Өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр олон нийтийн газар бие засаж буй цагдаагийн алба хаагчийн зураг, бичлэг цахим орчинд тархсан. Энэ талаар ЦЕГ-ын ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагийн үед цагдаагийн алба хаагч олон нийтийн газар бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг мэдээлэл тавигдсан даруйд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, тогтоосон. Ингэхэд цагдаагийн ахлах ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ХУД-ийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Мөн цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан үйлдэл гаргасанд харамсаж байна.
Алба хаагчийн гаргасан энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор иргэдээсээ уучлалт хүсэж байна. Уг асуудалд албаны шалгалт явуулж, алба хаагчийг ажлаас халж, мөн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээг авч байгаа. Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр “Зөв хэвшил” аяныг зохион байгуулж буй. Иймээс дахин цагдаагийн алба хаагчдын энэ мэт ёс зүйгүй үйлдэл, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байхын төлөө ажиллах болно. Түүнчлэн уг мэдээллийг бидэнд ирүүлсэн иргэнд талархал илэрхийлье.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр мянга мянган цагдаагийн алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Гэвч ёсзүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчдийн үйлдэл дахин гаргуулахгүй байхын төлөө бид ажиллана. Иргэд ч бурууд хурц байж, ийм төрлийн ёсзүйгүй үйлдлийн талаар нэн даруй мэдэгдэж, хамтран ажиллахыг хүсье.
Үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй олон мянган цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчил гарсанд маш их харамсаж байна" хэмээлээ.