Охид тамхи татаж, архи ууж, зодоон хийж байна. Хоорондоо зодолдох юу ч биш, эрэгтэй хүүхдүүдийг дундаа хийгээд тал бүрээс нь балбачихаж байна. Царай зүс, бие хаа тэгш охид зодолдон, үс гэзэгнээсээ зулгааж, дээр, доороо орон ноцолдож байхад эрчүүд хажуунаас нь бичлэг хийгээд олон нийтэд цацчихаж байна. Хөөрхөн төрсөн гоолиг бүсгүйчүүд солиороо юу гэлтэй авирлахыг харахад өр өвдөж, зүрх шимшрэхээр.
...Охин нь гэртээ ирэхгүй олон хонож, улмаар сар, жилээр сураг нь гарахгүй байгаад амьдаараа хатаж буй эцэг, эх бий. Тийм ээж, аав хүүхдээ хаанаас хайх вэ. Магадгүй хятад ажилчид олонтой барилгын болон бусад үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд, говийн аймгуудын, нүүрс тээврийн зам дагуух суурин газруудаар хайж болмоор юм шиг...
Шөнийн цэнгээний газарт зөвхөн залуус хөлчүүрхэж суухаа больсон. Тэнд тал хувь нь, заримдаа олонх нь охид байх бөгөөд найзуудаараа “гарсан” залуу бүсгүйчүүд таалсан хархүүгээ ширээнд суухыг урьж, бас болоогүй, цагийг зугаатай өнгөрүүлэхийг санал болгон, гарын мөнгө халаас руу нь шургуулдаг ч болжээ. Нэг бол охид, үгүй бол залуу бүсгүй гэх нь учиртай. Охид гэдэгт зөвхөн дунд сургуулийн ахлах ангийн, эсвэл оюутнуудыг хамруулахгүй байна.
Их, дээд сургууль төгссөн, эс бөгөөс дунд сургуулиас хойш эрдмийн мөр хөөгөөгүй, төдий хэр насны эмэгтэйчүүдийг ч тооцно. Сургуулийн сурагчид сониуч зангаасаа болж гэнэдэх, бусдын эрхэд автах, амьдралдаа хариуцлагагүй хандсанаас болж жирэмслэх, үр хөндүүлэх, эрт хүүхэд төрүүлэн гэр бүл, ойр хавийнхандаа ад болох, увайгүй эрчүүдийн гарын шүүс болж, сайн яваа нэгнээс нүүр буруулах гээд хазгай гишгэсэн охидын зовлон мундахаа байсан.
Улаанбаатарын гудамж шөнө ч хөлтэй байдаг. Замын үл тасрах хөдөлгөөн дундаас уйлж унжин, хараал ерөөл хэлэн хашхирах охид, бүсгүйчүүдийн дуу хаанаас л бол хаанаас хадах нь энгийн үзэгдэл болсон бөгөөд олон нийт дасжээ. Цагдаагийнхан ч тоохгүй.
Хүүхдүүд, тэр дундаа охид гэмт хэрэгт холбогдох шалтгаан хэд хэд байгаа хэвээр. Хуулийн дагуу 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалддаггүй бол энэ үзэгдэл хавтгайрахгүй байсан болов уу. Тамхины эсрэг хуулийг эхний гурав хоногт яаж хэрэгжүүлж байсан шигээ үргэлжлүүлсэн бол өнөөдөр ингэж амтай болгон янжуур зуухгүй ч байх. Ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөөр. Судалгаанаас харахад гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүлд эрүүл мэнд, ажилгүйдэл, ядууралтай холбоотой, эсвэл эцэг, эхийн аль нэг нь, зарим тохиолдолд хоёулаа хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хөдөлмөрийн чадваргүй, улмаар орлого гэх юмгүй зэрэг асуудал байдаг аж.
Хоол ундаар дутаахгүй л бол боллоо гэсэн бодолтой хэсэг нь үр хүүхдүүдийнхээ төлөвшил, хүмүүжлийн тухай өчүүхэн ч санаа тавихгүй, сургаж, захих ухаанаа олохгүй, аргаа мэдэхгүй байх нь олонтоо болжээ. Заримынх нь хувьд хүмүүжил хэмээх үг, ойлголт бүр байхгүй мэт. Ардчилал, ардчилсан нийгэм гэдэг ухагдахууныг дураар авирлаж, зоргоор амьдрах цаг үе хэмээн буруу ойлгож, хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж ирсэн шигээ хүүхдийг хүмүүжүүлэх гэх хэрэггүй, олны дунд аяндаа хүн болно гэж бодож, ойлгодог болсон мэт эцэг, эхчүүд хүүхдэдээ үг хэлэхгүй, зэмлэж, сургахгүй, хол хөндий мэт байх болсон нь ажиглагддаг. Магадгүй хүүхэд хүмүүжүүлэх нь хоцрогдол гэж ташаа ойлгодог ч байж мэднэ.
Нийгэм шилжиж дуусаагүйтэй адил эцэг, эхчүүд төөрч будилсан хэвээр. Орон нутагт гэрлэх насны эрчүүдийн илүүдэл болоод байгаа. Ганцхан жишээ татахад, Говь-Алтай аймгийн нэгэн сумын нэг багт 18-аас дээш насны ганц бие малчин 30 эрэгтэйн дунд 18-аас дээш буюу гэрлэх насны ганцхан эмэгтэй байна. Хөвгүүд яах вэ, адуу маллаад ч болов амьдарна, охидоо л хүний доор оруулахгүй юм сан гэж байдгаа баран улсын нийслэл, үгүйдээ аймгийн төв рүү улсын их, дээд сургуулиудын орон нутаг дахь салбар бараадуулан илгээсээр байдаг. Сайн сурч өнгөтэй, өөдтэй яваа нь олонтой адил дээр дурдсанчлан сархад эргүүлж, сахилга алдаж явах болсон охид бишгүй. Төрөөс улсынхаа хөгжлийн бодлогыг хүн ам зүйн өсөлт, хөгжил, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уяж, алсын хараатай ажиллахгүй байгаагийн зэрэгцээ хувь иргэд, өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлдэг уламжлалт, өөр өөрсдийн удам судрын онцлогтой гэрийн хүмүүжлийн арга ухааныг умартан, соёл иргэншилт орчин үеийн нийгмүүдийн толь болсон дэвшилт ололтуудыг ашиглаж мэдэхгүйгээр үр хүүхдүүдээ багаас нь сул хаясантай холбоотойгоор охид задгайрч, ороо бусгаа нийгэмд хөлөө олж гишгэж чадахгүй явна.
Хүүхдүүд урьд өмнө үзэгдэж харагдаагүй зүйлийг даган дуурайх дуртай. Бусдад татагдахдаа амархан. Манай улсад цахим тоглоомын газар 500 орчим байдаг бөгөөд түүнд зөвхөн эрэгтэй хүүхдүүд, залуучууд тоглодог уу гэвэл үгүй юм. Тэнд нэг дор 50-иад хүүхэд тоглодог гээд бодохоор өдөрт 25 мянган хүүхэд энэ төрлийн тоглоомд саатаж, зарим нь донтож байдаг аж. Хүн нэг зүйлд донтсон бол бусдад автах нь амархан байдаг нь зүй тогтол ажээ. Тэгэхээр буруу гарын, аргын нэг л муу зуршилтай бол бусдыг өөриймшүүлэх нь хэнд ч асуудал биш бөгөөд охид ч адилхан, замаа нэг л алдвал буцаж зөв голдиролд орох, эсэх нь тодорхойгүй болдог ажгуу.
Монголд ижил хүйстнүүд бишгүй байх агаад охид цөөнгүй гэх юм. Байгалиасаа бэлгийн таашаалын чиг баримжаа ондоо төрсөн нь байдаг л байх. Гэтэл өнөөх л бусдыг дуураймтгай, хийх ажилгүй, бие биеэ харж өдрийг өнгөрөөдөг, эмэгтэй л хүмүүс юм чинь гоё ганган байхын төлөө хичээн чармайх зуураа элдэв гаж сонирхолд хөтлөгдөн хүзүү, сээрээрээ тэврэлдэж явдаг болдог юм болов уу гэж бодох ч шиг. Охин үр нь ижил хүйстэн, хүүхэд төрүүлж ээж болох, эсэх нь эргэлзээтэй, амьдралын ийм хэв маяг монгол ээж, аавд төдийлөн таатай бус, сэтгэлийн зовлон байдаг болов уу. Гэвч үнэхээр байгалиасаа өөр төрсөн бодгаль бол хэнбугай ч өөрчилж чадахгүй нь мэдээж. Охид эвгүй зан авиртай болж өсөх нь эцэг, эхийн хараа, хяналт, хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, орчин, хүүхдүүдийнхээ төлөө гэсэн чин үнэн сэтгэл дутагдсантай холбоотой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн судлаачид хийсэн байх аж.
Орчин үед бусдын нөлөө гэдэгт гар утас багтаж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг үүрэн холбооны дөрвөн операторын мэдээллийг нэгтгэсэн байдлаар авч үзэхэд Монголд гурван сая гаруй дугаар хэрэглэдэг юм байна. Үүний нэг сая 200 гаруй мянга нь 18-аас доош насны хүүхдийнх гэнэ. Дугаар эзэмшигчид хүссэнээ үзэж, сонсож, улмаар хориотой сайтуудаас болохгүй гэсэн болгоныг хардаг нь өсөх насны хүүхдүүд элдэв гаж зүйл сэдэх, хэрэгжүүлэхэд нөлөөтэй талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байлаа.
Охин нь гэртээ ирэхгүй олон хонож, улмаар сар, жилээр сураг нь гарахгүй байгаад амьдаараа хатаж буй эцэг, эх бий. Тийм ээж, аав хүүхдээ хаанаас хайх вэ. Магадгүй хятад ажилчид олонтой барилгын болон бусад үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд, говийн аймгуудын, нүүрс тээврийн зам дагуух суурин газруудаар хайж болмоор юм шиг. Дээхнэ үед ийнхүү охид цэргийн анги хавьд эргэлдэж, дарга нарт нь хөөгддөг байсан тухай хүмүүс ярьдаг. Одоо бол харь хэлтнүүд олноор байрладаг хуаран барааддаг болсон аж.
Охидынхоо хүмүүжлийг тавьж туун, ниргэсэн хойно хашхирч байснаас гудамжинд гарчихаас нь өмнө, гэрээ орхиод одохоос нь урьд арга эвийг нь олж, хүмүүжүүлж, төлөвшүүлж, болохгүй бол бусдаас зөвлөгөө авч, зам мөрийг нь чиглүүлж байгаарай, эцэг, эхчүүд ээ.