Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүгч ирэх юм уу, түүний дараагийн долоо хоногт хийхээр товлох магадлалтай байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Эргэн сануулахад, тэрбээр төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, тэр гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хэрэгт холбогдоод буй билээ. Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримтад уг байшинг ямар үнээр хэн худалдаж авсныг тодорхойлж, улмаар хөрөнгө царцаах ажиллагаа хийсэн аж. Шүүхээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, хөрөнгийг нь хураах шийдвэр гаргавал тухайн үл хөдлөх хөрөнгийг Австрид худалдан борлуулж мөнгийг нь Монгол Улс руу шилжүүлэх гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа