Монгол Улсын Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатыг АТГ-аас яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газар (НПГ)-т хүргүүлсэн талаар бид өнгөрсөн сарын 18-ны дугаартаа мэдээлсэн билээ. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд түүнийг холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан гурав дахь эрхэм эрүүгийн хэрэгт шалгуулах боллоо.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандсан юм.
Г.РАВЖАА