Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны нэр барин худал ярихгүй байхыг анхаарууллаа. Тэд өмнөх өдөр нь мэдээлэл хийж, “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ОУПХ-ноос бараг сарын өмнө ирүүлсэн дүгнэлтийг Гадаад харилцааны хэлтсийн дарга дарж байсан нь ажлаас чөлөөлөгдсөнийх нь дараа ил болсон” хэмээн мэдэгдсэн юм. Харин дэд дарга Л.Энх-Амгалан “Та бүхэн ажлаа хийцгээ, улстөржиж, “попрох”-оо боль. УИХ түр хороо байгуулсан.
Түр хороо ажлаа хийх ёстой. ОУПХ-ноос Ж.Батзандан нарын 12 хүнд 2019 оны есдүгээр сарын 6-нд и-мэйл илгээсэн. И-мэйл хаягаа шалгаж бай, Ж.Батзандан. Орчуулгын ажил есдүгээр сарын 7-ноос эхэлсэн юм билээ. Л.Болд гишүүн та УИХ-д зургаан удаа сонгогдож, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсны хувьд иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй. 2012 оноос хойш ОУПХ-ны хуралд та бид хоёр таван удаа явсан. Тэр болгонд Хүний эрхийн дэд хороонд энэ асуудлаа хөндөн тавьж ирсэн. 2016 оноос УИХ, ОУПХ-ны харилцаа шинэ шатанд гарсныг эрх бүхий хүмүүс нь хэлж байгаа. Манай гурван ч гишүүн ОУПХ-нд сонгогдон ажиллаж байна. Та тавтиртай байх хэрэгтэй. Гадаад харилцааны хэлтсийн дарга халагдаж байж албан бичиг ил боллоо гэж худлаа ярихаа боль. ОУПХ-ноос ирүүлсэн 71 заалттай зөвлөмж надад байна. С.Зоригийн амийг хороосон хэргийг улс төрд ашиглахгүй байхыг энэ зөвлөмжөөр хүссэн” хэмээсэн юм.
Бэлтгэсэн: У.Наран