УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2020.06.02/ албан ёсоор эхлэв. Сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсох учиртай. Энэ удаагийн сонгууль зургаадугаар сарын 24-ний өдөр болно. СЕХ нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, үнэмлэхийг нь гардуулсан.
Нам, эсвэл, бие даагч нар бүгд дор бүрнээ сурталчилгааны ажилдаа ханцуй шамлан орж энд тэндгүй сурталчилгааны самбараа шуурхай гэгч нь байрлуулжээ. Зарим нам нь сүр дуулиантайгаар намын гишүүдийнхээ үнэмлэхийг гардуулж харагдана. За тэр ч яах вэ. Сонгуулийн сурталчилгаа эхэлж УИХ-д нэр дэвшигчид "Ковид-19" хэмээх аюулт өвчнөө мартаж амны хаалт зүүх, 1,5 метрийн зайгаа барих, гар барихгүй байх гэсэн коронавирусний эсрэг гаргасан хууль журмаа мартаж орхилоо.
Коронавирус хэмээх аюулт өвчин дэлхийн 216 улс оронд тархаж өнөөдрийн байдлаар зургаан сая гаруй хүн өвчилж дэлхий нийтээрээ коронавирусний эсрэг тэмцэж байхад манай нэр дэвшигчид өөрсдийн гаргасан журмаа биелүүлэхгүй амны хаалтгүй, бие биетэйгээ гар барьж байгааг харсан иргэд бухимдалтай байна.
Хөрш зэргэлдээ улс орнуудад халдварт өвчний дэгдэлт улам нэмэгдэж, дээрээс нь хамгийн их халдвар тархах эрсдэлтэй байгаа энэ үед нэр дэвшигчид амны хаалтгүй хууль журмаа биелүүлэхгүй телевиз, сошиал орчноор гарч иргэдэд буруу үлгэр дууриалал үзүүлж байна. Зарим нь битүү зааланд дүүрэн хүн суулгачхаад баяр бахдалтайгаар өөрсдийгөө рекламдаж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа хэрэг. Хууль бол хууль, журам бол журам. Мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу гаргасан хууль журмаа мөрдөөгүйгээс нөхөж баршгүй гарз хохирол амсахыг үгүйсгэх араггүй. Тиймээс мэргэн ард та бүхэн минь амны хаалтаа зүүж, уулзалт цуглаанд очсон нөхцөлд 1,5 зайгаа барих хууль дүрмээ баримталж, мөн эрхэм нэр дэвшигчдэд анхааруулж шаардахыг уриалж байна.