Мариинский театр, “Травиата” дуурь. 2019.11.03
Санкт-Петербургийн Мариинский театр дуурийн гоцлооч, баритон, ЦДБЭЧ-аараа өнөөг хүртэл овоглож, Монголоороо дуудуулан дэлхийн дуурийн урлагийн алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж яваа Ч.Бадралтай 2020-2021 онд хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. Дуучин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд тус театрт Ж.Вердийн “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрд тоглосон аж. Мэдээлэл авахаар театрын вэб сайтаар зочилбол үзэгчид энэ тоглолтын талаар сэтгэгдлээ харамгүй үлдээхдээ “Хөгжимлөг, соёлтой, цээл хоолойт залуу баритон юм” гэхчлэн магтжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Италийн Верона хотын “Арена” задгай театрт “Аида” дуурийн Амонасрогийн дүрд дуулснаас хойш тэрбээр их ажил амжуулсан байх юм. Тус улсын Палермо хотын “Массимо” театрт “Травиата”-гийн Жермонд, Бари хотын “Петруццелли” театрт “Тосгоны алдар” дуурийн Алфиод ч дуулж.
Монголынхоо ЦДБЭЧ-ын босгыг 2010 онд алхаж, дуучнаар ажиллаж эхэлсэн тэрбээр энэ онд Италийн нэрт “Ла Скала” театрын уран бүтээлч болсон байв. Гэхдээ дуучин зөвхөн энэ театраар ажлаа хязгаарлахгүй, Европын томоохон театруудад ч дуулсаар явна. Тухайлбал, ирэх оны арваннэгдүгээр сард Берлиний “Дойче опера”-д Ж.Вердийн “Набукко” дуурийн Набуккогийн дүрийг бүтээх ажээ.
Мариинский театрын зүгээс түүнийг ирэх оны нэгдүгээр сарын 5-нд дахин “Травиата”-д дуулахыг санал болгон, улмаар хуваарьт тусгасан байсан ч Итали дахь театрын ажил нь давхцаж буй тул арга буюу цуцлахад хүрчээ. Харин ирэх оны тавдугаар сарын 10-нд Ж.Вердийн “Аида”-д Амонасрогийи дүрд дуулна. Уран бүтээлийн төлөвлөгөөг нь харахад ирэх оны хоёрдугаар хагаст тун завгүй байх нь.
Ч.Бадрал Италийн “Италиан лирика артист менежмент” агентлагтай хамтран ажилладаг аж.