“Хү” хамтлагийн хөгжимчин Н.Тэмүүлэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог “Хү” хамтлагийг 2016 онд байгуулсан. Н.Тэмүүлэн монгол үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан хүннү рок урсгалаар тоглодог тус хамтлагийн товшуур хөгжимчин төдийгүй дууны найруулгыг хариуцан гүйцэтгэдэг. Тэд анхны цомгоо “Гэрэг” нэртэйгээр 2019 онд гаргасан нь биллбоардын жагсаалтад тэргүүлсэн билээ. Тус хамтлагийнхан хоёр дахь цомгийнхоо бичлэгийг хэдийн хийж эхэлжээ. Н.Тэмүүлэнгээс төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар нь сонирхлоо.
-Та төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Ихэвчлэн уран бүтээлийн ажил ундарч таардаг. Тийм болохоор цомхон тэмдэглэж өнгөрүүлдэг дээ.
-Санаанаас тань гардаггүй төрсөн өдрийн баярын тухай дурсамжаас хуваалцаач?
-Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээнд л тэмдэглэдэг байлаа. 25 насны төрсөн өдрөөрөө хүмүүсээс бэлэг авах биш, харин уран бүтээлээрээ бэлэг барьж байлаа. Тэр өдрийг мартдаггүй.
-Ямар бэлэг авах дуртай вэ. Энэ өдөр авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?
-Дотнын хүмүүсээсээ олон сайхан бэлэг авч байлаа. Бэлгийн үнэ цэн өртөгт бус, сэтгэлд байдаг гэж боддог доо.
-Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
-Хоёр дахь цомгийн бичлэг үргэлжилж байгаа болохоор ач холбогдол өгч тэмдэглэхгүй ээ. Энэ зун шинэ уран бүтээлүүдийн клипийн зургийн ажил өрнөх учраас их л завгүй явна.
Бэлтгэсэн: А.Хангай