Зүүн гар талаас Р.Дүүжидням, Б.Отгондэлгэр, Г.Эрдэнэ-Очир, Д.Сэргэлэн, С.Даваа, Б.Батбаатар, Ч.Чулуунсүх
“The lord” хамтлаг хэсэг завсарласны эцэст уран бүтээлээ сонсогчдод дахин хүргэхээр болжээ. Тус хамтлаг аргил гитарчин Р.Дүүжидням, даралтат хөгжимчин Б.Батбаатар, бөмбөрчин Г.Эрдэнэ-Очир, гоцлол гитарчин Ч.Чулуунсүх, Саксафонч С.Эрдэнэбаатар, дуучин Д.Сэргэлэн, Б.Отгондэлгэр, С.Даваа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлэх аж. “The lord” хамтлагийн ахлагч Р.Дүүжиднямтай цөөн хором ярилцлаа.
-“The lord” хамтлаг бүрэлдэхүүнээ өөрчилжээ. Харин уран бүтээлийн тань өнгө аяс хэр өөрчлөгдөх бол. Ямар урсгалаар уран бүтээлээ түлхүү туурвих вэ?
-Аль нэг урсгал, төрөл дагнах бодолгүй. Учир нь хамтлаг гурван дуучинтай учраас баялаг, сонирхолтой уран бүтээл туурвих боломжтой. Жишээ нь, эмэгтэй дуучин Б.Отгондэлгэрийн хоолойн өнгө жааз дуунд илүү тохиромжтой бол нэг эрэгтэй дуучных металл урсгалаар дуулж болохуйц. Мөн хөгжимчид ч зөвхөн дуунаас гадна мэргэжлийн ур чадвар шаардсан хөгжмийн бүтээлүүд тоглох боломжтой. Учир нь манай хөгжимчид зөвхөн хамтлагаас гадна Улсын филармонийн дэргэдэх “Академи чембер” оркестрт мөн тоглодог юм. Түүнчлэн шинэ уран бүтээлүүддээ саксафончтой хамтарснаар дуугаралт илүү баялаг болсон. Хамтлагаа анх бүрдүүлэхдээ хэн нэгэн дуучны хоолойд биш, хөгжимчдийн ур чадварт түшиглэхээр зорьсон. Гэхдээ дуучдын ур чадвар, хоолойн өвөрмөц байдал нь тухайн хамтлагийн нүүр царай болдог нийтлэг жишиг бий л дээ.
-Урын сандаа хэчнээн дуутай болсон бэ?
-Өнгөрсөн хугацаанд урын сандаа цөөнгүй дуутай болсон ч бүрэлдэхүүн өөрчлөгдсөн учраас хэсэг хугацаанд завсарлалаа. Гэхдээ завсарласан бус, шинэ уран бүтээлүүдээ хийж байсан гэхэд болно. Шинээр “цацах” дуунуудаа металл, жааз, рок, поп гэхчлэн төрлөөр нь ангилаад, дарааллын дагуу сонсогчдод хүргэхээр төлөвлөж байна. Олон урсгалын уран бүтээл гаргах учраас зарим хүнд таалагдахгүй байж ч магад.
-Дуунуудаа өөрсдөө зохиодог уу?
-Олонх дууныхаа ая, шүлгийг өөрсдөө зохиосон. Ая зохиогчдоос хүлээж авсан нь ч бий.
-Цомгоо хэзээ гаргах вэ. Төлөвлөсөн үү?
-Дээр дурдсан хөгжмийн дөрвөн төрлөөр цомог гаргахаар төлөвлөсөн. Эхний ээлжид “Лорд” металл цомгоо ирэх тавдугаар сард гаргана. 12 дуутай байх юм. Цомгуудын ажилтайгаа уялдуулан өөрсдөө дуу, дүрс бичлэгийн студи байгуулсан.
-Гадаад, дотоодын тоглолт, арга хэмжээнд оролцож байгаа юу?
-Нэлээд оролцож байгаа шүү. Хандивын болон гоцлол дуучдын тоглолт, арга хэмжээнүүдэд байнга оролцдог. Том, жижиг гэлтгүй ямар ч тоглолтод чанартай үзүүлбэр үзүүлж, хамгийн сайнаараа тоглохыг л зорилго болгодог юм.
-Танай хамтлагийн бусдаас ялгарах хамгийн том давуу тал юу вэ?
-Хамтлагийн хөгжимчид ямар ч дууг бүрэн гүйцэтгэлтэй тоглодог болохоор үзэгчдэд таалагддаг байх. Нэг урсгал, хэв маягт баригдалгүй өөр өөр төрлөөр тоглодог нь хөгжимчдийн чадвар өсөхөд нөлөөлдөг байх. Мөн хоолойн чадал сайтай гурван дуучинтай нь манай давуу тал.
Бэлтгэсэн: А.Тайшир