Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган Чилийн Сантьяго хотод болж, тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох гэмт хэрэг, гэмт этгээдийн талаарх мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажиллагааг зохицуулсан Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Уг чуулганд манай улсаас ЦЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Монгол дахь Интерполын үндэсний төв товчооны орлогч дарга, хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр манай төлөөлөгчид Польшийн Интерполын үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзсан байна. Улмаар их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэд, дипломат албан тушаалтнуудтай холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын тухай санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа