Хорхойгоо дарна гэж байдаг даа. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг өнгөрсөн жил байсхийгээд л гадаадад тоглоход нь хаана явна, тэнд нь очиж сонсох сон гэж горьдож байсан юм. Түүнийг ДБЭТ-т уржигдар үдэш зочин хөгжимчидтэй хамтарч тоглохыг сонсож хорхойгоо дарах боломж олдов. Төгөлдөр хуурч 1990-ээд онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерватор төгсөөд, Испани улсад олон жил амьдарсан юм. Одоогоос найман жилийн өмнө эх орондоо суурин амьдарч, ажиллахаар ирсэн. Түүнээс хойш зургаа дахь удаагийн бие даасан тоглолтоо сонгодог хөгжим сонирхогчдод хүргэсэн нь энэ. Концертын хөтөлбөрт ихэд анхаардаг, сонсогчдод улиг болоогүй бүтээлүүд хүргэхийг хичээдэг, манай улсад туурвил нь тэр бүр “амьд”-аар сонсогдож байгаагүй хөгжмийн зохиолчдын бүтээл сонгодгоор өвөрмөц.
Энэ удаа тэрбээр уламжлал ёсоор аав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн дуунуудаас хоёрыг тоглосон. Испанийн нэрт хөгжмийн зохиолч, ард түмэн нь “Манай Шопен” хэмээн хүндэлдэг Э.Гранадос, Аргентины хөгжмийн зохиолч, XX зууны хоёрдугаар хагаст хөгжмийн танго төрлийг жааз болон сонгодог хэв маягаар баяжуулан өөрийн гэсэн өнгө аяс бүхий төрөл жанр бий болгосон алдарт А.Пьяццолла, хүн төрөлхтний суут хөвгүүн, хөгжмийн зохиолч Л.В.Бетховен нарын, спортынхны хэлдгээр “гал ассан” хөгжмүүдийг сонордуулав.
Хамтран хөгжимдсөн уран бүтээлчид нь тоглолтын хөтлөгчид “Бидний тухай танилцуулаад яах юм бэ. Саяа багшийн тухай л яриарай” гэж даруу зан гаргасан Хуан, Пол хоёр юм. Хуан Ду бол өдгөө БНХАУ-ын Үндэсний дуурийн театрын симфони найрал хөгжмийн концертмейстер буюу тэргүүн хийлч. Уран бүтээлийн замналаа Европоос эхлүүлж, тэнд л алдар нэртэй болсон бөгөөд гурван жилийн өмнөөс урилгаар тус оркестрт ажиллахаар эх орондоо иржээ. Виолончельч, багш Пол Йорк нь АНУ-ын Луисвиль их сургуулийн утсан хөгжмийн тэнхимийг удирддаг. “Нью-Йорк таймс” сонин нэгэнтээ соёл, урлагийн салбарын онцлох хүнээр тодруулж байсан тэрбээр цуутай хөгжимчин Ёо Ёо Матай ч хамтарч тоглож байсан, өнөө цагийн шилдэг виолончельчдын нэг ажээ.
Ер нь төгөлдөр хуурч “Саяа ба түүний нөхөд” тоглолт бүрээрээ гадаадаас шилдэг хөгжимчид урьдаг. Гэхдээ энэ удаагийн уран бүтээлийн бие даасан тоглолтоороо хамтрахаар шийдсэн Хуан, Пол хоёртой танилцаж, тоглохыг нь сонсоход яах аргагүй өндөр ур чадвартай, виртуоз уран бүтээлчид аж.
Хөгжимчдийн хэн хэн нь гоцлол, камерный буюу цөөхүүл төрлөөр тоглож мэргэшсэн уран бүтээлчид бөгөөд тэд Э.Гранадос, А.Пьяццолла нарын гурвал болон Л.В.Бетховены төгөлдөр хуур, хийл, виолончельд зориулсан гурамсан концерт тоглосон. Эхний хөгжмийн зохиолчийн халуун цустай гэж бусад үндэстнээс ялгадаг испаничуудын шийдэмгий атлаа уянгалаг мэт өнгө аясыг мэдрүүлэм триог тоглосон бол дараагийн, танго суурьтай, дурлалдаа шатсан хос залуус орчин тойрноо анзаарах сөхөөгүй хөвөн хөөрөн, эргэлдэн бүжиглэхийг санагдуулам хөгжмөөр үзэгч, сонсогчдын сэтгэлийг уудлан, алжаалыг тайлав. Тэдний тоглохыг харах, сонсоход төгөлдөр хуур, хийл, виолончель гурвыг нэг хүн тоглоод буй мэт тийм нийлэмжтэй. Цөөхүүл төрлийн онцлог энэ ч юм даа. Аль нэг нь гоцолж, бусад хоёр нь дагалддаггүй, гагцхүү энэ тэнцүү түвшинд аваа, өгөөтэй хөгжимддөгөөр онцлог.
Л.В.Бетховены төгөлдөр хуур, хийл, виолончельд зориулсан, 40 орчим минут үргэлжилдэг, суут хөгжмийн зохиолч ямар ч чимээ сонсож чадахаа байсан үедээ бичсэн ч, хөгжмийн зохиомжийн үлгэр жишээ бүтээл болж алдаршсан гурамсан концерт тансаг ажээ. Энэхүү том хэмжээний концерт манай улсад хоёр дахиа эгшиглэв. Төгөлдөр хуурч, СУИС-ийн багшаар ажиллаж байсан, өдгөө ӨМОЗО-ы Хөх хотын Урлагийн их сургуулийн багш Б.Оюунгэрэл, хийлч, Консерваторын багш Д.Галбадрах, виолончельч, өдгөө Швед улсын Стокхолм хотын Радио, телевизийн төв байгууллагын дэргэдэх симфони найрлын хөгжимчин Ц.Бэхбат нар өмнө нь тоглосон удаатай.
Саяа, Хуан, Пол нар гурамсан концертыг ДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй тоглолоо. Удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболдоос тоглолтын тухай сэтгэгдлийг нь сонсоход “Тоглолтод сэтгэл ханамжтай байна. Өндөр ур чадвар шаарддаг энэ концертыг гар нийлсэн хөгжимчид л тоглоно. Хүмүүс зочин хийлчийг өнгө сайтай гэх зэргээр магтаад байна. Морин хийлч ч гэсэн сайн юм. Мастер тоглоочид нийлжээ” гэлээ. Үнэхээр гоцлооч гурав уг концертыг симфони найрлын хамт эгшиглүүлэхийг сонсож суухад хорвоогийн түмэн явдал нүдний өмнүүр эрээлжлэн өнгөрөхийн сацуу монгол гоцлооч Саяагийн хаан хуурыг эзэмдэн, сайн найзтайгаа ямар нэгэн гоё юмны тухай ярьж буй мэт тайван агаад яв цав, эрэмгий тоглохыг харах бахархалтай байлаа.
Энэ үдшийн тоглолтыг төгөлдөр хуурч С.Саянцэцэг хөгжмийн зохиолч аав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн хөгжим, дүү, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн найруулга “Зулай цагаан Алтай” хэмээх, төгөлдөр хуурт зориулсан бүтээлээр эхлүүлсэн бол төгсгөлд нь мөн аавынхаа бүтээл “Миний ээж тэмээчин” дууны төгөлдөр хуур, хийл, виолончельд зориулсан найруулгыг уран бүтээлийн андуудтайгаа хамт хөгжимдөж өндөрлүүлсэн юм. Уг бүтээлийг гадаадын хөгжимчид ойлгож, зохиолын гүнд нэвтэрч тоглож байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Тоглолтыг хөгжим судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг хөтөлж үзэгч, сонсогчдод хүргэсэн. Тэрбээр төгөлдөр хуурчийн тухай, зохиол бүтээлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлж, тайлбарласан нь агуулгыг тодотгож байв. Хөтлөгч төгсгөлд нь С.Саянцэцэг багшид үг хэлэх боломж олгоход тэрбээр юуны өмнө энэ үдэш зорьж ирж, хөгжим сонсож, сонороо мялаахын сацуу уран бүтээлчдийг дэмжиж буй үзэгчдэд талархал илэрхийллээ. Уран бүтээлийн тоглолт бүрийнхээ хөтөлбөрт аавынхаа зохиосон хөгжмүүдээс багтаах болсон нь монгол хөгжмөө сурталчлах санаа, зорилготой гэдгийг хэлж байлаа. Шинэ оныг БНХАУ-д хөгжим тоглож угтсан тухайгаа хэлэх явцдаа тэрбээр “Би энэ тоглолтоо суут Бетховены мэндэлсний 250 жилийн ойд зориуллаа. Энэ онд дэлхий даяар түүний хөгжмүүдийг өмнөхөөс илүү эгшиглүүлэх болно. Магадгүй энэ тоглолт анхных нь болов уу. Энэ үдэш нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Гадаадад монгол аялгууг шүтэн биширч байна. Одоогоос дөрөв хоногийн өмнө Нанжин хотод тоглоход үзэгчид Бетховеныг гэхээс илүү монгол хөгжим, аялгууны сайхныг магтаж, шагшсан. Монголчууд тийм онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Бүгдээрээ бие биеэ хайрлан, дэмжиж, хамтдаа хол явах ёстой юм байна гэдгийг тэр үдэш улам илүү ойлголоо. Энэ үгийг энэ тайзан дээрээс заавал хэлмээр санагдлаа” гэсэн.