Индонезийн Зондын хоолойн эрэг орчмын суурингууд цунамид өртөж, 168 хүн амиа алдав. Энэ үеэр 584 хүн гэмтэж, хэдэн зуун барилга байшин сүйдсэн тухай Байгалийн гамшигтай тэмцэх агентлагаас нь мэдээллээ. Цунамийн улмаас эрэг орчмын гудамжууд усанд автаж, хөмөрсөн автомашинууд хөглөрчээ.
Кракатау галт уул дэлбэрч, оргилсны дараа далайн гүний усны түлхэлт цунами үүсгэсэн гэж аврагчид үзэж байна. Бас цунами галт уулыг дэлбэрэхэд хүргэсэн байж болох хувилбарыг ч тэд судалж буй гэнэ.
Зондын хоолой нь Ява болон Суматра арлыг зааглаж, Энэтхэгийн далайг Номхон далайн Ява тэнгистэй холбодог. Кракатау нь жижиг арлын галт уул аж. 1883 онд болсон галт уулын хүчтэй дэлбэрэлт арлын дийлэнх хэсгийг устгажээ.
Өнгөрсөн есдүгээр сард Сулавеси аралд газар хүчтэй хөдөлсний улмаас 2000 гаруй хүн амь эрсэдсэн билээ. Уг арал нь дэлхийд хэмжээгээрээ 11-т ордог, Их Зондын арлуудын бүрэлдэхүүнд багтдаг аж. Тэр үед Палу хот цунамид өртсөн юм. Тус улсын эрх баригчид аюулын сэрэмжлүүлгээ цуцалмагц л тус хотыг цунами нөмөрсөн билээ.
2004 оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн далайд газар хүчтэй хөдлөхөд Индонез зэрэг 14 улсад 228 мянга гаруй хүн амь эрсэдсэн юм. Индонезэд газар байнга хөдөлдөг. Кракатау нь Номхон далайн галт уулын бүсэд оршдог. Энэ бүсийн галт уулс идэвхтэй буюу хэзээ хэзээгүй оргилоход бэлэн, газар хөдлөх магадлал өндөртэй. Кракатау өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээс оргилж эхэлжээ.