10 орчим насных болов уу гэмээр 4-5 хүүхэд хийлдэг завиа элс, шороогоор дүүргэн зугаатай нь аргагүй наадаж байв. Харгалзагч нь бололтой бүсгүй үе үе ирж хүүхдүүдийг харах аж. Тэднээс хэдхэн алхмын зайд залуучууд усаар байлдаж, жаахан хүүхдүүд аятай хөөрцөглөнө. Зарим нь усан хулгана болжээ. Голоос ундааны саваар ус авах зуурт найзууд нь бүчээд авах вий гэж болгоомжилсон залуу чулуун дээр халтираад эгээтэй л хөлөө гэмтээчихсэнгүй. Хөл хөөр болсон залуучуудын цаахантаа нэгэн өнөр айл төвхнөжээ. Лавтай том, бага нийлсэн 10-аад хүн байх аж. Багачууд зураг авч, эрчүүд нь хөзөр тоглож, эзэгтэй нар хоол унд базааж байгаа бололтой. Малгай өмсөж, бэмбийтлээ зузаалсан бүсгүй, өлгийтэй хүүхэд хоёрт том, багагүй санаа тавьж, хэдэн талд нь “гарч гүйх”-ийг бодвол тэднийх саяхан бүл нэмжээ.
Тэднийг ийн ажиж зогстол мотоциклд сундалдсан хоёр цагдаа голын наана, цаана гарч, сүлжин давхисан нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагч байв. “Ажил, амралтын өдөр гэлтгүй энэ хавиар эргүүл тогтмол хийж байгаа” гэж ярьсан алба хаагчид гол ус бараадсан иргэдийг осолдож, эндэх вий гэсэндээ урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй нь тэр аж.
Нийслэлчүүд урин дулааны улиралд Богд уул, Чингэлтэй хайрхан зэрэг хотод аль ойр чиглэлд алхаж, эрүүл мэнддээ анхаарах болсон. Хүүхэд, хөгшдөдөө агаар салхи “амсуулах” гэсэн иргэд ч тийшээ явах нь элбэг. Харин “Ковид-19” цар тахал нийслэлчүүдийг хотын ногоон бүсэд зорчих эрхгүй болгосон. Хотын ногоон бүс, тэр дундаа явган аяллын чиглэл, амралтын газарт олон хүн цугладаг учир халдвар тараах эрсдэлтэй гэж үзсэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зарим бүсэд зорчихыг хориглосон юм. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид иргэд олноор зорьдог, явган аяллын таван чиглэл бүхий Богд уулын Зайсангийн аманд сүүлийн гурван сар орчим эргүүлд гарч байна. Одоо хуурайшилт их, түймрийн эрсдэл өндөр байгаа учраас алба хаагчид бүр ч хянамгай буй. Тиймээс агаар салхинд гарч, урин цагийн өнгө мэдрэхийг хүссэн нийслэлчүүдийн хөлд Туул голын эрэг хавь урьд урьдынхаас илүү дарагдах болсныг цагдаагийн алба хаагчид онцолсон. Туул голын хөвөөн дэх нийслэлчүүдийн амьдрал хэрхэн өрнөж байгааг өнгөрсөн бямба гарагт сурвалжиллаа.
АГААР ЧУХАЛ Ч АМНЫ ХААЛТАА ЗҮҮГЭЭРЭЙ
Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, бидний мэдэхээр “АСЕМ вилла” хотхоны орчмоос Туул гол дагуух нийслэлчүүдийн “их төвлөрөл” эхэлж байна. Юун коронавирус мантай, эрх дураар, хөл хөдөлгөөнтэй амьдрал тэнд өрнөх аж. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батсүх “Нийслэлчүүд амралтын өдөр гэр бүлээрээ салхилахдаа ч олон хүн цугласан газарт очихгүйг хичээх хэрэгтэй. Агаар дуслын замаар халддаг коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг холбогдох байгууллагаас гаргасан. Иргэд салхинд гарахдаа ч амны хаалт зүүж, аюулгүй байдлаа хангах ёстой. Амны хаалт зүүгээгүй бол гэр бүлээрээ салхинд гарахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн нь саяхан. Гэтэл Туул голын хөвөөнд амны хаалттай хүн ганц ч харагдсангүй. Тэр ч бүү хэл, иргэд машинаа нэг дор бөөгнөрүүлэн тавьж, хуушуур, ундаа авахаар дугаарлаж байв.
Хоёр охиноо салхилуулахаар ирсэн С.Дэлгэргийх “Машинд амны хаалт байгаа. Хот дотор байнга зүүдэг. Агаарт гарсных гээд дөнгөж сая авчихлаа. Гараа ч тогтмол ариутгадаг. Томчууд ч яах вэ. Хүүхдүүд дургүйцээд зүүхгүй, хэвшүүлэх гээд хэрэндээ л хичээж байна. Сүүлдээ ч залхах шинжтэй” гэв. Харин тэднээс холгүй зүлгэн дээр тухлах хоёр бүсгүй “Бид дэлгүүр хэсэх гэж гараад хадуураад, жаахан бэлтгэлгүй хүрээд ирлээ. Удахгүй явна. Санасныг бодоход хүн ихтэй байна. Амны хаалтаа тогтмол зүүдэг ч түр авчихлаа. Одоо ч хүмүүс тоохоо байж” хэмээн ярив. Цагдаагийн алба хаагчид голын ойр орчимд ирсэн иргэдийг нэг дор аль болох цуглалгүй, амны хаалтаа зүүхийг сануулж буй ч тэр бүр ойшоодоггүй гэнэ. Мэргэжилтнүүдийн хэлж буй шиг, олон хүн цугларсан газар үнэхээр л “Ковид-19”-ийн аюул дэгдэх боломжтой юм бол Туул голын хөвөөнд ч ийм эрсдэл байна. Ялангуяа амралтын өдөр. Энэ өдрүүдэд зөвхөн хотын төв хэсэг дэх Туул гол дагуу 3000-4000 хүн цугладаг гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан мэдээлэв. Дотооддоо халдвар алдаагүй гэх ч “Гэрээсээ бүү гар, олны хөлөөс болгоомжил” гэж иргэдээ цаг ямагт түгшээж буй холбогдох байгууллагынхан Туулын хөвөөнд “найрлагсдад” ч санаа тавих хэрэгтэй болжээ.
АМРАГЧИД МӨРӨӨ ҮЛДЭЭСЭЭР
Хүн хаана байна, тэнд асуудал, зовлон хэзээд байдаг гэсэн үг бий. Орчин цагт үүнийг “Аялагчид хаана очно, тэнд хог үлдэнэ” гэж өөрчлөхөд буруудахааргүй болж. Манайхан аль өнгөтэй өөдтэй газраа хогоор чимж орхидог “уламжлалаараа” Туул голын ойр орчмыг ч бохирдуулсаар байна.
“АСЕМ вилла” орчмын Туул гол хотын төв хэсэгт харьяалагддаг учир харьцангуй бохирдол багатайд тооцогддог гэнэ. Гэвч аялагчдын ул мөрийг илтгэх ундаа, усны сав, шар айрагны шил, лааз, гялгар ууттай хог энд тэнд таарна.
Амрагчдад зориулсан саравчны хажууханд “Хуванцар дэлхийгээс ногоон дэлхий рүү хамтдаа. Та хогоо зориулалтын саванд хаяна уу” гэсэн уриа үгтэй самбар байрлуулсан атал иргэд чанх урд нь хогоо овоолж орхиж. Тэндээс цаашлах тусам хог элбэгшинэ.
Уг самбарын урд ууттай хог машиныхаа цонхоор хаяхаар завдсан иргэнийг болиулав. Тэрбээр “Энд хог хаячихсан байсан болохоор зориулалтын газар гэж бодсон. Уучлаарай, миний дүү. Ах нь тийм ч бүдүүлэг хүн биш шүү. Эндүүрчихлээ” гэсээр буцаад явлаа.
Налайх, Гачуурт орчмын Туул гол хогонд умбаж буйг харуулсан зурагтай мэдээллийг иргэд сүүлийн үед олон нийтийн сүлжээнд байршуулж, шүүмжлэх болсон. Цар тахлын улмаас хотын зарим бүсэд хөл хорио тогтоосноос Туул голыг “дайлаар мордох” хүн олширчээ. Энэ нь гол дагуух хог хаягдал ихсэхэд нөлөөлсөн гэж нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун онцоллоо.
Тухайн нутаг дэвсгэрийг хариуцдаг Нийтлэг үйлчилгээний газрынхан голын ойр орчмыг цэвэрлэхээс гадна иргэд, төрийн бус байгууллагууд ч сайн дураар санаа тавьдаг байсныг мэргэжилтнүүд хэлсэн. Харин хөл хорио тогтоосонтой холбоотойгоор сайн дурынхан “амарч”, Нийтлэг үйлчилгээний газрынханд л энэ ажил оногджээ. Гэвч тэдэнд техник хүрэлцээгүй, хүн хүч муу зэрэг том бэрхшээл бий. Гачууртад гэхэд хог ачдаг машин сардаа нэг л удаа явдаг гэнэ. Ийм байхад хариуцсан ажилтнууд Туул голын бохирдолд санаа тавьж дөнгөнө гэж үү. Хогоо зориулалтын цэгээс өөр газарт хаясан бол иргэнийг 30, хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр торгоно гэсэн мартагдсан хуулиа одоо л хэрэгжүүлмээр. Ногоон бүсээ хамгаалсан шигээ Туул голдоо ч анхааръя.
ТҮРГЭН ХООЛНЫ ЦЭГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
“Tuul garden” ресторанаас баруун тийш хэдхэн км зайд Туул голын хөвөөнд явуулын гуанз (иргэд ингэж нэрлэсэн) саяхнаас үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэдний нэрийн хоол ширхэг нь 1200 төгрөгийн үнэтэй хуушуур. Голын хөвөөнд өдөржин тарвалзсан иргэд хуушуур авахын тулд тэнд дугаарлан зогсжээ. Машины цуваа ч тасардаггүй аж. Амны хаалт зүүх “хууль” тэнд бас л үйлчилдэггүй.
Явуулын гуанз ажиллуулдаг эмэгтэй “Манайх хорооноосоо зөвшөөрөл аваад, хууль ёсны дагуу ажиллаж байгаа” гэв. Эрүүл ахуйн ямар стандарт баримтлан ажиллаж буйг тодруулахад “Эгч нь мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй. Үйлчилгээ үзүүлэх бүртээ гараа ариутгаж, цэвэрлэгээ тогтмол хийдэг” гэсэн юм.
Хууль ёсны дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэх нь хэнд ч нээлттэй. Гэхдээ онцгой дэглэм мөрдөж буй, худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллагааг хязгаарлахаас аргагүйд хүрсэн энэ үед, тэр тусмаа нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын хөвөөнд түргэн хоолны цэг ажиллуулах нь хэр оновчтой вэ гэдгийг холбогдох байгууллагууд анхаарвал зохилтой.