Д.Галсанбат, Ц.Энхманлай, Д.Өлзий-Орших, Д.Саруулсайхан, Д.Энхболд нарын гоцлол гитарчныг мэдэхгүй хүн үгүй. Тэдний араас Ц.Алтангэрэл, Д.Анар зэрэг залуус шил даран гарч ирсэн. Авьяас, ур чадвараараа хөгжим сонирхогчдын дунд танил болоод буй гитарчин Г.Батхүүтэй ярилцлаа.
-Та “Coke’n beat” олон улсын наадмын шилдэг гоцлол гитарчнаар хоёр удаа шалгарсан байх аа. Энэ төрлийн уралдаанд оролцож байв уу?
-2003 оноос гитар сурахаар оролдож, үеэл ахаараа анхны барилт, аккордууд заалгаж байлаа. Харин 2006 оноос хамтлагуудад тоглож эхэлсэн. 2010 онд “Coke’n beat” наадамд анх удаа түрүүлсэн. Өөжгий (Д.Өлзий-Орших) ах шүүсэн санагдана. Дараа жил нь дахин оролцож, шилдгээр шалгарсан. Эл наадамд оролцох үедээ “Motorway” хамтлагийнхантай танилцсан юм. Тус хамтлагийн уран бүтээлүүдийн төрөл, хэв маяг таалагдан, хамт тоглож эхэлсэн. Металл чиглэлийн уран бүтээлүүд тоглоход их амттай. 2013 онд “Fire” хамтлагийн гитарчин гарснаар надад санал тавьж, тоглож эхэлсэн. Би уралдах тийм ч дуртай биш. Тэгж байхаар ур чадвараа ахиулахад илүү анхаарах нь дээр.
-Сүүлийн үед бие даасан уран бүтээл, гитарын гоцлолуудыг сонирхогчдод хүргэж байгаа юм билээ.
-Эхний ээлжид өөрийн биш, хүмүүсийн сайн мэддэг, мөн гадаадын алдартай гитарчдын уран бүтээлийг тоглон, дүрсжүүлье гэж бодсон. Техник, өнгө, мэргэжлийн ур чадвар шаардсан бүтээлүүдийг голчилж сонгон, тоглодог. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Сэтгэлийн эгшиг”, Ж.Бадраагийн шүлэг, Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” дууг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр тоглож, олонд хүргэсэн. Мөн өөрийн зохиосон “Мэдрэмж” аязыг “цацсан”.
-Урын сандаа бие даасан хэчнээн уран бүтээлтэй болсон бэ?
-Дуу, гитарын гоцлол гээд зохиосон 20-иод “юм” бий.
-Бие даасан цомгоо гаргах бодол бий юү?
-Төлөвлөсөн. Гэхдээ эхний ээлжид зохиосон хөгжмүүдээ хүмүүст хүргэх нь илүү чухал байна. Цахим дэлгүүр, хуудаснууд хөгжсөнөөр хүмүүс цомог худалдан авахаа бараг больсон. Тиймээс бүрэн хэмжээний гэхээс илүү сингл цомог гаргавал дээр мэт санагдаж байгаа. Одоогоор “Дайн” нэртэй дараагийн уран бүтээлээ хүмүүст хүргэхээр ажиллаж байна. Гитар, морин хуурын хоршил байх юм.
Бэлтгэсэн: А.Тайшир