МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч, цагдаагийн хошууч Г.Ганболдыг “Нямын зочин”-оор урилаа. Түүний уран бүтээлээс өдгөө 138 шүлэг нь дуу болоод байна. Тухайлбал, “Дэлдэн чихэр”, “Амин хүү дээ, би”, “Өвлийн өвгөн хүрээд ирлээ”, “Манай цэцэрлэг”, “Живжээхэй” зэрэг олон дуу нь цэцэрлэг, сургуулийн багачуудын дуулах дуртай бүтээл болсон юм.
-Таныг багад Ганбат гэж дууддаг байсан юм билээ. Яагаад нэрээ сольсон юм бэ?
-Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн юм. Намайг есөн настай байхад манайх хотод нүүн ирж, 33 дугаар сургуульд сурч байгаад наймдугаар ангид ордог жил Говь-Алтайн Халиун сум руу явуулсан. Манай ангид Ганболд нэртэй гурван хүү байлаа. Ангийн багш хооронд нь ялгахын тулд намайг Ганбат гэж дууддаг байсан юм.
-Хэзээнээс шүлэг бичиж эхлэв?
-33 дугаар сургуульд шилжиж ирээд ангийнхаа Н.Найдан гэж хүүтэй дотно нөхөрлөдөг боллоо. Өнөөх маань надад янз бүрийн сонин үг, сонссон дуулснаа ярина. Эхэндээ их гайхдаг байв. Гэтэл найз минь хүүхдийн зохиолч С.Надмид гуайн хүү байж. Тэр үеэс уран зохиол, шүлэгт дуртай болсон доо. Бас ээж минь үлгэр домог, түүх хачин сайхан ярьдаг байлаа. Намайг шүлэг сонирхож эхлэхэд их ч дэмжсэн. Ингэж л гуравдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн дээ.
-Бас хүүхэд байхын л “Зохиолч” хочтой явсан юм билээ, та?
-“Муур чамайг даа” гэж анхны өгүүллэгээ бичлээ. Уг нь тооны хичээл орж байсан юм. Гэтэл огт өөр зүйл хийж суусан нь тэр. Л.Дэмбэрэл багш бичиж байсныг минь хурааж аваад уншлаа. Тэгснээ ангийнханд уншиж өгөв. Тэр үеэс хойш манай ангийнхан намайг “Великий зохиолч” гэж хочилдог болсон. Тэр явдал миний даруу, бүрэг занг минь ч халж өгсөн гэж боддог.
-Анхны тэр өгүүллэгээ эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамба гуайд уншуулж, үгийг нь сонсож байсан гэл үү?
-Тэр жил Ардын гэгээрлийн яамны дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Ш.Гаадамба гуайгаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн сумдаар шалгалт хийж явж л дээ. Нэг өдөр уран зохиолын багш О.Лхаминдаваа ангид орж ирээд “Ганбат нөгөө өгүүллэгээ аваад гараад ир” гээд л дуудлаа. Тэгээд намайг дагуулан явж, нэг хүнтэй уулзуулсан юм. Өнөө хүн өгүүллэгийг минь уншаад Оросын хүүхдийн зохиолч Н.Носовын “Гутал амилсан нь” зохиолыг ярьж өгөөд, надад бичих урам хайрлаж билээ. Тэр хүн бол Ш.Гаадамба гуай. Түүнтэй уулзаж байхдаа их сандарч, хөх даалимбан тэрлэг дотроо усан хулгана болтлоо хөлөрч сууснаа одоо ч санадаг юм.
-Анх ямар бүтээл тань сонинд нийтлэгдэж байв?
-Би их хувьтай хүн шүү. Аав, ээж минь надад сайхан тавилан заяасан. Сайн ч өсгөсөн. Намайг үргэлж дэмжсээр ирсэн. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт ирж, 21 дүгээр сургуулийн есдүгээр ангид оров. Тэр зун би нэлээд хэдэн шүлэг бичсэн юм. Аав минь О.Жамбалдорж гэх хүнтэй уулзан, миний шүлгүүдийг уншуулж, тэдгээрээс “Багш Ленин” шүлгийг сонгон “Пионерын үнэн” сонинд нийтэлсэн байсан.
-Дунд сургуулиа төгсөөд яагаад утга зохиолын сургуульд элсээгүй юм бэ?
-Элсэлтийн шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Ганцхан оноо дутсан. Тэгээд л эрэгтэй хүүхэд болохоор ч тэр үү, нэгэнт хүссэн сургуульдаа сурч чадахгүй юм бол цэрэг, цагдаагийн сургуульд орно гээд зүтгэчихсэн юм.
-1985 оноос та цагдаагийн албанд зүтгэсэн юм билээ. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ амжуулах амаргүй байв уу. Хойш тавьсан удаа бий юү?
-Би 1985 онд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Дэслэгчээс хошууч хүртэл 26 жил цагдаагаар ажиллахдаа нэг ч өдөр уран бүтээлээ орхигдуулаагүй. Өдөр бүр л ажлаа хийж, зав чөлөөгөөр нь зохиолоо бичсээр байсан. Ажлаар хөдөө хээр явахдаа ч сонирхолтой газар нутаг, ан амьтдыг ажиглаж, хүүхдийн зохиолдоо тусгахыг хичээдэг байлаа.
-Таны ажлын орчин, мэргэжлийн онцлог хүүхдийн ертөнцөөс хол. Харин та яаж хослуулж ирэв?
-Хүмүүс гайхдаг л юм. “Цагдаа хүн ажлын онцлогоос шалтгаалаад ааш авир нь эвдэрдэг, хар бараан зүйлтэй өдөр бүр нүүр тулдаг. Гэтэл хүүхдийн зохиол бол маш гэгээлэг. Та яаж чаддаг юм бэ” гэж асуудаг. Үнэндээ цагдаагийн ажлаа хийх үедээ би нэлээд ширүүн ааштай. Гэтэл уран бүтээлээ туурвихдаа зөөлөн, аядуу болчихдог. Нэг үгээр, гэмт хэргийн бараан ертөнцөөс намайг гэрэлтүүлж, холдуулдаг зүйл нь миний уран бүтээл, тэр дундаа хүүхдийн зохиол байсан юм.
-Хэзээнээс хүүхдийн зохиол дагнан бичсэн юм бэ?
-Утга уянгын, адал явдалт гээд олон төрлөөр бичиж байгаад 1985 оноос энэ төрлөөр дагнан бичихээр шийдсэн. Хүүхдийн зохиол их сонирхолтой. Ялангуяа хүүхдийн зан араншин, хөдөлгөөнүүд их сонирхолтой. Яагаад ч юм цаанаасаа л намайг татчихсан. Бичихэд амар гэдэгт биш, тэр гэгээлэг ертөнцөд л би татагдчихсан юм.
-Хэчнээн ном “өлгийдөв”?
-“Мөөжөө, Жөөжөө хоёр”, “Алтан тэмээ”, “Дуут тоглоомын тойрогт”, “Шувуудын жиргээ”, “Тэмүжиний наадхай”, “Дэлдгэрхэний адал явдал”, “Багын хөгжилтэй явдлууд”, “Элдэвтэй сумоч”, “Нисдэг луу”, ”Долоон мууртай эмгэн” зэрэг 20 гаруй ном, хүүхдийн зохиолчдын шилдэг дуу шүлгийн “Миний ном” найман цуврал, зохиолч, хөгжмийн зохиолчдын намтар судалгааны “Монголын зохиолчдын бүтээл дэх хүүхдийн зохиол”, “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл дэх хүүхдийн дуунууд” зэрэг номоо олонд хүргэсэн.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээл төрүүлсэн бэ?
-“Шидэт номууд үлгэрийн хот болсон нь” цуврал ном бичсэн. Үүндээ л илүү анхаарлаа төвлөрүүллээ. Мөн “Байгалийн гурван эрдэнэ” буюу нар, ус, агаарын тухай дуулалт жүжиг хийлээ. Хөгжмийн зохиолч одоо ая данг нь тааруулж буй. “Эх үрийн жаргал” хэмээх дуу бүтээснийг дуучин С.Сэрчмаа, охин Б.Хуртайгаа дуулсан.
-Санааг нь олон жил сэтгэлдээ тээсэн ч одоо болтол цаасан дээр буулгаж чадаагүй зохиол танд бий юү?
-Би тархинд төрсөн санааг цаасан дээр буулгаж байж л сэтгэл амардаг зантай. Тийм болохоор ихэнхийг нь биччихсэн. Харин хэвлүүлж чадаагүй олон зохиол бэлэн бий.
-Бүтээлүүдээ гадаадад хэвлүүлж байв уу, та?
-“Монголын зохиолчдын бүтээл дэх хүүхдийн зохиол” номоо Япон Улсад болдог дэлхийн өвөрмөц номын үзэсгэлэнд илгээсэн. “Тэмүжиний наадхай” ном АНУ-д хэвлэгдсэн. Мөн “Долоон мууртай эмгэн” зохиол ОХУ-ын Буриадын “Байгал” сэтгүүлд нийтлэгдсэн.
-Урам зориг, шинэ санаа төрүүлдэг, онгодыг тань хөглөдөг зүйл юу вэ?
-Би гэртээ номын сантай. Бүх номыг нь уншсан гэвэл худал хэлсэн болно. Ямар ч уран бүтээлчид гараас юу ч гарахгүй, гацах үе бий. Тийм үед дадсанаараа номын сангийнхаа хаанаас ч хамаагүй гарт таарсан номоо дэлгэж хардаг. Гоё үг, анхаарал татахуйц санаа тэгэхэд төрдөг. Сэтгэл их хөдөлсөн үед бас бичээд л баймаар санагддаг юм. Заримдаа их гоё санаа төрнө, тэмдэглэж авч амжаагүй байтал мартчихна. Тийм тохиолдол их гунигтай.
-Манайд хүүхдийн зохиолч хэр нэмэгдэж буй вэ. Энэ төрлөөр бичдэг зохиолчдын ур чадварыг та хэрхэн дүгнэх вэ?
-Сүүлийн жилүүдэд энэ төрлөөр бичдэг зохиолч олширч, хүүхдүүд, эцэг, эхчүүд ч хүүхдийн номыг сонирхох нь нэмэгдэж байна. Өөр өөрийн өнгө аяс, онцлогтой мундаг зохиолч олон бий. Харамсалтай нь, хүүхдийн зохиол, кино, уран бүтээлийг ивээн тэтгэх хүн ховор. Тиймээс зохиолчид боломждоо тааруулан цөөн тоогоор хэвлүүлдэг учир нийтэд хүрэх хүртээмж нь бага. Би хүүхдийн зохиолыг хүүхдүүдэд зориулж энгийн агуулгатай бичихээс илүүтэй насанд хүрсэн хүмүүсийн сонирхлыг ч татахуйц байх ёстой гэж боддог. Орчин үеийн хүүхдүүдийн аливааг хүлээн авах, харах өнцөг ч бидний үеийнхээс өөр. Үүнийг бас бодолцох нь зүйн хэрэг. Түүнчлэн монгол ахуй, уламжлал, өв соёлоо хадгалах үүрэгтэй. Энэ эрэл хайгуулыг манай хүүхдийн зохиолчид хийж байгаа. Д.Гармаа гуайн “Хөгжөөнтэй туужууд” шиг бүтээл үгүйлэгдэж байна. Би уран бүтээлдээ монгол хэлний баялаг үгийн сангаас “шүүрдэж”, хүмүүсийн мартсан, хэрэглээнээс гарсан үгсийг сэргээж ашиглах, уламжлалт наадгайнуудыг танилцуулахыг хичээдэг.
-Гавьяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандахтай хамтран хүүхдийн дууны олон арван бүтээл туурвисан. Одоо та хэчнээн дуутай болов?
-Бид зуун дууны зузаан найзууд. Одоогоор 138 дуутай. Тэдгээрийн 70-аадыг нь Л.Галмандахтайгаа хамтарсан. “Дуут тоглоомын тойрогт”, “Шувуудын жиргээ”, “Чихрийн цуглуулга” зэрэг дууны бүтээлийн цуврал хамтран туурвисан минь Монголын хүүхдийн дууны урын санд бий. Л.Галмандах “Чиний шүлгүүдийг авах амар байдаг. Засвар бараг ордоггүй” гэдэг юм.
-“Нүдээ аньсан чинь чихэр
Нүүрээ дарсан чинь чихэр
Харагдаад байлаа, чадсангүй ээ
Хоёрыг аваад идчихлээ...”. Таны “Дэлдэн чихэр” дууг мэдэхгүй хүүхэд ховор байх. Энэ дуу төрсөн түүхийг сөхөөч, та?
-Мөн л Л.Галмандахтайгаа хамтарсан дуу. Энэ дуу минь ХХ зууны хүүхдийн шилдэг 100 дууны нэгээр тодорсонд их баяртай явдаг. Би С.Надмид багшид шавь орох гэж найман жил хаалгыг нь сахисан юм. Шүлэг, зохиол биччихээд бариад л гүйгээд очно. Миний шүлгийг бүр огт тоохгүй. Харин өгүүллэгүүдийг минь уншаад “Дүрслэлээ тодруул. Хөдөлгөөнийг нь ол” гэхчлэн хэдхэн үг хэлээд л буцаана. Нэг удаа бас л бичсэн хэдэн “юм”-аа бариад очтол “Чи дахиж битгий ир. Авьяас чадваргүй чам шиг юм зохиолч болохгүй. Чиний гараас олигтой юм гарахгүй” гээд хөөгөөд гаргасан. Хачин царайтай амьтан гэрээс нь гараад алхаж явтал энэ шүлэг зурсхийгээд л “орж ирсэн”. Шуудхан бичиж аваад, маргааш нь өнөөхөө бариад багшийнд очиход өөдөөс инээд алдаад “Чамд хатуу үг хэлэхгүй бол болохгүй байсан юм. Эртхэн ингэж хурцлах байж. Хичээгээрэй миний хүү” гэж билээ.
-Та хэдэн ач, зээтэй вэ. Хүүхдүүд, ач, зээ нартаа зориулж уран бүтээл хийсэн үү?
-Долоон ач, зээтэй. Өвөөгийнхөө зохиосон дуунуудыг дуулаад л гүйж явдаг юм.
“Аав ээжийн амин хүү дээ би
Алт мөнгөнөөс ч үнэтэй хүү дээ би
Өвөө эмээгийн эрх хүү дээ би
Өвөр дээр нь өссөн хүүдээ би
Ах эгчийн алиман дүү дээ би
Азын шоо шиг мундаг дүү дээ би
Морин заяатай монгол хүү дээ би
Морин хуур шиг дуутай хүү дээ би” гэдэг “Амин хүү” дуугаа бага хүүдээ зориулан зохиож байлаа.