрэгтэй нэр дэвшигчийг онцолъё. Телевизийн нэвтрүүлэгт эмэгтэй нэр дэвшигчтэй хамт оролцохдоо “Чи миний хүүхэд шиг биш, эхнэр шиг харагдаж байна. 40 гарчихаад 18-тай юм шиг ярихаа боль” хэмээн бүсгүйг загнасан түүнийг муухай ааштай гэх нь бий. БНН-ыг даргалдаг энэ эрхэм 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч М.Нарантуяа (дуучин Нара)-г эмэгтэй хүнийх нь хувьд өмөөрч, түүнтэй ёс зүйгүй харилцсан сэтгүүлч залууг хатуухан шүүмжилж байв. Гэвч тэрбээр дуучин бүсгүйг өмөөрөхдөө, өөр нэг улстөрч эмэгтэйг “эмээ” хэмээн тодорхойлсон юм даг.
Кампанит ажлын үеэр нэр дэвшигчдийн санаатай болон санамсаргүй үйлдэл шүүмжлэл дагуулах нь цөөнгүй. Санамсаргүй үг, үйлдэл нь нэр дэвшигчийн хувьд нэмэх оноо болох тохиолдол байхад хөрөнгө зарж, бодож боловсруулсан пиар нь байгаа онохгүй, баллах нь ч бий. Гэвч тэр болгоныг энд дурдах гэсэнгүй. Харин харилцаа, хандлагаараа хүйсийн ялгаварлал, гадуурхлыг илт илэрхийлж, жендерийн мэдрэмжгүй гэж тодорхойлж болохуйц сурталчилгаа хийсэн зарим тохиолдлыг онцлов. Манайд жендерийн тэгш эрх гэхээр эмэгтэйчүүдтэй холбож ойлгогдох нь давамгайлдаг болоод ч тэр үү, бүсгүйчүүдээс мэдрэмж, хичээл зүтгэл, үлгэрлэл манлайлал илүүтэй шаардаж буй. Тиймээс ч эмэгтэй нэр дэвшигчидтэй холбоотой тохиолдлыг түлхүү ашиглалаа.
Улстөрч, боловсролтой, туршлагатай нэр дэвшигч гэхээс илүүтэй эмэгтэй хүн гэдгээ товойлгож өрсөлдөх нь зохимжгүй, мэдрэмжгүй гэж хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллага, шийдвэр гаргах дээд түвшинд ажиллахаар зорьж буй эмэгтэйчүүд хүйсээрээ түрээ барьж давуу тал олох, магадгүй өрөвдүүлэх “тактик” барьснаар бид жендерийн тэгш эрхийг хангах чиглэлд дорвитой амжилт олохгүй. Хуулиар тогтоосон квотын хэргийг олигтой гаргаж чадахгүй. “Эмэгтэй. Гэхдээ илүү хүчирхэг!” гэх энэ үг эрэгтэй хүн хүчтэй, шийдэмгий гэх хэвшмэл ойлголтыг сөрж, халах зорилготой байж болох ч үүгээрээ эл стереотипийг харин ч хүлээн зөвшөөрчихөж буй хэрэг. Өмнө дурдсанчлан нэр дэвшигч “Эмэгтэйчүүд бид ч эрчүүдээс дутахгүй...” хэмээсэн нь үндсэндээ бүсгүй хүн сул дорой гэх хандлагыг өөгшүүлж буйгаас өөрцгүй. Эсрэгээрээ Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч бүсгүй монгол хүүхдийн хүмүүжилд зөвхөн ээжийнх нь үүрэг, оролцоог хэт дөвийлгөснөөр эрчүүд, эцгийнх нь байр суурь, үнэлэмжийг дорд үзэж, үгүйсгэсэн бүдүүлэг үйлдэл болсон юм.
Үе үеийн сонгуульд оролцож, нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн олонх нь өмчилчихсөн мэт өнөөх л сэдвээ ярьж ирсэн. Өнөө л эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, сургууль, цэцэрлэг, хоол хүнс гэх мэт, эрэгтэйчүүдийн хэлдгээр тулга тойрсон, жижиг, чимхлүүр ажил, асуудлуудыг эмэгтэйчүүд шүүрэн авч ярьдаг, хөнддөг. Улмаар эрэгтэйчүүд энэ мэт “эмэгтэйчүүдийн ажил”-аас зайлсхийж, өөрсдийгөө чөлөөлж, илүү “том” асуудалд анхаарал хандуулж, толгойгоо гашилгадаг. Нэгэнт нэг сэдвээр дагнан ярьж гарч ирж, сонгогдсон эмэгтэйчүүдээс иргэд өнөөхийнх нь биелэлтийг нэхэх нь буруу биш ээ. Хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийг эсэргүүцэн төв талбайд жагсах иргэд энэ чиглэлийн бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилт, хариуцлагыг эрэгтэй гэхээсээ илүү дагнан ярьж гарч ирж, сонгогдсон эмэгтэйчүүдээс иргэд өнөөхийнх нь биелэлтийг нэхэх нь буруу биш ээ. Хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийг эсэргүүцэн төв талбайд жагсах иргэд энэ чиглэлийн бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилт, хариуцлагыг эрэгтэй гэхээсээ илүү, эмэгтэй гишүүдээс нэхэж, Төрийн ордноос толгойгоо ч цухуйлгасангүй хэмээн шүүмжилж, чичлэхийн учир чухам энд байж мэднэ. Угтаа эдгээр сэдвийг зөвхөн эмэгтэйчүүд бус, хамтаараа бодлогын түвшинд ярьж, бодлого боловсруулж чадвал үр дүнг жигд, тэгш хүртэж, тэр хэрээр ялгаа, зааг багасах учиртай. Үнэндээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь парламентад эзлэх тоо, хувийг нь өсгөх төдий бус, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хамтын шийдвэр гаргаж, иргэд, улс эх орныхоо эрх ашиг, ардчилал, тэгш эрхт нийгмийн төлөө гар, сэтгэл нийлж ажиллахын нэр юм.
Олон улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд нэр дэвшигчид, эсвэл парламентын гишүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх квотыг хуулиар тогтоож ирсэн. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн дунд аль нэг хүйсийн төлөөлөл 20-иос доошгүй хувь байхаар тусгасан билээ. Уг нь 2005 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд анх эмэгтэйчүүдийн квотыг тусгахдаа 30 хувиас доошгүй байхаар хуульчилж байсан юм. Юутай ч ийн квот тогтоосноор одоогоор дэлхийд парламентын дөрвөн гишүүн тутмын нэг нь эмэгтэй буюу 25 хувьтай байна. Харин манай хууль тогтоох байгууллагад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь дэлхий болон Азийн дунджаас доогуур. Эл үзүүлэлт манай тивийн хэмжээнд 20.5 хувьтай байгаа. Өнөөгийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн бий бөгөөд энэ нь парламентын гишүүдийн 17.1 хувьтай тэнцэнэ. Гэхдээ сүүлийн хоёр сонгуулиар түүхэндээ хамгийн олон эмэгтэй УИХ-д сонгогдож, эл хүйсийн төлөөлөл парламентад нэмэгдсэн юм. Ер нь бол 2004 оноос хойш эмэгтэй гишүүний тоо тасралтгүй өсөж байгаа. 1992 оноос хойш буюу өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар сонгогдсон нийт гишүүний 9.3 хувь, давхардсан тоогоор 50 эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад ажиллажээ.
2020 оны хувьд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад илүү ч нийт нэр дэвшигчид эзлэх хувь нь нэгээр буурчээ. Ихэнх нам, эвслийн нэр дэвшигчдийн 21-29 хувь нь эмэгтэйчүүд бол 17 бүсгүй бие даан өрсөлдөж буй. Харин энэ удаагийн сонгуулийн тогтолцоо буюу томсгосон мажоритар тогтолцоо нь эмэгтэйчүүдэд ээлгүй гэгддэг. Түүнчлэн эмэгтэйчүүдийг дэмжиж, тэднийг олноор нь гишүүн болголоо гээд юунд хүрэх вэ гэсэн асуулт гарна. Тухайлбал, 2016 онд сонгогдсон эмэгтэй гишүүд 2012 оны сонгуулиар гарч ирсэн бүсгүйчүүдтэй дүйх хэмжээнд санаачилгатай ажиллаж чадаагүй гэх шүүмжлэл байдаг нь дараагийн парламентад нэр дэвшиж буй энэ хүйсийнхний хувьд ихээхэн нөлөө үзүүлэхээр буй юм.