Эзэмшсэн мэргэжил, дурласан салбартаа чин сэтгэлээ зориулж, амжилт гарган, тууштай, хөдөлмөрлөж яваа гурван залуу “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань зочин. Тэд дэлгэцийн болон дүрслэх урлаг, бизнест амжилттай яваа юм. Зөөлөн, даруухан гурван залуугийн ертөнцөөр аялъя.
Жүжигчин Э.Одбаяр КУДС-ийг төгсмөгцөө “Шинэ үе” продакшнд шалгуулж, уран бүтээлийн гараагаа энэ “айл”-аас эхэлсэн юм. Дөрвөн жил “Шинэ үе”-ээр овоглосон тэрбээр 2015 онд найруулагч О.Бат- Өлзийн “Маш нууц” кинонд гол дүр бүтээж, үргэлжлүүлэн “Фантастик” продакшны “18 нас: Би чамд хайртай”, “Прайм” пикчерсийн “Үргээлэг-2” кинонд тогложээ. Мөн “Зүрхний хилэн”, “Маш нууц: Байтаг Богд” киноны гол дүрд тоглосныг нь үзэгчид санаж байгаа нь лавтай. Түүнийг тоглосон “37 дугаар точка” олон ангит кино үзэгчдэд хүрч буй.
Б.Одбаяр 2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын бизнесийн удирдлага, англи хэлний багш гэсэн хос мэргэжилтэй төгсжээ. Тэрбээр 2013 онд өөрийн “Brainstorm” агентлагийг байгуулсан аж. Байгууллагын брэнд, бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус агентлаг өнгөрсөн хугацаанд олон төсөл хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтарсан “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Ойлгоё, хүндэлье” аяныг нэрлэж болно. Түүнчлэн өнгөрсөн онд Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтыг хамтран зохион байгуулжээ.
Зураач, урлаг судлаач Ж.Одбаяр FM98.9 богино долгионы радио, “С1” телевизэд хөтлөгчөөр ажиллахын зэрэгцээ “Hi-Fi” рекордсоос зохион байгуулдаг “Playtime” наадмыг хөтөлдөг байсныг хөгжим сонирхогчид санаж буй байх. Сэтгүүлч мэргэжилтэй ч дүрслэх урлагт хорхойсож, 2013 онд “2013 оны зун хүртэл” бие даасан үзэсгэлэндээ 60 гаруй бүтээлээ дэлгэсэн юм. Тэрбээр “MN17” галерейг хариуцан ажиллаж буй бөгөөд 2019 онд 35 уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг багтаасан “Art fair” үзэсгэлэнг санаачилсан. Эл үзэсгэлэнгээ жил бүр зохион байгуулж, монгол урчуудын бүтээлийг гадаадад сурталчлах, борлуулах зорилготой аж.
Ижил нэртэй эрхмүүд доорх асуултад хэрхэн хариулсныг сонирхъё.
- Алдаа бүхэн сургамж болдог. Өөрөөсөө ичиж, түүнээсээ ухаарал авсан туршлагаасаа ярина уу.
- Амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдөг вэ. Өдөр бүр хийж хэвшсэн зүйл, дадал тань юу вэ?
- Таны аав, ээжийн захиснаас хамгийн мартагдахааргүй нь ямар үг байв?
- Хүн үхэн үхэтлээ суралцдаг. Оройтсон ч гэсэн суралцахыг хүсэж буй зүйл тань юу бол?
- Цаг хугацааг ухраах боломж олдвол өөрчлөх, засахыг хүсдэг зүйл бий юү?
- Үлгэр дуурайл болгодог хүн тань хэн бэ. Яагаад?
- Таны амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?
- Эзэмшсэн мэргэжил болон хийж буй ажил тань таныг ямар зөв дадал болон муу зуршилтай болгов?
- Та хамгийн сүүлд хэзээ баярын нулимс унагасан бэ. Яагаад?
- Хамгийн сүүлд ямар ном уншиж, кино үзэв. Тэр уран бүтээлээс юуг өөртөө шингээж үлдсэн бэ?
Э.ОДБАЯР: ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ БАЙХ ЮМ САН
1. Аав болсныхоо дараа нэлээд жин нэмсэн. Турж амжилгүй “37 дугаар точка” олон ангит кинонд зургаа авхуулж эхэлсэн юм. Зураг авхуулах явцдаа өөртөө анхаарч, буцаад хэвийн жиндээ орсон. Гэхдээ киноны зарим хэсгийн дүрсээ харахаас ичдэг. Дахин ийм алдаа гаргахгүй. Аливаа уран бүтээлд тоглохдоо хувийн бэлтгэл, гадаад байдалдаа илүү анхаарах ёстойг ойлгосон.
2. Багадаа хэл муутай хүү байлаа. Хүүхдүүд “Бөөрөнхий хэлтэй” гэж шоолдог байв. Жүжигчин болох мөрөөдөлтэйгөө хэлэхэд “Чи ингэж ярьдаг юм чинь яагаад ч чадахгүй” гэдэг байв. Хэл ярианы дасгал хийж, дутагдлаа засаад хүссэн мэргэжлээ эзэмшиж чадсан. Одоо энэ төрлийн дасгал их хийдэг.
3. Аав “Өөртөө итгэ”, ээж “Миний хүү хүсэл мөрөөдлөө л дага” гэдэг. Тэднийхээ урмын үгийн хүчээр би өдий зэрэгтэй яваа болов уу. Үргэлж л санаж явдаг.
4. Хийж үзэхийг, сурахыг хүсдэг зүйл олон бий. Тоочоод баршгүй. Аль болох ажлынхаа хажуугаар амжуулахыг хичээж байна.
5. Цаг хугацааг ухрааж болдог сон бол гэж бодох үе гардаг л юм. Тийм боломж олдвол хоёр эрхэм хүнтэй л уулзахыг хүсэж байна.
6. Би КУДС-ийг Ардын жүжигчин П.Цэрэндагва багшийн удирдлагад төгссөн. Багшаасаа үргэлж үлгэр дуурайл авдаг. Мундаг уран бүтээлчээс гадна сайхан хүн шүү дээ. Мэргэжил нэгт ах эгч, үе тэнгийнхэн гээд харж суралцдаг хүн олон.
7. Хамгийн гол нь үнэнч байх. Хариуцлагатай байдал үүнийг дагалдана. Хэзээд хүний итгэлийг алдахгүй байх сан гэж боддог, хичээдэг дээ.
8. Ажлын онцлогоос шалтгаалаад оройтож унтах, нойр дутуу явах, хэт орой хооллох зэрэг буруу зуршилтай. Аль болох засахыг хичээдэг ч зураг авах ажил оройтож дуусах, шөнө, үүрээр ажиллах тохиолдол байдаг болохоор засахад хэцүү юм. Нөгөө талаас мэргэжил, ажлынхаа ачаар цаг барих, бусдыг хүндлэх, хүмүүстэй ойлголцож багаар ажиллах зэрэг чадварыг өөртөө суулгаж байна.
9. Би их зөөлөн талдаа. Нэг мэдэхэд л уйлчихсан байдаг. Баярлахаараа, сайхан уран бүтээл үзэхээр, сэтгэл шимширмээр үйл явдал хараад уйлчихна. Ер нь л нулимс ойр.
10. Хамгийн сүүлд жүжгийн нэг зохиол уншсан. Мэргэжил минь аль болох их уншиж, үзэхийг шаарддаг. Уншсан болгоноосоо өөрт нэг үг, өгүүлбэр “суулгаад” үлдвэл тухайн бүтээлийн үнэ цэн байх. Энэ сарын 1-нд “Донна” энтертайнментын “Солонго үүл” уран сайхны кино үзсэн. Хүний мөн чанар, тэр дундаа эмэгтэйчүүдийн ертөнцийг эмзэг, нандинаар үзүүлсэн сайн бүтээл болсон санагдсан.
Б.ОДБАЯР: ТҮРҮҮЛЖ СЭТГЭХ, ШИНЭ ЗҮЙЛ ТУРШИХ ДУРТАЙ
1. Товлосон цагаасаа хоцрох дургүй. Аль болох цаг барихыг хичээдэг. Сар гаруйн өмнө “US Aid”-ын мэргэжилтэнтэй цаг тохирчихоод таг мартчихаж. 40 минут хоцроод очиход уулзах ёстой хүн маань хаалгаар гараад явж байлаа. Тэр хүн их эелдгээр “Мэйлээр харилцъя” гэчихээд яваад өгсөн. Тэгэхэд өөрөөсөө маш их ичсэн.
2. Бусдад зөвлөхөөр хэмжээний амжилтад хүрээгүй болохоор юу гэхээ мэдэхгүй юм. Гэхдээ амьдрал бол ойрын зайн гүйлт биш. Холын зайнх учраас урт зам туулахын тулд сайн унтаж амарч, эрүүл байхыг хичээдэг. Манайхан л унтахыг муу зүйл, бараг л нүгэл мэт ойлгодог боловч шинжлэх ухааны үүднээс бол огт өөрөөр, хүний эрүүл мэнд, бие махбодод тустайгаар тайлбарладаг. Нойрны талаар ном болон баримтат нэвтрүүлэг үзсэнээс хойш гэмшилгүй унтдаг болсон. Нойр гүйцэд авч, амарч чадсан хүн ямар ч ажлыг эрч хүчтэй хийж чадна шүү дээ.
3. Ээжийн “Харьж байгаад турсагыг чинь хуулна даа” гэдэг үг одоо ч санаанаас гардаггүй, ой тойнд байдаг. Манай үеийнхэнд энэ үгнээс илүү ой санамж, мах ясанд нь суусан үг байхгүй байх аа (инээв).
4. Э-спортоор мэргэжлийн түвшинд хичээллэж үзнэ гэж боддог. Компьютер тоглоод, спортоор хичээллээд, сэтгэл ханамж авахын зэрэгцээ цалинжаад л. Бүгдийг нэг доор гэхээр гоё байгаа биз дээ.
5. Өөрчлөх, засахыг хүсдэг зүйл байхгүй ээ. Яах вэ, өнгөрсөнд очих боломж гарвал хэдэн биткойн “дарж” болох л юм.
6. Одоогийн байдлаар Ювал Ноа Хараригаас үлгэрлэж байна. Хэдэн номыг нь уншиж, лекц, ярилцлагуудыг нь үзсэн. Ажих нь ээ, цаг хугацаа, хүмүүсийн амьдралдаа туулсан, үзэж харсан зүйлсээс шалтгаалаад үлгэр дуурайлал болгодог хүн өөрчлөгддөг шиг санагддаг.
7. Аливаа шинэ зүйлийг маш нээлттэйгээр хүлээн авч, өөрчлөлтөд бэлэн байхыг хичээдэг. Би ер нь түрүүлж сэтгэх, шинэ зүйл турших дуртай.
8. Хүмүүсийн сэтгэлийг татах, хөдөлгөх гэж өдөр бүр шинийг сэтгэж, эрэл хайгуул хийдэг учраас баргийн зүйлийг сонсоод, хараад “Аан, тийм үү” гээд өнгөрдөг. Хэр баргийн зүйлийг тоохоо больчихсон. Бас юмны өө, алдааг гярхай анзаардаг болдог юм байна.
9. Шинэ оны эхний өдөр уйлсан шүү. Хоёр дахь охин минь мэндэлж, баярын нулимс унагасан.
10. “Factfulness” гэж ном яг одоо уншиж байна. Хүний яриа, баримжаа, мэдрэмж бодит байдлаас хэр хол зөрж болдгийг, мөн хэрхэн түүнийг нягтлах, хянуур байх талаар өгүүлсэн ном.
Ж.ОДБАЯР: ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ ДУРЛАХ Л ХЭРЭГТЭЙ
1. Бусдын нөлөөнд хэт автаж болохгүйг ойлгосон. Чадахгүй зүйлдээ ам гарах хэрэггүйг ухаарсан. “Үгүй” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй юм билээ. Гэхдээ хүмүүст сайн санаж явах хэрэгтэй гэж боддог.
2. Зургадугаар ангиасаа ажил хийж эхэлсэн. “Өглөө эрт бос. Өдөр бүр ингэх, тэгэх хэрэгтэй” гэхээс илүү хийж буй зүйлдээ дуртай байхад л болно. Хүсвэл хүн өдөрт хэдэн ч ажил амжуулж чаддаг. Хүсэхгүй бол хүчлээд ч нэмэргүй.
3. Надад “Ингэ, тэг” гэж хэлж байгаагүй ээ. Харин тэднийхээ байгаа байдлаас л үлгэрлэдэг. Аавыгаа багадаа алдсан болохоор найз нөхдийнх нь түүний талаарх дурсамжаас ямар хүн байсныг нь яриулдаг.
4. “Одоо боллоо” гэж бодох үедээ хүн “мах” болдог байх. Үүнээс хамгийн их айдаг. Мөрөөдөл минь хязгааргүй болохоор олон зүйл сурахыг хичээж явна.
5. Цаг хугацааг ухраагаад дэмий байх. Хүсэхгүй байна. Хэн нэгэнд ашигтай зүйл өөр хүнд уршиг болдог гэдэгт би итгэдэг.
6. Аавыгаа л хэлнэ дээ. Миний аав үйлдвэрийн цахилгаанчин байсан. Тэгсэн атлаа спортын олон төрөлд амжилт гаргаж явсан юм билээ. Бахархдаг шүү.
7. Би сүрхий зарчимч хүн биш ээ. Гол нь өөрөө жаргалтай байж бусдыг аз жаргалтай болгодог гэдэгт бат итгэдэг.
8. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг байхад гэрийн бараа харна гэж гонж байсан шүү. Гэхдээ л дурлаж хийдэг байсан болохоор гоё, урамтай санагддаг байлаа. Ямар ч насны, янз бүрийн араншинтай хүнтэй харилцаж сурсан. Байнга үүрэг даалгавар авч, ажлын ачаалал дааж сураагүй хүн бол уйлахаар шүү.
9. Хүн юу мэдэрч байгаагаа шууд илэрхийлж байх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Кино үзээд нулимс унагачихсан суух үе зөндөө. Бас дуу хөгжим, уран зураг, хэн нэгний сайхан сэтгэлийг мэдрэх болгондоо л мэлмэрүүлчихнэ. Хамгийн сүүлд том хүүгээ бүжиглэж байхыг хараад баярлаж, бахархсандаа нулимс унагасан санагдана.
10. “Нохойн зүрх”, “Амьдрахуй” гэж хоёр номыг уншсан юм байна. Хоёулаа дэлгэцийн уран бүтээл болсон байдаг. “Амьдрахуй” зохиолоос сэдэвлэсэн “Амьдралын төлөө” кино иргэний дайны дараах Хятадын түүхтэй холбоотой байсан болохоор их таалагдсан. “Нохойн зүрх” ярих юмгүй сайн бүтээл. Бас сүүлд “Burn your map” гээд Монголд амьдрахыг хүсдэг гадаад хүүгийн тухай кино үзсэн. Их сонирхолтой.