УИХ-ын сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2.5 тэрбум орчим төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Энэ бол 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулахын тулд улсын төсвөөс зарцуулах мөнгөний 10 хувьтай тэнцэх дүн. Ийм хэмжээгээр зардлаа өсгөн байж сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэх, тэнд ажиллах зохион байгуулагчдыг хамгаалах хэрэгслээр хангах зэрэгт дээрх мөнгийг зарцуулах гэж байна.
Үнэндээ сонгуулийн зардал ийн нэмэгдсэн нь хамгийн түрүүнд ярих асуудал биш. Дэлхийн 350 мянга гаруй хүнийг авч одоод буй цар тахлын үед монгол хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой. Учир нь Төрийн тэргүүнээс авхуулаад нийгмийн нэлээд хэсгийн эсэргүүцэлтэй тулгарсан ч эрх баригчид сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулах гэж байна. Гэхдээ манай улс ганцаараа сонгууль явуулах гэж байгаа юм бас биш.
Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA)-гийн тайланд (хоёрдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 25 хүртэл) дурдсанаар цар тахлын улмаас дэлхийн 62 улс үндэсний хэмжээний болон орон нутгийн сонгууль, бүх нийтийн санал асуулгаа хойшлуулсан ч Иран, Австрали, БНСУ зэрэг 26 оронд төлөвлөсний дагуу зохион байгуулаад байна. Харин ирэх арваннэгдүгээр сар хүртэл аливаа сонгууль, бүх нийтийн санал асуулгын товоо өөрчлөөгүй байгаа улс гэвэл манайхаас гадна Беларусь, Исланд, Австрали, Канад, Иордан, Литва, Малави, Малайз, Шинэ Зеланд, Нигери, Америкийг нэрлэж болох нь.
Юутай ч УИХ Коронавируст халдвар “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр уг ажилд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хүлээх хариуцлага улам нэмэгдсэн. Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх сарыг дуустал сунгачихаад сонгууль зохион байгуулах гэж зүтгэсэн хэмээн шүүмжлүүлж буй МАН-ынхан магадгүй үүн шиг өндөр эрсдэл, хариуцлага үүрсэн нь үгүй биз. Одоо тэд энэ ачааг үүрсэн шиг үүрч, сонгуулиа амжилттай зохион байгуулан, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэх ажил л үлдэж байна.
Нөгөө талаас өндөр эрсдэлтэй нөхцөлд өч төчнөөн хөрөнгө зарцуулан байж хийж буй сонгуульдаа иргэн бид идэвхтэй оролцох нь засаг, төрийн зохион байгуулалтын ажлаас дутахгүй ач холбогдолтой. Энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 500 орчим тэрбум төгрөг зарцуулахаар буй гэсэн урьдчилсан тооцоо бий. Дээр дурдсан төсвийн санхүүжилтийг оролцуулбал үндсэндээ хагас их наяд төгрөг зарцуулах эл сонгуулийн дүн ирц бүрдээгүйн улмаас хүчин төгөлдөр болж чадахгүй бол хайран. 1992 онд анхны ардчилсан сонгуулиар 95.6 хувьтай байсан сонгогчдын ирц 2016 оныхыг эс тооцвол тасралтгүй буурсаар 2012 онд 67.2 болсон юм. Бямба, ням гаргийн аль нэгэнд явуулдаг байсан санал хураалтыг ажлын өдрөөр зохион байгуулж, зориуд улс даяар амраасан ч сонгогчдын ирц дорвитой нэмэгдээгүй. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр 2012 онд сонгогчдын ирц өмнөх сонгуулиас 10.2 хувиар буурсан. Энэ нь хөл хорио тогтоосон үед нийт сонгогчийн талаас илүү нь саналаа өгөх, цаашлаад ирцийн хувь өмнөхөөс нэмэгдэх үү гэдэг нь санаа зовоож буй юм. Тэр дундаа 18-25 насныхан буюу залуучуудын сонгуулийн оролцоо манайд хангалтгүй байна. Тухайлбал, 2012 онд энэ насныхны 38, 2016 оны сонгуульд 50.2 хувь нь л саналаа өгсөн байна.
...Санал хураах байранд нэг сонгогчийн зарцуулах хугацаа нэмэгдэнэ. Гэтэл нэг тойрогт хамгийн багадаа 20 гаруй хүн өрсөлдөхөөр буй. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн санал өгөх вэ гэдгийг алхам бүрээр нь тайлбарлаж, ойлгуулах ажлыг бүхий л сувгаар хүргэх шаардлагатай болж байна. Ингэхдээ сонгогч санал хураалтын байранд очсоноороо коронавирусийн халдвар авахгүй, аюулгүй гэдэг итгэлийг бүрэн төрүүлэх учиртай.
Гэхдээ өнгөрсөн сонгуульд оролцоогүй 18-25 насныхны дунд явуулсан судалгаагаар 36 хувь нь санал өгөөгүй шалтгаанаа “Завгүй, амжаагүй” хэмээн тайлбарласан байдаг. Энэ талаас нь харвал хичээл ном, үзвэр үйлчилгээгүй өнөөгийн нөхцөлд “уйдсан” залуучуудын идэвх нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д коронавирусийн халдвар ид тархаж байх үеэр зохион байгуулсан тус улсын парламентын сонгуулийн үзүүлэлт ч ийм найдлага төрүүлэх шалтгаан болж буй. Тус сонгуулийн ирц 66 хувьд хүрсэн нь сүүлийн 30 жилд гараагүй өндөр амжилт болсон бөгөөд үүнд залуучуудын оролцоо үлэмж нөлөөлжээ. Үр дүнд нь БНСУ-ын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй сонгогдсон. Мөн хууль тогтоогчдын насны дундаж 0.6 хувиар залуужсан байна. БНСУ-ын энэ туршлага, амжилт манайд төдийгүй бусад олон оронд жишиг болж буй билээ. Нөгөө талаас “Сонголт алга” хэмээн “томордог” манай залуучуудын хувьд энэ удаа хавьгүй олон нам, эвсэл, нэр дэвшигчээс шилж, сонгох боломжтой. 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвслийн болон бие даагч 700 орчим нэр дэвшигч өрсөлдөхөөр байгаа. Нам, эвсэл хийгээд нэр дэвшигчийн тоогоор ч өмнө нь ийм хэмжээний оролцогч байсангүй. Бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн хүн гэхэд л 200 орчим бий. Харин одоо 150 орчим нь бие даан өрсөлдөх бололтой. Энэ нь залуусын оролцоог өдөөнө хэмээн судлаач, ажиглагчид найдаж байна. Юутай ч цар тахлаас үл хамааран сонгогчид, тэр дундаа залуучуудын оролцоо, ирц өндөр байх нь үзэл бодол, саналынх нь үнэ цэнийг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллын зарчмыг чиг шугамаа болгох үйл явцад оруулж буй том хувь нэмэр юм.
Залуусын идэвх, оролцоо ийн түрвэл зохион байгуулагчид ч тэднийг хүлээж авахад бэлэн байх ёстой. Орон зай, цаг хугацааны хувьд санал хураалтын байранд ирсэн сонгогч бүрийг өмнөх шиг шууд хүлээн авах боломжгүй энэ үед сонгогчдын ирц нэмэгдвэл юу болохыг тооцох учиртай. Санал өгөх үйл явцыг төвөгтэй гэж хардаг хүмүүсийг үргээхээргүй зохион байгуулах нь хамгийн чухал гэсэн үг. Жишээ нь, энэ удаа олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулж буй. Өнгөрсөн жилийнх шиг ганцхан хүн сонгоод гарчихгүй. 29 тойрогт хуваарилсан мандатын тооноос хамааран нэг сонгогч 2-3 хүн сонгох ёстой. Гурван гишүүн сонгогдох ёстой Архангайн сонгогч мандатын тооноос өөр буюу нэг, эсвэл хоёр нэр дэвшигчийг дэмжиж санал өгсөн бол хүчингүй.
Энэ хэрээр санал хураах байранд нэг сонгогчийн зарцуулах хугацаа нэмэгдэнэ. Гэтэл нэг тойрогт хамгийн багадаа 20 гаруй хүн өрсөлдөхөөр буй. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн санал өгөх вэ гэдгийг алхам бүрээр нь тайлбарлаж, ойлгуулах ажлыг бүхий л сувгаар хүргэх шаардлагатай болж байна. Ингэхдээ сонгогч санал хураалтын байранд очсоноороо коронавирусийн халдвар авахгүй, аюулгүй гэдэг итгэлийг бүрэн төрүүлэх учиртай. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ БНСУ-ын туршлагыг “хуулчихаж” яагаад болохгүй гэж. Тухайлбал, тус улсын сонгуулийн санал авах байранд санал хураалт эхлэхээс дуусах хүртэл тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, гар ариутгагч, нэг удаагийн бээлий, амны хаалт, хамгаалах хэрэгсэл, зайнаас халуун хэмжигчийг хангалттай байршуулсныг үлгэр жишээ болгон мэдээлж байсан билээ. Хамгийн гол нь сонгогч санал хураах байранд хүрэлцэн очоод ямар дүрэм, журам мөрдөх вэ гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэс дараатайгаар, хэн ч ойлгохоор тогтмол хүргэж байсныг олон улсын байгууллагууд онцолсон. Харин хэдхэн хоногийн дараа сурталчилгаа эхлэх гэж байхад цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах тухай нарийвчилсан дүрэм, журам нь чухам хаана байна вэ.