Парисын уур амьсгалын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмыг Польшийн Катовиц хотод болсон олон улсын бага хуралд оролцсон НҮБ-ын гишүүн орнууд баталсныг уг үйл явдалд ажиглагчаар оролцсон Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангаас мэдээлжээ. “Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулах олон улсын төслүүд хэрэгжүүлэх боллоо. Улсууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг ойлгож, хамгийн эмзэг орнуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн” гэж уг мэдээлэлд дурдсан байна. Журамд зааснаар, уг баримт бичигт нэгдсэн орнууд хүлэмжийн хийг бууруулах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох аргынхаа тухай мэдээлэх, эдгээрт гаргасан зардлаа нийтлэх аж. Энэ бүхнийг гүйцэтгэх ямар нэг дүрэм байхгүй бөгөөд улс орнууд сайн дурын үндсэн дээр гаргаж өгөх гэнэ. Шинэ журмын дагуу Парисын хэлэлцээрт нэгдсэн орнууд 2024 онд багтаан эхний тайлангаа гаргаж, танилцуулах ёстой.
Парисын хэлэлцээр нь хүлэмжийн хийг бууруулах талаар улсууд хамтдаа гүйцэтгэх тогтвортой хөгжлийн механизм юм. Катовицэд улс орнууд хамтран ажиллахдаа удирдлага болох заавар буюу хоёр талын төслүүдийг хэрэгжүүлэх журам, болзол, арга зам, зах зээлийн бус хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хөтөлбөр боловсруулжээ.
Үүний сацуу Дэлхийн банк ирэх таван жилд уур амьсгалын зорилгод 200 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдэв. Мөн тус банк уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх төслүүдийг санхүүжүүлэх, тухайлбал, зээл олгож эхлэхээ зарлажээ. АНУ-ын байр суурийг үл харгалзан Япон болон Европын орнууд Ногоон уур амьсгалын санг цаашид санхүүжүүлэхээ Катовицэд мэдэгдсэн байна. Герман хийгээд Япон уг санд дөрвөн жилийн хугацаанд тус бүр 1.5 тэрбум ам.доллар шилжүүлэхээ мэдэгдсэнд Норвег, Франц, Финланд нэгдсэн нь 2020-2023 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулах баталгаа болжээ.
Парисын уур амьсгалын хэлэлцээр нь 2015 оны арванхоёрдугаар сард 194 орон гарын үсэг зурсан, дэлхийн уур амьсгалын талаарх анхны баримт бичиг бөгөөд дулаарлыг тогтоон барих үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Тодруулбал, 2100 он гэхэд манай гаргийн дундаж температурыг үйлдвэржихээс өмнөх (XVIII зууны дунд үе) үеийнхээс хоёроос илүү градусаар нэмэхгүй байх болзолтой. Гэхдээ уг төлөвлөгөөнд олборлодог түлшнээс татгалзах болон нүүрсхүчлийн хийг хязгаарлахаар заагаагүй ч оролцогч бүх тал ялгаруулдаг хорт хийгээ багасгах, шинэ технологи нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар арга хэмжээ авах ёстой аж.
Нөгөөтээгүүр, Парисын хэлэлцээрийг биелүүлэх талаар ямар ч үүрэг, тэр дундаа санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэдгээ АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдэгджээ. Энэ мэдэгдлээ Польшийн Катовиц хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын дараа хийсэн байна.